Төрсөн охиноо хүчиндэж дансанд нь байсан мөнгийг залилжээ
Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр өнгөрсөн хоёрдугаар сарын 11-ний өдөр иргэн Б-ийн гомдолтой Л.Мөнхбаярт холбогдох хэргийг хянажээ. Тус хэрэг нь Баянгол дүүргийн шүүхээр энэ оны гуравдугаар сард хэлэлцүүлэгдэж, ялтан Л.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 126.2.4, 126.2.5-д зааснаар зургаан жил хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил нэг сар хорих ялаар тус тус шийтгэсэн байна.
Энэ хэргийг нийслэлийн давах шатны шүүх хурал шүүн хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Харин ялтан Л.Мөнхбаяр нь дээрх шийдвэрийг эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд хандаад байгаа гэнэ. Тэрбээр өөрийн эрхшээлдээ байсан насанд хүрээгүй төрсөн охин Б-ийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж хурьцал үйлдсэн, Б-ийн ээж нь охины нэр дээр “Анод” банкинд хадгалуулсан, Солонгос улсаас бэлнээр ирүүлсэн 24.622.184 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Ингээд хэргийн мэдүүлгээс үзэхэд хохирогч Б “2005 оны цагаан сар болохоос хэд хоногийн өмнө Нарантунгалаг эгч /хохирогчийн төрсөн эгч/ бууз хийхээр явсны дараа аав миний төрсөн дүү болох Мөнх-Очийг компьютер тоглуулахаар гаргасан. Тэгээд намайг дуудаад “Аав нь охиноо онгон байна уу гэдгийг шалгана” гэсэн. Намайг дургүйцэхэд “Битгий маяглаад бай” гэж зандраад хүчирхийлсэн.
Үүнээс хойш байнга бэлгийн харьцаанд ордог болсон. Тухайн үед манай ээж, аав хоёр салж, ээж Солонгос руу ажиллахаар явсан байсан. Энэ үед аав гэрт ирж ийм үйлдэл хийдэг байсан. Түүнчлэн ээж надад Солонгосоос мөнгө явуулдгийг аав мэдсэн даруйдаа дүү бид хоёрыг дарамталж “Ээжийг чинь ирэхээс өмнө газраа зараад төлчихнө гээд ээжийн явуулсан мөнгийг хамтран эзэмшдэг болсон” гэсэн байна.
Харин охины ээж “Солонгост ажил хийж олсон мөнгөө охин Б-ийн нэр дээр банкаар шилжүүлдэг байсан. Тэгээд гэртээ ирээд охиноосоо мөнгөө асуутал М.Мөнхбаяр “Би авсан. Газраа зараад мөнгийг чинь өгнө” гэсэн. Охин минь айсан шинжтэй байхаар нь ярилцахад бүх үнэнийг хэлсэн. Тэгээд Мөнхбаярт чи охиноо хүчиндсэн байна, цагдаад очиж шалгуулна гэхэд доошоо хараад “Би та хоёрын нүүрийг яаж харахаа мэдэхгүй байна. Гэхдээ миний охин онгон байсан шүү гээд охиноо тэврээд “уучлаарай” гэж хэлээд гарсан.
Би охиндоо “Найман шарга” гэдэг каргогоор мөнгө явуулдаг байсан” гэж мэдүүлжээ. Үүнийг ялтан Л.Мөнхбаяр эсэргүүцэж байгаа бөгөөд тэр давж заалдах гомдолдоо “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би төрсөн охиноо хүчиндэхдээ тулсан арчаагүй, сэтгэцийн ямар нэг өвчтэй хүн биш.
Энэ талаар шүүх сэтгэцийн дүгнэлт гаргасан байгаа. Би энэ хэргийг хийгээгүй. Миний төрсөн охин аав намайг хүчиндсэн, зодож дарамталдаг байсан, жирэмслэлтийн эсрэг эм уулгаж байсан гэж мэдүүлсэнд гайхаж байна. Эхнэр бид хоёрыг салсныг ашиглаж охин маань ингэж байгаад гайхаж байна. Миний охинд энэ бүгдийг хэн нэгэн хэлж зааж өгсөн гэж бодож байна. Хэдэн бор төгрөгнөөс болж намайг ийм хэрэгт гүтгэж, миний нэр хүнд амьдралыг минь ийм байдалд оруулсанд маш их гомдолтой байна” гэжээ.
Д.Баатар
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: