Жинхэлдэггүй нам
Эрх баригч нам мөртлөө эрх бүхий албан тушаалтнуудаа жинхэлдэггүй нам нэг байна. Тэр нь АН. Сүүлийн үед тус намыг “Жинхэлдэггүй нам” ч гэж нэрлэдэг болж. Бас энэ байдлаараа ирэх сонгуульд хэрхэн оролцох нь олон хүнд сонирхолтой санагдаж байна. Тус намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр болон зарим дүүргийн намын дарга нар одоог хүртэл жинхлэгдээгүй явж байгаа нь АН-ыг ингэж нэрлэхэд хүргэв.
УИХ-ын дарга З.Энхболд намын даргын суудалд өнгөрсөн 11 дүгээр сарын дундуур өрсөлдөгчгүй заларсан. Засгийн газрыг огцруулах тал дээрх түүний хол харж, ойр гишгэсэн алхмаас эхлээд, намын дарга болсон нь ч улс төрөөс уур савсуулалгүй, гал авалцуулалгүй хийж чадсан ажил. Энэ нь тухай үедээ олон нийтэд гэнэтийн үйл явдал мэт харагдсан боловч яг үнэндээ эртнээс бэлтгэсэн бүр тодруулбал Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахаас өмнөх найруулсан жүжиг байсан юм.
Засгийн газрыг унагахад МАН биш АН гол дэмжлэг үзүүлсэн гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ энэ жүжгийн Ерөнхий найруулагч З.Энхболд байсан. Тэр эрээвэр, хураавар хүмүүсээс бүрдсэн “Шонхор” фракцаасаа гадна мэр, сэр жижиг бүлэглэлүүдийг чуулганы хуралдаанд санал өгүүлэлгүй байж байгаад Н.Алтанхуягийг унагасан.
Үүний дараа Алтангадаст Ерөнхий сайдын эрх мэдлийг үлдээх тохироотойгоор намын дарга болсон. Заалнаас ганцаараа гар өргөж нэрээ дэвшүүлсэн тэрбээр АН-ын амьсгал давчидсан сүүлийн хоёр улирлыг өөртөө хамгийн ашигтайгаар эргүүлж, фракцаа баздаг хүн болоод зогсохгүй, парламентийн дарга хэмээх уйтгартай суудлаа эзнийх шиг өндөрт тавив. Харин одоо бүх эрх мэдэл түүнд байна. Тэр эрх сонгуульд яаж оролцох вэ цаашлаад хэн, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгт чухал байр суурийг илэрхийлнэ. Өөрийн “Шонхор” фракцийг хүчтэй байлгах бүх арга хэмжээг авах нь тодорхой. Ингээд УИХ-д “Шонхор” фракц илүү олон суудал авбал Ерөнхий сайдаас эхлээд бүх эрх мэдэл тус фракцад ирнэ гэсэн үг.
Тийм ч учраас өөрийгөө жинхлэх тал дээр яаравчлахгүй байгаа биз. Нөгөөтэйгүүр З.Энхболдын амбиц бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Хэрвээ тэр АН дотроо нэр нөлөөтэй хэвээр байж чадвал Ерөнхийлөгчид нэр дэвших бол асуудалгүй. Тийм ч учраас тэр АН-ыг өөрсдийн хүнээр дүүргэхээр “бөөн хор” найруулж байгааг намынхан нь хэлж байна. Тухайлбал, Сонгинохайрхан, Дарханы АН л гэхэд хоёр хуваагдаад одоог хүртэл асуудлаа шийдэж чадахгүй алалцсаар байгаа юм.
Уг нь одоо АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж З.Энхболд болоод Л.Эрхэмбаярыг жинхлэх эсэх асуудлыг эцэслэн шийднэ. Гэхдээ ҮЗХ-ны хурал хэзээ болох нь тодоргүй байсаар байна. Хэрвээ тус хурал хойшилсоор байвал дээрх эрхмүүдэд л ашигтай.
ҮЗХ-г хуралдуулах хүртэл АН-ыг өөрсдийн хүнээр дүүргэх нь Л.Эрхэмбаяр болоод З.Энхболд нарт чухал. Харин тэр хүртэл АН дотор ямар сонин, содон үйл явдлууд болохыг хамтдаа харах л үлдлээ.
Т.Энхэлээ
24tsag.mn
URL: