Ийм шүүгчтэй байхад шударга ёс тогтох уу Ерөнхийлөгч өө

zaluu_54fe35adbf56e_1-Шүүгч С.Амардэлгэрээс болж Арбитрийн шүүхэд дуудагдах вий-

Монгол Улсын Засгийн газар захиргааны  хэргийн шүүх дээр Канад улсын “Хан Ресрус” компанийг удаа дараа ялж байв. Аргаа барсан канадчууд олон улсын Арбитрийн шүүхэд гомдол мэдүүлж монголчуудаас 100 сая ам.доллар авахаар болчихлоо. Үүн дээр гадны хуулийн фирмийн үнэ хөлс  8-9 сая ам.доллар нэмэгдээд явчихна. Манай эх орончид, хариуцлага алдсан албан тушаалтнууд “Арбитрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болно. Давж заалдана” гэх мэтээр  тархи угааж эхлэв.

Арбитрийн шүүхийн шийдвэр гарсан л бол манайхны хэнээс ч асуулгүй гадаадын банкинд хадгалсан хувьцаа, валютын данснаас  шууд авчихна. “Хан-Ресрус” компанид ялагдсан явдал Монгол Улсын Засгийн газар болон шүүх засаглалын үнэн нүүр царайг илчилж орхилоо гэхэд болно.Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газар, хотын захиргаа байнга ялдаг.Үнэн чанартаа бол албан тушаалтнууд өөрсдийн дуртай шийдвэрээ гаргуулахын тулд Захиргааны хэргийн шүүх гэгчийг байгуулсан мэт санагдана.

Монголын шүүх шударга л байсан бол  “Хан-Ресрус” компанитай учраа ололцох чигийг зааж Засгийн газрыг 100 сая ам.долларын өрөнд орохоос сэргийлж болох байв. Тэр компани тусгай зөвшөөрлөө л сэргээхийн тулд шүүхэд хандаж байлаа. “Хан-Ресрус” компанийн ялалт  Монголоос гадна хүн төрөлхтний хууль, олон улсын гэрээ конвенц байдаг гэдгийг сануулав. Мөн Монгол Улсад ирээд хулхидуулсан, модоо барьсан гадныханд итгэл найдвар авчирч байгаа юм.

Монгол Улс хуулийн дагуу  шударга тоглохгүй бол,  “Оюу толгой”, “Сентро гоулд” “Саусгоби сэндс” компанийн асуудлууд хүндрээд эхэлбэл Арбитрийн шүүх дээр л очино. Улс төр бизнесийн бүлэглэлүүд  гадаадын хөрөнгө оруулагч нарыг шүүх засаглалтайгаа нийлээд хөөж гаргасан явдлууд бий. Бүр шүүхийн шийдвэрээр хөөж гаргаад, хилээр оруулахгүй гэсэн хар тамга даруулчихаж байгаа юм.Ийнхүү шүүх засаглал томоохон хэргийн хамжигч болон оролцож байна.

Сүүлийн жилүүдэд шүүхийн шийдвэргүйгээр ямар ч маргаан, асуудал шийдэгдэхээ байсан.Өмнөх Засаг даргынхаа буруу гаргасан захирамжийг өөрчлөхийн оронд шүүхийн шийдвэр аваад ир гэх жишээтэй.Засгийн газар, хотын захиргаа, яамдын дэргэд олон орон тоотой хуулийн хэлтэс, тасгууд ажиллах боллоо.Тэд юу хийдэг бэ гэхээр Засгийн газрын буруу шийдвэрийг хамгаалах үүрэгтэй. “Шүүхийн шийдвэр манай талд гарсан ямар ч арга байхгүй” гэцгээнэ.Шүүхийн шийдвэрээр бусдын хөрөнгийг булааж болдог, луйвардаж болдог учраас тэнд хүнээ байршуулах гэж бөөн зодоон болдог болов.

Шүүхэд өөрийн хүнээ байршуулсан улс төр бизнесийн бүлэглэлүүд томоохон дээрэм тонуул хийж эхэлсэн гэдгийг дээр дооргүй бүгд л ярьж байна шүү.Гадаадын хөрөнгө оруулагч нарыг сайхан зүйл ярьж оруулж ирчихээд шүүх, цагдаа, прокурор, орчуулгын товчоо, нотариатч нартай нийлээд хохироож байна. Тухайлбал Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэрнь ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн эрх ашгийг уландаа гишгэн  улаан цайм буруу шийдвэр гаргасан байдаг. Хуулиа мэдсээр байж ийм алдаатай шийдвэр гаргаж байгааг захиалгатай, улс төр бизнесийн гар хөл  гэж ойлгоход хүргээд байгаа юм.

Шүүх нэг  гэрээн дээр  хүчинтэй, хүчингүй хоёр шийдвэр гаргаж толгой эргүүлэв

2008 онд ОХУ-ын иргэн К.Д.Романовский болон “Говь-Урал” компани  “Таван толгой” ХК-ийн 11600 (Одоогийн 1 023100) ширхэг хувьцаа болон үл хөдлөх  хөрөнгө, техник хэрэгсэл  барьцаалан Тээвэр, хөгжлийн банкнаас зээл авсан байдаг.  Коксжих нүүрс баяжуулах үйлдвэр барьж байсан ОХУ-ын иргэн К.Д.Романовскийэдийн засгийн хямрлаас болоод ажил нь зогсч банкны зээлээ төлөхөд хүндрэл үүсчээ. Тиймээс өөрийн эзэмшилд байдаг “Таван толгой” ХК-ийн хувьцаагаа зарахаар шийдэн  “Таван толгой транс”  ХХК-тай “Хувьцаа худалдах, худалдан авах  гэрээ” байгуулжээ. Гэрээнд заасны дагуу хувьцааны үнэ  болох 800 мянган ам.долларыг Тээвэр, хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн  юм билээ.

Барьцаалагч  банкны зүгээс “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г үл зөвшөөрч Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч гомдлыг хүлээн аваад   “Зээлийн барьцааны зүйл болох үнэт цаасыг барьцаалагчийн (банкны)зөвшөөрөлгүй бусдад худалдсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл”  гэж үзжээ. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн шүүхээс “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”  чинь хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж үзэв.

Хувьцаа худалдан авахаар 800 мянган ам.доллар шилжүүлсэн “Таван толгой транс” ХХК “Төлбөр хийгдсэн байхад хувьцаа шилжүүлсэнгүй, хүчин төгөлдөр гэрээг хууль бус гэж үзлээ”  хэмээн  гомдол гаргасан байна. Тэгээд банкны ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгүүлж, Монгол банкны томоохон шалгалт оруулсан байдаг.  Барьцаалагчийн зөвшөөрөлгүй байгууллагдсан гэх “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” бүх шатны шүүхээр орж “Төрөлхийн гажигтай, хууль зөрчсөн” хэлцэл болох нь Улсын дээд шүүхээр 2012 онд тогтоогджээ.

Мөнгөө төлбөл хүссэн шийдвэрийг чинь гаргаж өгнө

2011 оны гуравдугаар сарын 07-ны өдөр  талууд (Тээвэр, хөгжлийн банк, “Говь-Урал”, ОХУ-ын иргэн К.Д.Романовский)“Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах”  гэсэн  гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр “Говь-Урал” компани болон К.Д.Романовский “Таван толгой” ХК-ийн 10231 (1023100) ширхэг хувьцааг Тээвэр, хөгжлийн банкны өмчлөлд  шилжүүлэх, хувьцаа борлуулсны шимтгэлийг төлөх, зээлийн төлбөрөөс илүү гарсан хөрөнгийг Тээвэр, хөгжлийн банкнаас шаардах үүрэг хүлээжээ.

Мөн банкны тухайд зээлийн төлбөрт  10231 (1023100)  ширхэг хувьцааг өөрийн өмчлөлд  шилжүүлэн авах, хөрөнгийн  биржид захиалга өгөх, хувьцаа борлуулж илүү гарсан мөнгөн хөрөнгийг “Говь-Урал”  компанийн дансанд  шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн юм билээ. “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ” хүчин төгөлдөр болсон учраас зээлийн төлөлтийг банкны хүсэлтээр зогсоожээ.

Тодруулбал 2009 онд Тээвэр, хөгжлийн банкны зүгээс “Зээлийн төлбөрөө цаг тухайд нь Романовский болон  “Говь-Урал” компанитөлөхгүй байна” гэсэн гомдол Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан байдаг. Шүүхийн шийдвэрээр батлагдсан эвлэрлийн гэрээний дагуу  авсан нийт зээлийнхээ 70 орчим хувийг графикийн дагуу төлөөд явж байхад Тээвэр, хөгжлийн банкны зүгээс “Зээлийн төлөлтөө зогсоогоод манай барьцаанд байгаа хувьцаагаа зарж борлуулах эрхийг бидэнд өгчих. Хувьцааг чинь зараад танай бүх өрийг дараад ашигтай байх санал тавьж байна. Хууль хяналтын байгууллагаар 1-2 сарын дотор шийдүүлж чадна” гэж ятгасан. Удаан хэлэлцсний эцэст гурван талт гэрээг байгуулсан гэдгийг тодруулахад ийм байна.

Гэтэл Тээвэр, хөгжлийн банк “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ”-гээ биелүүлэхийн оронд “Таван толгой транс” ХХК-ийнхантай “эвцэл”-д орж Улсын дээд шүүхээр хүчин төгөлдөр бус гэж батлагдсан гурван жилийн өмнөх “Хувьцаа худалдах, худалдах гэрээ”-гээ амь оруулахаар шүүхэд хандсан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч С.Амардэлгэрээр  гурван жилийн өмнө  үгүй болсон  “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г   “Хүчин төгөлдөр” гэсэн шийдвэр гаргуулж чаджээ

Тээвэр, хөгжлийн банк, “Таван толгой транс” компанийн нөхдүүд  шүүх засаглалаар дуртай үедээ тоглож,  Улсын дээд шүүхээр  “Хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл” гэж шийдвэрлүүлэнанхан шатны шүүхээр  “Хүчин төгөлдөр” гэсэн шийдвэр гаргуулж чадаж байна. Дуртай үедээ шүүхийн шийдвэрийг өөрчилж чаддаг энэ их авьяасын цаана юу нуугдана бэ. Шүүхийн үүдэнд “Мөнгөө төлбөл хүссэн шийдвэрийг чинь 2-3 өдөр гаргаж өгнө” захиалга хүлээн авагч….. гэсэн зарлал байвал  гайхах зүйлгүй болжээ.

Шүүгчээс татгалзахын цаад учир юу байв

Нэхэмжлэгч талууд болох “Таван толгой транс”, “Монгол глобал”, Тээвэр, хөгжлийн банкны гомдол  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Болормаа дээр хувиарлагдан очсон байна. Шүүгч Т.Болормаа хавтаст хэрэгтэй танилцаад “Таван толгой” ХК-ийн 1 023100 ширхэг хувьцааны өмчлөгч нь  ОХУ-ын иргэн К.Д.Романовский болохыг анхаарсан байдаг. Хариуцагч буюу  ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзээд хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасангүй.

Шүүгч М.Болормаа  ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн тодорхойлолт гэдэг хуурамч баримт нотолгоог авч хэлэлцээгүй гэхэд болно. Ерөнхийдөө бол М.Болормаа шударга шийдвэр гаргах магадлалтай болоод ирэнгүүт нэхэмжлэгч   “Таван толгой транс”, “Монгол глобал”, Тээвэр, хөгжлийн банкны зүгээс шүүгч М.Болормаагаас татгалзах хүсэлт өгчээ. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар  нэхэмжлэгчийн хүсэлтийг даруй хүлээн авч 2014 оны гуравдугаар сарын 05-ны өдөр шийдвэр гаргажээ.

Ерөнхий шүүгч ямар үндэслэлээр  шүүгч М.Болормаагаас татгалгалзуулав,   ОХУ-ын иргэн К.Д.Романовский ямар садан төрөл, ашиг сонирхолын зөрчилтэй болохыг тайлбарлсангүй. Ингээд алдарт шүүгч С.Амардэлгэр дээр  5-6 жил шүүхээр явчихсан, хэд хэдэн хавтаст хэргийн материал очсон байна. Шүүгч С.Амардэлгэр хэргийн материалыг авангуутаа ажлын хоёр хоногийн дотор  нэхэмжлэгч талыг хүсэлтээр  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2044 шийдвэр   гэдгийг гаргажээ.  Монгол Улсын шүүхийн шүүгч нар хэргийг хоёр хоногт ганцаараа (ганц шүүгч захирамж гаргадаг) шийддэг чадвартай болчихсон хэрэг үү.

Өмчийн эзний эзгүйд хөрөнгийг нь булааж болох уу?

Ингээд шинэ хуучин гэрээ хэлцлүүд хүчин төгөлдөр бус болоод байтал Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч   С.Амардэлгэр хуурамч нотлох баримтаар буруу шийдвэр гаргалаа. Буруу шийдвэр гэж зоригтой хэлж  байгаагийн учир юу гэвээс  ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн гаргасан тодорхойлолт  худал хуурмагаар дүүрэн. Талууд шүүгч С.Амардэлгэрийн хэлний мэдлэггүй далимдуулан хуурамч баримт бүрдүүлж өгсөн билээ. Тэр хуурамч баримтаар хувьцааны эзэн К.Д.Романовскийг шүүх хуралд оруулсангүй, тайлбар ч өгүүлсэнгүй.Бусдын үнэ цэнэтэй, өмч хөрөнгийнх нь асуудлыг шийдэх гэж байж шүү дээ.

ОХУ-ын иргэн К.Д.Романовский таван жил сунжирсан шүүхийн маргаанд залхсан нэгэн.Тэрээр  2-3 сар болоод ОХУ-аас  Улаанбаатар   ирнэ гэдэг гэдэг  цаг хугацаа, санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан учраас шүүхэд ийм тодорхойлолт гаргаж өгчээ. Орос хэл дээр “Хэрэг маргаанд биечлэн оролцох боломжгүй, харин миний хууль ёсны эрхийг зөрчихгүй байх шаардлагатай” гэсэн аж.Өөрөөр хэлбэл Тээвэр, хөгжлийн банк, “Таван толгой транс” компанийн хоорондын маргаанд гэрчээр оролцохгүй гэсэн санаагаа бичсэн хэрэг л дээ.

М.Мөнхжаргал захиралтай “MIRA LINE” товчооноос  орос хэлнээс монгол хэл рүү хөрвүүлсэн гэсэн тамга тэмдэглэгээ хийгдсэн байж. Орос хэлнээс монгол хэл рүү орчуулахдаа “Миний эрх ашиг зөрчигдөхгүй” хэмээн монтажласан байна. Илэрхий худал орчуулгынхаа талаар М.Мөнхжаргал “Манай товчоо ийм алдаатай, буруу  зүйл орчуулаагүй. Тамга тэмдэгийг мааньашигласан байна” гэжээ.Тэгтэл тэр хуурамч тодорхойлолтыг нь нотариатч батлаад явуулахдаа “Оросоос монгол хэл рүү бус, харин эсрэгээрээ монгол хэлнээс орос руу хөрвүүлсэн орчуулга болохыг тэмдэглэжээ.Шүүгч С.Амардэлгэр  ийм хуурамч баримт дээр   түшиглэн  ОХУ-ын иргэн К.Д.Романовский хувьцааны маргаанд хамааралгүй гэж үзсэн бололтой.

Тэгээд хоёр хоногийн дотор Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч нарын захиалгын дагуу ажилласан харагдана.Шүүгч С.Амардэлгэрийн алдаатай шийдвэрээс болж ОХУ-ын иргэн К.Д.Романовский болон Говь-Урал компани 5-6 тэрбум төгрөгөөрөө хохирчихоод байгаа билээ. “Таван толгой” ХК-ийн ногдол ашиг болох 3,7тэрбум төгрөгөө авч чадсангүй. Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар ногдол ашгийн 3,7 тэрбум төгрөг ямар замаар явсаар  УИХ-ын гишүүн, “Тод манлай” уяач Д.Бат-Эрдэнийн данс руу орчихсон бэ гэдэг нь ойлгомжгүй.

Луйварчид шүүхээр шийдвэр гаргуулж, хэрэг угаадаг болов

2011 оны гуравдугаар сарын 07-ны өдөр хийсэн гэрээний дагуу талууд эвтэйхэн тохиролцож чадахгүй байна бэ. Хамгийн гол нь шүүх үнэн мөнийг олохын оронд хүчтэй, нөлөөтэй, эрх мэдэлтэй эрхмүүдэд үйлчилдэг. Нэг талд нь давуу байдал үүсгээд байгаа учраас хэрэг маргаан өнө удаан үргэлжилж байгаа юм. Уг нь бол хувьцаагаа зараад зээлээ төлөх, илүү гарсан хэдэн төгрөгөөрөө ажилчдынхаа цалинг тавих  сонирхол ОХУ-ын иргэн К.Д.Романовский болон Говь-Урал компанид бий. Мөн зээлээ төлүүлээд түр ч болтугай сэргээд авах сонирхол  Тээвэр, хөгжлийн банкинд байгаа болов уу гэж найдна. “Таван толгой транс” компанийн тухайд дээрх 1023 100 ширхэг хувьцааг авч хувьцаа эзэмшигчдийн дунд давуу байдалтай болох хүсэлтэй.

Талуудад ийм ашиг сонирхол байгаа хэдий ч нэг нь өөртөө давуу байдал үүсгэх, нэгийгээ болов жийж, олох ашгаа бага хуваах сонирхолын үүднээс шүүхээр буюу шүүгч С.Амардэлгэрээр “могой бариулаад” байх шиг санагдана. Хамгийн аймшигтай  нь улс төр бизнесийн бүлэглэлийн бүх луйвар булхай шүүх дээр явагдаж гэмт хэргүүд  угаагдан гарч  байна. Үүний тод жишээ бол монгол хэл мэдэхгүйдээ баларч өмч хөрөнгөө булаалгах дээрээ тулсан  ОХУ-ын иргэн К.Д.Романовский юм.  Аргаа барж амаа ангайсан тэрээр “Арбитрийн шүүхэд хандана” гэдгээ аль хэдийнэ илэрхийлээд эхэлсэн билээ.

Ийм шүүгчтэй байхад шударга ёс тогтох уу Ерөнхийлөгч өө

Зургаан жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Ц.Элбэгдорж  “Гэдийсэн авлигачдыг бөхийлгөж, бөхийсөн ардыг гэдийлгэнэ” гэж хэлэхэд   талбай дээр цугласан хүмүүсийн нүдэнд итгэл найдварын оч гялалзаж байсан юм.   Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгочихвол шударга ёс хаалгаар ороод ирэх юм шиг бодож байв.Нэг л өдөр Япон, Солонгос, Франц шиг шударга ёс дээр суурилсан нийгэмтэй болчих юм шиг санаж байлаа.Үнэндээ бол шударга ёс гэдэг үлгэрт л гардаг хий хоосон зүйл биш.Дэлхийн олон орны итгэл найдвар, хөгжлийн үндэс суурь болж байгаа билээ.

Харин бид 25 жилийн турш хаврын цас шиг хайлаад урсчихсан  шударга ёсыг бие биенээсээ хайлаа. Зарим нэг улс төрчид  “шударга ёс” биедээ тээж яваа мэт аашилж мань мэтийг мөн ч их хуурав шүү. Монголчууд бид   хэн нэгэн тээвэрлээд, ачаад ирэх юм шиг итгэл найдварын нүдээр хүлээдэг.Гэтэл цалингаа нэмүүлж аргадуулсан хууль хяналтын байгууллагын удирдлагууд “Бидний мөрөөдөл шударга ёс” гээд яриад сууж байх жишээтэй.Хүн төрөлхтний явдаг замаар алхахгүй болохоор улс орон яаж хөгжих бэ дээ.

Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд хөдөөний малчин Дондог хүртэл шударга ёсны тухай ярьж байна. Тэр тусмаа шүүх засаглал худал хуурмагийн хөрс суурь, үүсгэгч, хамжигч, хамтрагчболчихсон  учраас дээр дооргүй бухимдаад,  малын эрэлд шогшдог малчин хүртэл шударга ёсыг сураглаад байгаа хэрэг л дээ.  Нийгмээрээ, нийтээрээ тогтоох гэж оролдсон шударга ёсыг  ганц нэг шүүгч баллаж орхидгоос болоод Ц.Элбэгдоржийн нэр хүнд гадаад, дотоодод унаад байгаа хэрэг.

Маш энгийн, хэнд ч  ойлгомжтой хэрэг явдлууд Монголын шүүхийн эргэн тойронд өрнөж байна.   Гадны хөрөнгө оруулагч нар “Танай луйварчид шүүхтэй нийлээд дээрэмддэг” гэх болов. Хөрөнгө оруулагч нар дүрвэж, эдийн засаг хямарсан  асуудлын гол буруутан шүүх засаглал болж ирлээ.  Улс төр бизнесийн бүлэглэлүүд  өөрсдийн төлөөний хүнээ шүүхэд  шургуулж шударга бус шийдвэр гаргуулж байна ч гэх аж. Шүүхийн шинэчлэл, шилэн дансны хууль гараад шударга ёс бий болохгүй нь. Асуудлын гол нь шүүхтэй бус тэнд ажилладаг, мөнгө төлсөнд шийдвэр гаргадаг  шүүгч нарт байгаа юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих