Сонгуулийн тогтолцоо 100 хувь мажоритар уу, аль эсвэл пропорциональ уу

zaluu_54fcf55664b92_1УИХ-ын хаврын чуулганаар хамгийн их яригдах асуудал бол сонгуулийн тогтолцоо. Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-аар гарсан ажлын хэсэг боловсруулсан. Тэд уг төслөө оруулж ирэн хэлэлцүүлэх болов уу. Хуулийн төсөл боловсруулсан УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Сонгуулийн тогтолцооны хувьд намын бүлгүүд нэгдсэн байр сууринд хүрээгүй. Хоёр хувилбар яригдаж байгаа нь холимог тогтолцоо буюу 28:48, аль эсвэл 38:38 байх тухай юм” хэмээн ярьж байсан юм. Гэвч түүний ярьсан энэ хувилбар өөрчлөгдөж буй нь тодорхой болоод байна. Өөрөөр хэлбэл Монгол Ардын нам 100 хувь мажоритар тогтолцоог санал болгоод эхэллээ.

Тэгэхээр сонгуулийн тогтолцоо 100 хувь мажоритар байх уу, эсвэл одоогийн мөрдөж байгаагаар буюу 28:48 гэсэн хувилбараар явах уу гэдэг асуудал үүсэх нь. УИХ-ын 2012 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдаж, 28 хувь нь намын жагсаалтаар буюу сонгогчид нам сонгосон. Харин 48 хувь нь тойргоос буюу мажоритар системээр гарч ирсэн. Тойргоос, намын жагсаалтаар гэсэн нь сонгогчдын төдийгүй УИХ-ын гишүүдийг өөрсдийг нь талцуулж орхисон. Тухайлбал, тойргоос сонгогдсон гишүүд нь давуу эрх эдлэх гэж оролдсон явдал сонгуулийн дараагаар гарч байлаа. Бүр “хурууны шилнийхэн” гэж жагсаалтаар гарч ирсэн гишүүдийг нэрлэж ч байв. Харин энэ удаа сонгуулийн ямар тогтолцоо бидэнд хэрэгтэй вэ.

УИХ-ын 2016 оны сонгууль ямар дүрмээр явагдах вэ гэдгийг ирэх хаврын чуулганаар шийднэ. Ингэж шийдэхэд гол асуудлыг Ардын намынхан тавих нь тодорхой болоод байна. Ардчилсан намынхан засгаа унагааж, шинэ Засгийн газрыг байгуулахдаа УИХ-д суудалтай бүх нам, эвсэлтэй хамтарсан. Хамтрахад хамгийн хүндрэлтэй байсан нь мэдээж МАН. Тэд Засгийн газарт хамтарч орохдоо хэд хэдэн асуудлын талаар тохиролцсоны нэг нь сонгуулийн тогтолцоо аж. Сонгуулийн тогтолцоог 100 хувь мажоритар системийг дэмжихийг санал болгосон. Энэ ч утгаараа засагт хамтарсан гэрээний асуудлыг Ардын намынхан сөхөж тавих дуртай. Гэхдээ ирэх сонгууль дөхөх тусам нам, эвсэл бүр сонгуулийн систем дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж, асуудлыг гаргаж ирэх нь ойлгомжтой болов уу. Бүх нам сонгуульд хамтарч орохгүй нь тодорхой учир тэр шүү дээ.

УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө буюу 2011 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Нэлээд маргаж, мэтгэлцэж, зөвшилцсөний эцэст сонгуулийн пропорциональ системийг оруулж чадсан юм. Ардчилсан намынхны хувьд пропорциональ системээр явуулах нь зөв хувилбар гэдгийг мэдэрчихсэн. Харин энэ нь Ардын намынханд таалагдахгүй байгаа. Улс төрийн хоёр гол тоглогч дүрмээ тохирч чадахгүй гэдэг нь хуулийн төслийг хэлэлцэж эхлээгүй байхад л харагдаж байна. Иймд Сонгуулийн тухай хууль маргаан дагуулж, цаг хугацаа үрэх нь тодорхой. Гагцхүү Монгол Улсад 100 хувь мажоритар хэрэгтэй юу, пропорциональ систем чухал уу. Нэг үгээр хэлбэл, хүн сонгох уу, нам сонгох уу.

Ц.Гэрэл

zaluu.com


URL:

Нэр: Зочин Огноо: 9 March 2015

Аль ч намын санал энэ ард түмэнд хэрэггүйг ойлгоцгоо.МАНАН-гийнхан биднээр өөрсдөөр нь, үр хүүхдээр минь, төрөөгүй байгаа ирээдүй хойчийнхонгоор минь, халуун цус, бүлээн цусаа урсган олж авсан өвөг дээдсийн өвлөж үлдээсэн газар шороогоор минь тоглолоо.Бид та нарыг сонгохгүй…..Харин ард түмний төлөө амьсгалж чаддаг, ажиллаж чаддаг, амиа золиосолж чаддаг ядарсан ард түмний хөвгүүд охидуудаа хувиараа нь нэр дэвшүүлж сонгоно гэдгийг хатуу санацгаа.Ойлготугай….. Санатугай…Ичихгүй МАНАН-гийн та нар дахиад түгжилдээд, хувиараа нэр дэвшинэ гэж тэнэгтэв дээ…Ичиж, ард түмнийхээ өмнө 76 хоног гэмээ наминчлан сөгдөж мөргөвөл яасиин Эзэн Чингэсийн талбайг дээр….Бүх ард түмний нийтийн санал асуулгаар сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахыг хүсэгчид байвал өнөөдрөөс нэгдэцгээе Манайхаан….

Сэтгэгдэл бичих