Дундговьд Баяннамсрай бурхан шиг тахигдсан Б.Наранхүүгийн хөөрхөл хэзээ дуусах вэ?
Хийсэн зүйл нь хүний нүдэнд харагддаггүй ч олны дунд бэлтэй, зайтайгаараа гайхагддаг “Дүнжингарав“, “МонУран”, “Заль” зэргээр овоглоддог нэгэн эрийн тухай энд өгүүлье. Монголчуудын дундаас Олимпын аварга төрсөн сургаар хүн бүрт нэг тэрбум төгрөг өгөхөө амлан бүлт бүлт үсэрч, нэг хэсгийнх нь тархинд цус харвуулах дөхсөн мань эр жудаг муутай гэдэг нь алхам тутамд нь илэрдэг. Хөөрхий аваргуудын маань өмнөөс тэр их мөнгийг нь авчихсан юм шиг л баярлан хөөрч Монголд ийм спортоор хүндэлдэг сайхан хүмүүс байдаг л юм байна.
Улс төрд ч хаалга цөм өшиглөн орж ирнэ гээд Дундговийн засаг ноён, иргэдийн хурлынхныг унаажуулах төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ сумдуудаар эгээл баян хүний дүрд тоглон мөнгөөр бороо оруулан явдаг болж. Ээ мэдэхгүй Улсын Их Хурлыг энэ мэтийн том гарын залиалагчид орж болдог газар гэж андуурсан юм болов уу хөөрхийс.
Ямартай ч элдэв хор, будлианаар олсон мөнгөө ийн ямар ч найдваргүй зүгт цацсаар явна. Хэн нэгэн зүгээр шахуу мөнгө олж байвал өөр хэн нэг нь тийм хэмжээний мөнгө алдаж байдаг нь байгалийн жам. Тиймээс түүнд хулхидуулагчид нэгдээд хохирогчдын хороо байгуулан мань эрийг нарны эртэд хазаарлан номхотгох тийм эрлэгийн элч даруйхан гарч ирэхгүй бол мань эрд хулхидуулан гудамжинд гарагсдын тоо цаашид хэд хүрэх нь тодорхойгүй болжээ.
Улс тунхагласны баяр наадмын өмнөхөн нэгэн хурдан ажнайн наймаа хийгдэн хүрээнийхэн дундаа бөөн сенсааци үүсгээдэхжээ. Учир нь чамгүй хурдтай, автомашины наймаа хийдэг нэгэн эрийн Зээрд азаргыг Мон-Ураны Наранхүү гэгч эр мөнгө цохин авахаар улайран эзнийг нь хэдэн өдөр хоргоосон гэнэ. Эзэн ч тийм амар хурдан хүлгээсээ салчихаар эр биш учир мань эрд нүүр үзүүлсэнгүй нилээн зовоосон аж. Эхнэр нь ч гэсэн чамгүй морины хурдыг дээлдэг жинхэнэ монгол бүсгүй тул мөнгөөр бүх юмыг авчихыг боддог жудаггүй эрд нээх их нүүр үзүүлсэнгүй гэр рүү нь буцаажээ. Гэтэл Наранхүү өнөөх нүд унагаад байсан моринд “цоо шинэ Lexus-570, түүн дээр 500 сая төгрөг өгье” хэмээн үнэ хэлжээ. Салж өгөхгүй нойтон хамуунаас морио өгч байж л салахаа ойлгосон эзэд түүнд зөвшөөрчээ. Ингээд Улсын баяр наадмын өмнөхөн Монураны нэр дээр нэгэн хурдан азарга уралдахаар болсон нь энэ ажээ. Хурдан азарганы уралдаанд тасархай түрүүлэн явснаа унаач хүүхдийн туршлагагүйгээс болоод бага зэрэг хадууран хоёр аман хүзүүдлээ. Энэхүү хурдан ажнайг морь шинжээчид энгүй хурдтай сайхан ажнай байна гэж ам хуурайгүй магтаж байсан аж.
Манай эрхтэн дархтан, томчууд маань ийнхүү морин уралдааныг өндөр бооцоот тоглоом болгож ард түмнийхээ уламжлалыг шороонд холиод хаячихлаа. Урьд өмнө нь Пумагийн Баатархүүгийн Хонгор урьд нь өндөр үнэ хүрч байжээ. Наранхүүгээр ч тогтохгүй Ажнай Бат-эрдэнэ, Торгоны замын Гантөмөр, зэрэг хурдан хүлэг харахаараа орчлонг умартдаг эрчүүд олон байнаа.
Үнэхээр хурдан морио дээдэлдэг монгол ард түмний бахархал нь хурдан азарга гэх боловч хагас тэрбум төгрөгний үнэ хүрнэ гэдэг арай л хэтэрч буй хэрэг гэж хэлэх хүн олон байна.
URL: