Тавантолгойн шийдлээ хүлээсэн олон асуулт хариулт нэхэж байна

Засгийн газар, УИХ Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай зургаан жил маргаж мэтгэлцсэний эцэст сая нэг юм хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулсан. Тэгвэл үүнтэй адил Тавантолгойн асуудал улиг болж мэдэхээр байна.

Ийн хэлэхийн учир УИХ, Засгийн газрын гишүүд өөрт ашигтай ажлыг яаруулан байж шийдүүлчихээд ард түмэнд хамаатай хэсэгт төдийлөн ач холбогдол өгөхгүй гэлтэй найр наадам хэсэж явна. Үүний цаана Тавантолгойтой холбоотой, шийдлээ хүлээсэн олон асуудал үлджээ.

Өнгөрсөн хугацаанд эрхэм гишүүд Тавантолгойн ордоос иргэн бүрт 536 ширхэг хувьцаа тараах, стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулж урьдчилгаа төлбөр авахад ихээхэн хүч боломжоо зарцуулав. Өөрөөр хэлбэл, ард түмний өмнө сайхан харагдаж, тэдэнд амлалтаа биелүүлдэг түшээ, бас нам болж харагдахын тулд тэр.

Нэрлэсэн үнэ нь ямар байх, хэзээ үр шимээ өгөх, мөн хувьцааг иргэн бүрт үнэ төлбөргүй тараахаас үүдэлтэй аливаа эрсдэлийг тооцолгүйгээр “та бүхэн гэр бүлийнхээ гишүүдийн тоогоор тус бүр 536 ширхэг хувьцаа эзэмшээрэй. Хувьцаа бол эд баялгийн нэгэн чухал эх булаг” хэмээн зарлахдаа намын нэр хүндээ эхэнд тавьсан биз.

Түүнчлэн, төсвийн алдагдлаа нөхөх, амласан эх орны хишгээ тараах мөнгөгүй болж бараг л уйлчих шахаж байх үед ганц амин зуулга нь Тавантолгойн хөрөнгө оруулагч нараас татах урьдчилгаа төлбөр байсан. Сангийн яам “Эрдэнэс Тавантолгой”-гоос мөнгө нэхэж, цаадуул нь аргаа барахдаа бонд гаргах асуудлыг ч сөхөж байсан удаатай.

Гэвч Дэлхийн банкны шинжээчид өнөөгийн нөхцөл байдал гадаад болон дотоод зах зээлд аль алинд нь бонд гаргахад төдийлөн оновчтой бус хэмээсэн. Иймээс ганц найдвар тээсэн боломжоо ашиглаж Тавантолгойн хөрөнгө оруулагчийг тодруулж урьдчилгаа төлбөрөө аван 21 мянган төгрөгөө хүлээсэн иргэдийн амыг таглав.

Ямар ч байсан улстөрчид амлалтаа биелүүлж, сонгуульд голоо зогсоох боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн хамгийн их сэтгэлийг нь чилээж байсан зүйлүүд Тавантолгойгоор дамжин шийдлээ олов. Ийм ч учраас тэд сэтгэл амарсан гэлтэй найр наадам хэсч одсон. Тэгвэл одоо ард түмэнд ихээхэн хамаатай олон асуудал шийдлээ хүлээж байна.

Наад зах нь гэхэд Тавантолгойн эдийн засгийн тооцоо судалгаа, үндэслэл чухам хэрхэн гарч байгаа нь тодорхойгүй байна. Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах тендерт шалгарагсдын материал, ажлын хэсгээс боловсруулсан төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлээд байгаа. Уг төслийг ҮАБЗ хэлэлцэн санал зөвлөмжөө өгсний дараа Засгийн газар эцсийн байдлаар дахин боловсруулж УИХ-д оруулах учиртай. Харамсалтай нь ҮАБЗ-ийн ажлын хэсэг төсөл түүхий хэмээсэн.

Учир нь ҮАБЗ-ийн зөвлөмжийг тусгаагүй, УИХ-ын 37 дугаар тогтоолыг биелүүлээгүй зэргээр шүүмжлэх зүйл олон байгаа бололтой. Мөн эдийн засгийн тооцоо судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл учир дутагдалтай байгаа гэсэн. Товчхондоо, шал түүхий төсөл авчирчихаад “шахах” гэж зүтгэсэн бололтой.

Тэгвэл эндээс үүдэн Тавантолгойн төслийг ээлжит чуулганаар оруулах асуудал үлгэр болж мэдэх нь.
Гэтэл Тавантолгойн ордыг ашиглаж эхэлснээр Монголын уул уурхайн үйлдвэрлэл 2014 оноос огцом өснө хэмээн олон улсын судалгааны байгууллагууд дэлхийн уул уурхайн салбарынханд зарлачихсан байдаг. Энэ хэрээр зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн уул уурхайн салбарынхны дунд хүлээлт, төлөвлөлт бий болчихсон. Үүнээс гадна ирэх оны нэгдүгээр улиралд Тавантолгойн хувьцааг олон улсын бирж дээр арилжаална хэмээж байгаа.

Гэтэл мөн л амжих болов уу гэсэн эргэлзээ дагалдаж байна. Түүнчлэн, стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулахдаа шударга өнцөг барьж чадсан уу гэсэн асуудал мөн л маргаан дэгдээх бололтой. Япон, Солонгосын тал тендерийн дүн гарсан цагаас эхлэн гомдоллож, хоёр орны найрсаг харилцааны асуудал ч хөндөгдөж мэдэхээр байна.

Үүнээс гадна Хятадын тал яагаад 40 хувийг эзэмшив гэсэн асуултад хариулт өгөх хүн алга. Уг нь манай улс гурав дахь хөршид илүү найр тавих бодлого, төлөвлөгөөтэй байсан хэмээн ойлгогдож байв. Гэтэл Хятадын тал илт давуу болж, тэр хэрээр өмнө нь улиг болтлоо ярьж байсан үндэсний аюулгүй байдал, нэг улсаас хараат байхын бэрхшээл зэргийг биеэрээ амсах эрсдэлийг бий болгов.

Нөгөөтэйгүүр, хоёр хөршдөө энэ тэнцүү хандана гэсэн бодлого ч зөрчигдөж байх шиг. Хятад 40, Орос 18 хувь. Үүнийг хэн ч энэ тэнцүү ханджээ хэмээн үзэхгүй биз. Энэ мэтээр Тавантолгойг тойрсон шийдлээ хүлээсэн олон асуулт хөвөрсөөр байна. Гэтэл ганц иш татах мэдээ нь Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас гаргасан хагас хуудас мэдээлэл байх жишээтэй. Эрхэм гишүүд найр наадмаа өндөрлөж Тавантолгойн асуудалд нухацтай, хариуцлагатай хандахгүй бол болохгүй нь.

Та бүхэн Тавантолгой хэмээх алаагүй баавгайн арьсыг иргэн бүрт хувааж, хөрөнгө оруулагч нараас авсан урьдчилгаагаа тараан сонгуулийн “шоу” хийж, ард түмнээс “кок” үнэлгээ авах гэж мэрийлээ. Харин одоо Тавантолгойн ард түмэнд илүү хамаатай хэсэгт анхаарах цаг болжээ.

Г.Бат http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих