“Е-Газарчин” зөвшөөрөлгүй сургалт явуулж байжээ
“Газарчин” дээд сургуулийн салбар “Е-Газарчин” онлайн сургууль нь суралцагчдаа хохироож байгаа тухай гомдол ирсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч шалгалт хийжээ. Гэтэл “Е-Газарчин” сургааль хууль зөрчиж байсныг тогтоожээ.
Энэ тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагч “Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар иргэн боловсрол эзэмших албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэртэй байдаг. Гэтэл Е-Газарчин /онлайн/ сургууль нь 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн албан сургалтын хэлбэр бус, зайны сургалтаар зургаан мэргэжлээр бакалаврын сургалт явуулж байгаа нь Боловсролын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн байгаа юм” гэж ярилаа. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн БСШУЯ-нд тус сургуулийн үйл ажиллагааны талаар улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлэх аж.
Зайны сургалт нь бүх шатны сургалтын байгууллагын өдөр, орой, эчнээ, экстернат хэлбэрийн сургалтад бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэглэдэг боловсролын иж бүрэн тусгай технологи, арга, хэрэгсэл бөгөөд зайны сургалтаар дээд боловсрол эзэмшүүлдэггүй байна.
Харин “Газарчин” дээд сургууль болон “Е-Газарчин” онлайн зайны сургалтын захирлууд уг сургалтыг экстернат хэлбэрийн сургалт гэж тайлбарлаж байгаа ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас экстернат хэлбэрийн сургалт явуулах тусгай зөвшөөрөл аваагүй байжээ. Мөн Е-Газарчин /онлайн/ сургуулийн зайны сургалтад хамрагдсан суралцагсдын дийлэнх нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа иргэд байсан аж.
URL: