Хонь хулгайлвал арван жил шоронд, хүн хулгайлвал…

Гэтэл өнөө хүн хулгайлсан Б.Хурц нь хэдэн жилийн хойно Европ руу салгалж яваад баригдчихдаг байгаа. Н.Энхбаярын Засгийн газрын үед зарласан, С.Зоригийг алсан алуурчныг олж ирсэн хүнийг шагнах өндөр бооцоо 500 сая төгрөгийг хэн хэн хувааж авсан юм бол бүү мэд. Хонь хулгай хийж болохгүй, хонь хулгай хийвэл тэр дундаа бүлэглэн хулгай хийвэл арван жилийн ял авдаг.

Манай төр, засаг цагдаагийнхан нэг л юмыг ерөөсөө мэддэггүй юм. Тэр мэддэггүй юм нь юу вэ гэвэл хүн хулгай хийж болдоггүй, төр нь төрийн цагдаа нь зээр буудаж байгаа юм шиг (долдугаар сарын 1-нийг санаж байгаа бол Г.Д) жагссан иргэнээ онилж байгаад буудан хороож болдоггүй гэдгийг мэддэггүй юм. Айлын хониноос хонь хулгай хийж болохгүй. Хэрвээ хулгай хийвэл хэнийг ч шийтгэнэ. Бүлэглэн зохион байгуулалттай мал хулгай хийсэн бол арван жилээр шоронд суулгана гэдгийг сайн мэддэг. Тиймээс ч Монголын бүх ялтнуудын 50 хувь нь малын хулгайчууд байдаг. Хүн хулгай хийвэл мал хулгай хийснээс илүү хүнд гэмт хэрэг гэдгийг л ерөөсөө төр, засгийн томчууд нь ч, цагдаагийнхан ч, ард иргэд ч мэддэггүйн олон жишээ бий. 2000 оноос арай өмнөхөн бүх хүн наймаанд явдаг байлаа. Манай цагдаагийн офицерууд Орос руу наймаанд явах далимаар зам зуур ОХУ-ын Улаан-Үд хот хавьд ажиллаж, яваа хулгайч нараа буцах замдаа гавлаад л ирдэг байлаа.

Төв аймгийн харьяат “Эмээлийн Батаа” тэргүүтэй хүнд гаруудыг ОХУ-аас баривчилж вагонд ачиж ирээд л хүн хулгайлснаа гайхуулж телевизээр сүр болгон үзүүлж байсныг уншигчид санаж байгаа байх. Манай хүчний байгууллагууд хонь юмуу, бараа хулгай хийж байгаа биш хүн хулгайлахад яадаг юм гэж мөн ч их даварсан даа.

Хаа холын Америкаас хүртэл Алдар хэн билээ дээ, нэг сайн эрийг цагдаагийнхан далай давуулан хулгайлаад авчирсан л дуулдсан. Ер нь манай цагдаагийнхны гадаад томилолт бол тэр үед “хүн хулгайлах” байсан гэдэг. Хятад улс руу визгүй зорчдог болохоор Эрээн, Хөх хотод бол замаа алдсан. Эрээнд гардуулсан хулгайч нараараа гахай (бараа) үүрүүлчихээд ачигч хийлгээд явж болдог л байв. Тэр үед цаг сайхан байж дээ. Хүн хулгай хийж болдоггүй. Хүн хулгай хийвэл цаад улс орныхоо хуулийг зөрчсөн бас доромжилсон болж бөөн гэмт хэрэгт ордог гэдгийг мэддэггүй л байж дээ.

Олон хавар нэгэндээ гэгчээр 2003 онд Д.Энхбат гэгчийг Европоос хулгай хийж авчраад зодож зовоож байгаад алчихсан нь баригдаж одоо дэлхий даяар сүйд болж байна. Манай төрийн дээдсүүд нь одоо ч учраа олохгүй хэвээрээ хулгай хийсэн тэр үед эрх дархтай байсан бүлэг хүмүүсийг өмөөрөөд л өмгөөлөөд л жигтэйхэн. Монгол Улсын Эрүүгийн хуулинд хүн хулгай хийвэл тэдэн жилээр хорьж шийтгэнэ, зохион байгуулалттай бүлэглэн хулгай хийвэл бүүр хүнд ялтай гэсэн зүйл анги байдаггүй гэнэ.

Уг нь Д.Энхбатыг Европоос хулгай хийсэн гэмт хэрэг их тодорхой юм шиг ээ. 2004 оны сонгууль ойртож байв. Н.Энхбаяр нам төрийг тэргүүлэн ид мандаж, санасан сарвайсан бүхнийгээ амжуулж хийж чадаж явсан үе. Ерөнхий сайдын багын найз (шанага Ганболд) цагдааг хааш нь л бол хааш нь хөдөлгөж байв.

Хууль зүй, дотоод хэргийн яамыг Ц.Нямдорж толгойлж (М.Энхсайханыг уу гэж ид шүд зууна). Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Тагнуулын ерөнхий газрын дарга Батсайхан нар байлаа. Н.Энхбаяр Ардчилсан намыг сонгуульд нам цохих хуучин мэхээ дахин хийсэн. С.Зоригийг алсан алуурчныг илрүүлнэ гэдэг нь Ардчилсан намыг ялж байсан хуучин, гэхдээ дархан мэх байлаа. С.Зоригийн хэргийг илрүүлсэн хүнд 500 сая төгрөг өгнө гэж Засгийн газар өндөр бооцоо зарлав. Ийм өндөр бооцоонд шунахгүй тагнуул, цагдаа, гэж байх уу. Тэгээд л “С.Зоригийг алсан хүнийг олж ирнэ” гэж гадаад томилолт, дипломат паспорттой мордоцгоолоо. Гадаадад дүрвэсэн Бат гэдэг үг орсон нэртэй хүнийг хулгайлж ирээд л балбаж нүдэж байгаад Ардчилсан намын дарга М.Энхсайхан нар захиалж С.Зоригийг алуулсан л гээд хэлүүлчихвэл 500 саяыг халааслана гэсэн үг.

Тагнуул цагдаа дипломат албаныхан бүүр МИАТ бүгд нийлж элбэж дэвсэж байгаад Д.Энхбатыг үнэхээр гайхамшигтай хулгайлж авчирсан. Тагнуул, цагдаа ч яахав тушаалаар ажилладаг хүмүүс хулгайлаад ир гэвэл хулгайлж л таараа. Харин дипломат албаныхан Герман, Бельгид суугаа элчин сайд дипломат албаныхан иргэнээ хулгай хийхэд оролцож болохгүй харин харьд яваа иргэдийгээ харж хамгаалж явах ёстой гэдгийг хүртэл мэддэггүй байсан юм болов уу даа.

Д.Энхбатыг хулгайлахад дипломатууд оролцдог нь ч юучивдээ. Д.Энхбатыг хулгайлан авч ирээд эрүүдэн шүүж (С.Зоригийг алсан хүнийг яг илрүүлдэг дээрээ тулсан) эхэлсэн. Тэгсэн чинь Л.Санжаасүрэн гэдэг нэг гайтай өмгөөлөгч гарч ирээд хамаг ажлыг нь нураасан. Тэрээр Монголын төр, хууль, хүчний байгууллага хүн хулгайлж авчирсан. Эрүүдэн шүүсэн, хүний эрх гэж байдаг, олон улсын гэрээ, конвенци зөрчсөн эд нар гэж дэмий юм ярьж байгаад хамаг ажлыг анх задалчихсанаар барахгүй ийм юм хийж өмгөөлснийхөө төлөө өөрөө ял авч арай л буудуулчихалгүй өнгөрсөн юм.

Гэтэл өнөө хүн хулгайлсан Б.Хурц нь хэдэн жилийн хойно Европ руу салгалж яваад баригдчихдаг байгаа. Н.Энхбаярын Засгийн газрын үед зарласан, С.Зоригийг алсан алуурчныг олж ирсэн хүнийг шагнах өндөр бооцоо 500 сая төгрөгийг хэн хэн хувааж авсан юм бол бүү мэд. Хонь хулгай хийж болохгүй, хонь хулгай хийвэл тэр дундаа бүлэглэн хулгай хийвэл арван жилийн ял авдаг. Ийм заалт эрүүгийн хуулинд бий. Малын хулгайч нарт хамгийн мундаг үйлчилдэг хуулийн заалт энэ. Бүлэглэн зохион байгуулалттайгаар хүн хулгай хийж, хулгай хийсэн хүнээ эрүүдэн шүүж, тарчлааж байгаад алж болохгүй. Хэрвээ хүн хулгайлаад баригдвал тэгж шийтгэнэ гэсэн хуулийн заалт эрүүгийн байцаан шийтгэх хуулинд байдаггүй гэж эрдэмтэн, хуульч нар тайлбарлаж байна.

Үнэн бололтой. Хэрвээ ийм хууль байдаг бол ял эдлэх гэмт хэрэгтнүүд нь ил байгаа юм биш үү. Хонийг бол ядарсан зүдэрсэн хоолтой, хоолгүй бага гарынхан хулгайлдаг юм. Харин хүнийг бол том гарынхан хулгайлчихдаг байна. Тэгэхээр тэд хэзээ ч шийтгэгддэггүй. Манай хууль нэг иймэрхүү. Харин ардчилсан төртэй дэлхийн олон оронд хүн хулгай хийж эрүү шүүлт тулган алж, талж болдоггүй гэнэ. Бас төрийн цагдаа нь иргэн руугаа буудаж амь насыг нь егүүтгэж болдоггүй гэнэ шүү.

Г.Дашрэнцэн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих