С.Оюун ахынхаа хэргийг шалгуулах гэсний учир юу вэ

simukov_3

Ардчиллын түүхийн анхны шанг таталцсан улстөр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амь үрэгдээд чамгүй олон жил болсон ч мартагдах гэж үгүй аж. Гэхдээ УИХ-ын ээлжит сонгууль буюу аливаа нэг улстөрийн томоохон шийдвэрүүдийн өмнө С.Зоригийн тухай заавал дурсагдах нь цаанаа ямархан учир шалтгаантайг төвөггүйхэн илтгэж байгаа хэрэг. Тэр тусмаа ардчилагчдын дунд ямар нэгэн томоохон шийдвэр гарах болоход С.Зоригийн аллагын тухай хэвлэл мэдээллээр ёс юм шиг цацагддаг. Тэгэхээр энэ хэргийн гогцоо ч хаана байгааг гадарлаж болохоор. Жишээлбэл, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр, мөн АН-ын фракцууд дундын албан тушаал хуваарилалт үеэр хэвлэлээр энэ тухай заавал цацагдана. Үүнийг сэтгүүлчид санаан зоргоороо бичдэг ч юм биш. Яах аргагүй улстөрчдийн захиалга гэдгийг хэн нэгнээр хэлүүлэх гээд яахав.

Тэгвэл саяхан УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хуралдаж, тус хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Оюун өөрийн төрсөн ах С.Зоригийн алагдсан хэргийг дахин шалгуулах хүсэлтээ ирүүлсэн талаар мэдэгдсэн байна. Тэрээр “Тусгай хяналтын дэд хорооны гишүүний хувьд би өөрөө энэ хэргийг хяналтдаа авч, дэмжлэг үзүүлээч гэсэн. Тус дэд хороог Г.Батхүү гишүүн удирддаг. Анхааралдаа авсан гэж ойлгож байгаа. Тусгай хяналтын дэд хороо нууцлалын асуудлыг хэлэлцдэг учраас энэ талаарх хүсэлтээ тавьж болно” гэжээ. Тусгай хяналтын дэд хороо нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагддаг гэдгийг ч уншигч та сайн мэдэж буй.

Тэгэхээр С.Оюун гишүүн чухам яагаад ахынхаа хэргийг дахин шалгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлэв ээ гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татаж таарна. Түүнд ямар нэгэн таамаг,  сэжүүр байгаа болоод л энэ хэргийг ахин шалгах тухай мэдүүлсэн хэрэг гэж ойлгогдохоос өөр арга алга.

Нөгөө талаар улстөрийнх нь нөхцөл байдал, С.Зоригийн хэрэг чухам ямар үед сөхөгддөг зэргээс харвал ИЗНН-ын бүгд хурал болох гэж байгаа. Нэгэн цагт АН-ын саналыг хуваах зорилгоор байгуулагдаж байсан ИЗН-ыг үүссэн цагаас нь хойш С.Оюун удирдаж ирсэн. Тиймээс энэ удаад хуралдаж даргын суудлаас эхлээд олон зүйл ярих гэж байгаа нь цаанаа чухам улстөрийн ямар агуулга байгааг хараахан таамаглах аргагүй. Магадгүй, улстөрийн аль нэг томоохон хүчний шахалт ч байхыг үгүйсгэх арга алга. Тэгэхээр нэр нөлөөгөө хадгалж үлдэх гэсэн С.Оюун аанай л ахынхаа хэргийг ахин шалгах тухайгаар улстөрийн ажиллагаа эхлүүлж байгаа юм биш биз гэсэн хардлага хэнд ч төрж таарна. Яагаад гэхээр тэрээр өнгөрөгч хугацаанд огт энэ тухай дуугараагүй байж гэнэт анхаарал хандуулахаа мэдэгдэнэ гэдэг хэн нэгэнд өгсөн дохио мэт.

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих