“Торгоны зам” тэмээн баримлын цогцолбор барьж байна
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн 5 тэмээ цувран алхаж яваа орон зайн баримлын цогцолбор барьж байна.
Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь 350, урт нь 520, өргөн нь 260 см хэмжээтэй байх юм. Баримлын эхний тэмээ баригдсан бөгөөд үлдсэн 4 тэмээг энэ ондоо багтаан урлаж, элсэн манхан бүхий орчин үүсгэж хөвөөгөөр нь цэцэг тарин, гэрэлтүүлэг хийж, сандал сүүдрэвч байрлуулж иж бүрэн тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.
Жингийн цуваанд яваа тэмээдийг өөр өөрийн онцлог бүхий хөдөлгөөнөөр алхаж байгаагаар дүрслэх бөгөөд уран барималч Ё.Далх-Очир урлаж байгаа юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Монголын дүрслэх урлагийн холбоо хамтран өнгөрсөн онд “Улаанбаатар уран баримал” наадам зохион байгуулах үеэр уг саналыг уран бүтээлч гаргаж, нийслэлийн удирдлагууд дэмжсэнээр энэхүү барималыг барьж байна гэж Нийлэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: