Үндэслэл муутай нотолгоо дэлхийн шившиг болгох вий
“Саусгоби сэндс” компанийн гурван хүнийг гурван жил гаруй шалган 35 тэрбумын татвараас зайлсхийсэн гэх хэргээр буруутгаж, Монголын шүүхээс таван жил 10 сарын хорих ял оноосон. Ямартай ч Монголын шүүхээс хорих ял сонссон “Саусгоби сэндс”-ийн гурван ажилтанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт үзүүлсэн. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдад таатай мэдээ болно хэмээн үзэж буйгаа Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудастаа тэмдэглэсэн байв.
Эхлээд мөнгө угаасан, авлига өгсөн гэх тус компанийн асуудал нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүйгээр барахгүй эцэст нь их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх хэрэг үүсгэж, шүүхээр шийдвэрлэсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгах мессеж болон хүрсэн юм. Тиймээс Ц.Элбэгдорж эх орноо муучлуулах уу, өөрийгөө муулуулах уу гэдэг салаа замын уулзварын “өөрийгөө” гэдгийг сонгосон нь энэ аж. Гэхдээ тус компанийнхан одоог хүртэл Монголын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тиймээс тэд өөрсдийн хэрэг дээр ажилласан шинжээчдийг дүгнэлт гаргахдаа бусад борлуулалтын орлогыг тайланд дутуу тусгасан гэсэн байна. Тус компанийн 683.2 сая төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан хэмээн шинжээчид дүгнэсэн байна. Үүнийг үндэслэлгүй дүгнэлт гаргасан хэмээн “Саусгоби сэндс”-ийнхэн үзжээ. Учир нь 371.6 сая төгрөгийг тус компанийн 2009 оны дөрөвдүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ААНОАТ) тайлангийн “албан татвар ногдох бусад орлого”-д оруулан тайлагнасан байдаг аж. Үүнийг шинжээчид шалгаж үзээгүй хэмээн тэд хэлж байгаа юм. Мөн 311.6 сая төгрөг нь тайлагнасан орлого бөгөөд шинжээчид компаниас гаргасан тайлбар, нотлох баримтыг үл ойшоож буйг ч тэд хэлсээр байна.
Бас нэгэн өөрсдийгөө өмгөөлөх шалтгаан бий. Тодруулбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) худалдан авагчаас авахаар тооцон авлагад бүртгэсэн боловч тайланд орлогоор аваагүй. Тухайлбал, “Саусгоби сэндс”-ийн байгуулсан нүүрс борлуулах гэрээнд дээрх төлбөрийг худалдан авагч хариуцна гэсэн заалт байхгүй. Гэтэл шинжээчид компанийн авлагыг 19 тэрбум 900 сая 987 мянга 300 төгрөг хэмээн тооцжээ. Ийм мөнгөн дүнтэй авлага байхгүй гэдгийг тус компанийнхан нотолж байгаа юм. АМНАТ-ийг худалдан авагчаас авна гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, Татварын ерөнхий хуулийн 12.1-ийг тус тус зөрчих тул шинжээчдийн дүгнэлт үндэслэлгүй болсныг “Саусгоби Сэндс”-ийнхэн онцоллоо.
Мөн шинжээчид 311.6 сая төгрөгийн НӨАТ-ыг дутуу тайлагнасан хэмээн үзсэнийг Монголын шүүх үндэслэл болгосон байна. Гэтэл шинжээчдийн энэ дүгнэлт асуудалтай байсныг тоо, баримт нотолжээ. Өөрөөр хэлбэл, 20.8 сая төгрөгийг ам.доллараар бичсэн НӨАТ-ын падааныг худалдагч, худалдан авагч хоёр тал өөр өөр ханш ашиглаж тайлагнасныг зөрчил гэж үзсэн байдаг. Түүнээс гадна 290.8 cая төгрөгийн хувьд шинжээчид хөндлөнгийн мэдээллээр нотлогдсон гэдэг боловч одоог хүртэл нотлох баримтаа үзүүлээгүй аж. Тиймээс компанийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлжээ.
Ийнхүү татварт төлөх ёстой 35 тэрбум төгрөгийн 32.9 тэрбум нь акталж устгасан хөрөнгө болон мөнгөн хандив аж. Учир нь Монгол Улсын НӨАТ-ын тухай хуулиар акталж устгасан хөрөнгөд мөн мөнгөн хандивт татвар ногдуулдаггүй. Харин үүнийг шинжээчид шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 34.6 тэрбум төгрөгийн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн бараа, ажил үйлчилгээ гэдгийг нь шинжээчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Яагаад гэвэл, ашиглах боломжгүй болсноос үүдэн данснаас хасч акталсан үндсэн хөрөнгө -32.9 тэрбум төгрөг болж буй ажээ. Үүнд, шатсан экскаватор, ашиглах боломжгүй болсон дугуй зэрэг хөрөнгө бий бөгөөд орон нутгийн иргэд, байгууллагад өгч, тусалж дэмжсэн хандив, тусламжийн мөнгөн дүн нь 1.5 тэрбум төгрөг болж байгаа юм байна.
“Саусгоби сэндс” компанийн толгой компаниас санхүүжилт хийсэн 693.9 сая ам.долларын ханшийн зөрүүний алдагдал болох 83 тэрбум төгрөгийг нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайландаа тусгасныг хуурамчаар өглөг өсгөсөн гэж шинжээчид үзсэн байна. Харин тус компанийн зүгээс илэрхий алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж буйгаа хэлж байгаа юм.
Мөн толгой компани нь “Саусгоби сэндс”-ийн өмнөөс төлсөн цалин, даатгалын төлбөрийг өглөгт бүртгэснийг хуурамчаар өглөг үүсгэсэн гэж буруу дүгнэсэн нь Иргэний хуулийн үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдийн өмнөөс хангаж өглөг, авлагын харилцаа үүсдэг бизнесийн энгийн харилцааг үгүйсгэсэн ташаа дүгнэлт болсныг компанийн зүгээс онцолж байна.
Энэ мэтчилэнгээр шинжээчдийн үндэслэл муутай дүгнэлтүүдийг прокурор, шүүх үндэслэл болгосныг “Саусгоби сэндс” эсэргүүцэж байна. Зөв бурууг ялгаж салгахдаа ядаж л үндэслэл муутай дүгнэлтээ эргээд харчихдаг байх хэрэгтэй хэмээн зарим мэргэжилтнүүд хэлж байлаа. Ийнхүү буруу дүгнэлтээр ялласан болохоор Ерөнхийлөгч эх орноо муучлуулахгүй гэсэндээ уучлал үзүүлсэн нь энэ бололтой. Иймэрхүү үндэслэл муутай нотолгоо биднийг дэлхийн шившиг болгох вий гэсэн болгоомжлол бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хэрэг хуучирдаггүй гэж