ТҮК-иудыг татан буулгая
Сая гаруй хүн амтай хотын хог хаягдлын тээвэрлэлт тулгамдсан асуудал болсон хэвээр. Энэ асуудалд дэвшил гаргахаар 2007 онд ТҮК-иудыг менежментийн хувьчлалд хамруулсан билээ. Гэвч удалгүй ТҮК-ийг хувьчилж авсан нөхдүүд мөнгө идсэн хэрэгт холбогдож, хогоо тээвэрлэхгүй байна гэх иргэдийн шүүмжлэлд өртсөөр өнөөг хүрэв.
Тухайн үед ТҮК-ийг хувьчилж авахдаа захирлууд нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай үр дүнгийн гэр байгуулсан аж. Эдгээр компани нэгэнт 100 хувь хувьчлагдсан тул улс өөрөө дэргэдээ Хог хаягдлын үйлчилгээний сан байгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байдаг. Нийслэлийн өмчийн харилцааны газартай хийсэн гэрээ ёсоор ТҮК-иуд улсын төсвөөс авдаг мөнгийг жил тутам арван хувиар бууруулах ёстой. Мөн хог тээвэрлэлтийн парк шинэчлэлтийг жилд 4-5 машинаар шинэчилнэ гэж заасан байдаг ажээ.
Гэтэл эдүгээ энэ үүргээ биелүүлсэн ТҮК алга. Үүний баталгаа нь нийслэл хогондоо дарагдсан хэвээр, мөн хороо, хэсгүүдэд хог хаягдал тээвэрлэх машин олддоггүйн зовлон байсаар байгаа явдал юм. Уг нь ТҮК-иудад Япон Улсын зээл, тусламжаар орж ирсэн хог тээвэрлэх машин техник цөөнгүй байх учиртай. Түүнчлэн нийслэлийн Захирагчийн ажлын алба дүүргүүдийн ТҮК-тай хийсэн гэрээний хэрэгжилт, ажлын явцтай өнгөрсөн хоёрдугаар сард танилцахад ТҮК-иуд парк шинэчлэлт хийгээгүй. Мөн тайлан тооцоогоо хугацаанд нь гаргаагүй зэрэг дутагдал илэрсэн удаатай.
ТҮК-иуд нийслэлийн айл өрхүүдийн хог хаягдлыг хугацаандаа ирж тээвэрлэдэггүй. Хоёр гурван cap болж байж нэг ирэхээрээ хог ачсаны мөнгийг хог тээвэрлэлтэд бус ТҮК-иуд өөрсдөө авдаг. Тэгсэн атлаа тухайн дүүрэг, хороо, хэсэг хог хаягдлаа ачаагүйн бурууг хорооны Засаг дарга үүрдэг байх жишээтэй. Энэ жишгээр ТҮК-иуд өнөөдөр ажлаа явуулж байна. Ингэж ажил хийлгэж байхаар ТҮК-иудыг татан буулгая.
Хог хаягдал тээвэрлэж буй хүмүүсийн мөнгө гар дээр нь шууд очвол нийслэл маань тун удахгүй цэмцийх боломжтой. Хотоор нэг холхидог жижиг ачааны машинтай иргэд “Биднийг зөв зохион байгуулж дайчилж чадвал хот хоггүй байх боломжтой” хэмээдэг юм билээ. Энэ үнэний ортой үг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хороо бүрийг хогийн машинтай болгоё гэсэн санаа. Хороо бүрийг хогийн машинтай болгож, үр дүнг нь түргэн үзье гэвэл юуны түрүүнд хороод хилийн цэсний маргаангүй байх учиртай.
Хэрэв хороо бүр хогийн машинтай болж, дээрээс нь хорооны хилийн цэст маргаан будлиан гарахгүй бол энд тэндхийн суваг, далан шуудуугаар дүүрчихдэг талтай. Уг санаа Хөвсгөл аймгийн нэгэн суманд хэдийнэ ажил хэрэг болж үр дүнгээ өгч эхэлсэн сураг байна. Тус аймгийн нэгэн сум хог хаягдал тээвэрлэх ажлыг морин тэрэгтэй нэг иргэнд даатгасан аж. Өнөөх иргэн хог хаягдал тээвэрлэх ажлаа бие даан гүйцэтгэж, олсон мөнгөө хуримтлуулсаар удалгүй морин тэргээ ачааны машинаар сольж уг сумын хог тээвэрлэлтийн асуудал нэг мөр шийдэгджээ.
Гэтэл эдүгээ ТҮК-иуд ямар ч өрсөлдөгчгүйгээр ихээхэн мөнгө олохын төлөө ажлаа дутуу дулимаг хийн улайрдаг гэхэд хилсдэхгүй. ТҮК-иудад үүр шөнөөр ажилдаа гарч үдшийн бүрий тасарсан хойно амсхийх нийслэлийн зам талбайн цэвэрлэгч буюу шар хантаазтанууд гэх нэргүй зарц нар зүтгэдэг. Нийслэлд нийт 270 гаруй үйлчлэгч ажилладаг бөгөөд нэг үйлчлэгч өдөрт 7000-13000 метр квадрат талбайгаас 100-150 кг хог хаягдал цэвэрлэдэг тооцоо бий. Нохойд барьдаг мод гэдэг шиг тэд өвөл дөмөгхөн ажлын багажгүй нүцгэн гараараа шахам цас, мөс нүддэг. Харин зуны улиралд байгаа ганц эд хогшил болох шүүрээрээ тоос манарган гудамж талбайгаа цэвэрлэж харагддаг.
Нийслэлд ногоон байгууламж ховор дээрээс нь зам талбайгаа цэвэрлэж байгаа нь энэ хэмээн хүмүүсийг ид ажилдаа гарах үеэр нь тоос бужигнуулчихдаг. Энэхүү цэвэрлэгээ бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй нь лав. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар хотын төвийн тоосжилт 3-6 дахин, гэр хороололд 7-14 дахин их байгаа гэх судалгаа гарсан билээ. Агаар дахь тоосжилтыг шороон зам, сул шороотой газар, цахилгаан станцуудын үнс нурам зэрэг олон хүчин зүйл бүрдүүлдэг аж.
Уг нь бид XXI зууны нийслэлийн оршин суугчид. ТҮК-иуд болон Нийслэлийн Захирагчийн харьяа Хот тохижилтын газар дан ганц зам талбайн үйлчлэгч нарыг хотоо цэвэр байлгах ажилд дайчлахаас гадна гудамж талбайн цэвэрлэгээг зориулалтын машин механизмаар гүйцэтгэх менежментийг нэн даруй нэвтрүүлэх хэрэгтэй байна.
Гудамж, зам, талбай, цас цэвэрлэгээ, усалгааны ажлыг хэдий хүртэл зориулалтын машин, механизмгүйгээр хүний гараар нугалах билээ. Айл өрхүүдийн хог хаягдлыг хугацаанд нь тээвэрлэдэггүй, парк шинэчлэлт хийдэггүй. Мөн тайлан тооцоогоо хугацаанд нь гаргадаггүй ТҮК-иудын толгойг хэчнээн жил илж явах вэ. ТҮК-иудыг татан буулгая.
Т.Сэлэнгэ
URL: