Чанаргүй сууц барьснаараа бид биш тэд л хохирох учиртай

Монголд чанартай зүйл гэж алга. Сайны хажуугаар саар нь дэндүү их. Хүнс нь чанаргүй. Хугацаа нь дууслаа арилгаад шинээр хугацаа тавьчихна. Бид үүнийг нь мэддэггүй ээ. Идээд л хордоно. Барьсан барилга нь хулхи. Хамгийн гол нь чанаргүй. Хуучин, чанаргүй материалаар яаж ч сайныг барих билээ дээ. Өндөр үнэтэй л бол чанартай гэдэг сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй болжээ. Чухам яагаад гэдгийг баримтаар бичье.

Шинээр баригдаж буй сууцуудаас сонголт хийхэд сэтгэлд хүрэх нь цөөн. Учир нь шинэ гэсэн хэдий ч чанарын хувьд шаардлагад нийцдэггүй. Агааржуулах системийн буруугаас ханын цааснууд нь хууларч барьсан эзнийнхээ нүүрийг түлдэг. Цэвэр, бохир усны асуудалтай. Цонх нь өвөл зунгүй цанатаад л…

МХЕГ-аас шинээр баригдсан барилга, байгууламжуудад шалгалт хийжээ. Шалгалтад нийт 21 барилга байгууламж хамрагдаж 94 орчим зөрчил илэрсэн байна.

Захиалагч нь барилгыг инженерийн шугам сүлжээнд холбох техникийн нөхцлүүдийг авах, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөл авах үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас техникийн нөхцөлгүй, зураг төсөл боловсруулах, техникийн нөхцөлийн хугацаа дууссаныг сунгуулаагүй, улмаар техникийн нөхцөл олгогдоогүй газарт барилга угсралтын ажил эхлэх зөрчлүүд элбэг гарч.

ХУД-ийн 1-р хороо, “Би Эйч Энд” ХХК-ийнхан 43 айлын орон сууцныхаа барилгыг техникийн нөхцөл авалгүй барьж байгаа бол “Экоконстракшн” ХХК-ийн “Голден парк” хотхон, “Номин холдинг” ХХК-ийн “Өнөр” хотхоны 3-р ээлжийн барилгууд, Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооны худалдаа, үйлчилгээний төв,”Аюуд” ХХК-ийн контор, үйлчилгээний барилга, “Орчлон констракшн” ХХК-ийн 192 айлын орон сууцны барилга, иргэн Л.Чимгээгийн контор, үйлчилгээний барилгын техникийн нөхцөлийн хугацаа дууссаныг сунгуулаагүй, тийм зав ч үгүй явах шиг байна.

Гүйцэтгэгч байгууллагууд нь тусгай зөвшөөрлийн ажилбарт заагдаагүй барилгын угсралтын ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулж үйлдвэрлэлд шилжүүлэх зөрчлүүд гарсаар байна. Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооны захиалгаар баригдаж байгаа худалдаа, үйлчилгээний төвийн 17 давхар барилгын угсралтын ажлыг “Сандэй” ХХК нь 7 хүртэл давхар барилгын угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлөөр гүйцэтгэсэн нь 16-аас дээш барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхдээ зөвхөн тухайн барилгад угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр гүйцэтгэхээр заасан “Барилгын тухай” хуулийг зөрчжээ.

Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа “Би Эйч Энд” ХХК-ний 43 айлын орон сууцны барилгын зураг төслийн болон угсралтын ажлыг гүйцэтгэгч байгууллага албан ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байгууллагаар гүйцэтгүүлсэн ба одоогоор хийгдсэн ажлууд нь барилгын салбарт мөрдөж байгаа норм, дүрмийн заалт шаардлагуудыг “бүрэн” зөрчсөн байна.

“Хишигхангай” ХХК нь барилгын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссаныг сунгуулаагүйгээр үйл ажиллагаа явуулж байна.

“Макс Өргөө” ХХК-ийн 402 айлын орон сууцны барилга, иргэн Д.Бямбасүрэнгийн 36 айлын орон сууцны барилга, “Газар” ХХК-ийн “Шилтгээн” орон сууцны хорооллын D блок, “Өндөр буянт” ХХК-ийн орон сууцны барилга, “Би Эйч Энд” ХХК-ийн 43 айлын орон сууцны барилга, “Экоконстракшн” ХХК-ийн “Голден парк” хотхоны барилгуудыг барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөлгүй гүйцэтгэж байна.

Барилгын угсралтын ажлын явц, байдлын талаар өдөр тутмын ажлын тэмдэглэлд ил, далд ажлын акт бичсэн тухай тэмдэглэлгүй, угсралтын ажил хийгдэж байгаа тухайн ажлыг зураг төслийн аль хэсгийн зургаар, ямар техникийн нөхцөл, стандартаар, ямар мэргэжлийн хэн гэдэг ажилчин гүйцэтгэсэн, уг ажлыг шалгаж хүлээн авахад чанарын ямар түвшинд гүйцэтгэгдсэн, бетоны цутгалтын чанар, түүний шинжилгээний үр дүнгийн талаар бичиж тэмдэглээгүй байх, далд ажлыг фото зургаар баталгаажуулаагүй зэрэг нийтлэг зөрчил шалгалтанд хамрагдсан нийт барилгын гүйцэтгэгч байгууллагуудад илэрлээ.

Барилгын компаниудад барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй эсэх нь хамаагүй байдаг бололтой. Барилга угсралтын ажил эхлэх зөвшөөрөл ч мөн хэрэггүй бололтой.

Хууль хяналтын байгууллагынхан хааяахан нэг шалгалт хийчихээд болохгүй байна гээд хэвлэл мэдээллээр шуугиулаад өнгөрөх бус ажлын явцад нь шалгалт хийж болохгүй нэгнийх нь үйл ажиллагааг зогсоовол яасан юм бэ. Дээр дурдсан компаниуд барьсан барилгаа зах зээл дээр ханасан өндөр үнээр зардаг компаниудын нэг хэсэг. Тиймээс ашгаас гадна, хариуцлага гэж баймаар сан.

Баригдаж буй барилгуудын зураг төсөлд ч “Но” бий. “Туушин” ХХК-ийн 25 давхар зочид буудлын барилгын “Гоо ван” ХХК-д боловсруулсан барилгын металл хийцийн зураг төсөл, “Орчлон констракшн” ХХК-ийн 192 айлын орон сууцны барилгын “Орхон” констракшн” ХХК-д, “Шилтгээн” орон сууцны “D” блокийн барилгын “Ти энд Жи” ХХК-д, “Өндөрбуянт” ХХК-ийн “Оргил стартаун” хотхоны барилгын “Зуун найм” ХХК-д, “Марс констракшн” ХХК-ийн 402 айлын орон сууцны барилгын “Эрчим төсөл” ХХК-д тус тус боловсруулсан зураг төслүүдэд улсын магадлан шалгалт хийгдэж баталгаажаагүй байхад угсралтын ажил хийсэн нь илэрчээ.

Зарим нь ч бүр алдаатай хийгдсэн зургаар барилгаа хээв нэг барьж сууна. “Алтан трейд” ХХК-ийн 70 айлын орон сууцны барилгын зураг төслийг архитектур төлөвлөлтийн даалгаваргүй хийсэн бөгөөд цахилгаан шатны хонгилыг сууцны өрөөтэй зэрэгцүүлэн төлөвлөж “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм” -ийн заалтыг зөрчсөн байхад улсын экспертизийн алба хянаж баталгаажуулсан байна.

“Туушин” ХХК-ийн 25 давхар зочид буудлын барилгын “Гоо ван” ХХК-д боловсруулсан барилгын металл хийцийн зураг төслийн өгөгдлүүд зөрүүтэй, тус барилга нь эргэн тойрны барилгуудтай нийлэх буюу хэт ойрхон байрлаж байгаа тул барилгуудыг суурийн суултын зөрүүгээс хамгаалах хамгаалалтын арга хэмжээний зургийг эрх бүхий зураг төслийн компани баталгаажуулаагүй, иргэн Л.Чимгээгийн үйлчилгээ, оффисын 12 давхар барилгын “Каркас зураг” ХХК-д боловсруулсан зураг төсөлд давхар хоорондын цутгамал хучилтад гарч байгаа шугам сүлжээний нүхний амсар, ирмэгийн хүчитгэлийг зурагг тусгаагүй, “Экоконстракшн” ХХК-ийн “Голден парк” хотхоны “Бадмаараг төсөл” ХХК боловсруулсан ажлын зурагт 9 ба түүнээс дээш давхар барилгын сууцны өрөөний цонхоор тусах нарны үргэлжлэх хугацааны нэг өдрийн нийлбэр нь гурван цаг төлөвлөнө гэсэн нормын заалтыг зөрчжээ.

“Өндөр буянт” ХХК-ийн “Оргил стар таун” хотхоны барилгын “Зуун найм” ХХК-д боловсруулсан зураг төсөл консоль хэсгийн дулаалгыг орхигдуулсан, зоорийн давхар руу автомашин орох хэсэгт гадаргуугийн ус зайлуулах суваг, гаражийн дотор ус зайлуулах систем төлөвлөөгүй байна.

Ийм зураг төсөлтэй, дээр нь чанаргүй барилгын бүтээгдэхүүнээр орон сууцыг барьдаг нь нууц биш.  Барилгад чанарын шаардлага хангахгүй хийц, материал хэрэглэх, арматурын төмөр нь стандартын шаардлага хангахгүй байх, материал хийцийг буруу хадгалснаас зэврэх, бат бэх буурах улмаар барилгын чанарт нөлөөлөх нөхцөл бүрдэх, бетон хийцүүдийг үл эвдэх аргаар болон шахалтын бат бэхээр шалгасан лабораторийн шинжилгээний дүн төсөлд заасан хэмжээнд хүрэхгүй байх зэрэг зөрчил ихээр илэрсэн байна. “Би Эйч энд Би” ХХК-ийн 43 айлын орон сууцны барилгад дээр дурдсан зөрчлүүд илэрсэн байна. Тус барилгын техникийн давхрын бетон хөлдсөн ба тэдгээрийг хүчитгэх боломжгүй болсон, дам нурууны бетоны бат бэх нь зураг төсөлд заасан шаардлагыг хангахгүй байв.

“Алтай трейд” ХХК-ийн 70 айлын орон сууцны барилгад БНХАУ-аас оруулж ирсэн, хэрэглэсэн арматураас 18 сорьц авч лобароторид шинжлэхэд стандартын шаардлагыг хангахгүй байсан ба иргэн Д.Бямбасүрэн 110 айлын орон сууцны барилгын цутгамал төмөр бетон бүтээцийг үл эвдэх аргаар шинжлэхэд зарим багана, хана, дам нурууны бат бэх төсөлд зааснаас бага үзүүлэлттэй байна.

“Туушин” ХХК-ийн 25 давхар зочид буудлын барилгын ажилд шинжилгээ хийлгээгүй материалуудыг ашигласан байна.

Үүнээс гадна мөнгөнд хэт шунаж батлагдаж хянагдсан зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж барилгын хэмжээг томруулах, барилгын давхрын тоог нэмж даацыг төслийн хэмжээнээс хэтрүүлэх, захиалагчийн хүсэлтээр байгууламжийн хийц бүтээц, төлөвлөлтийг өөрчлөх, өртөг хэмнэх нэрийдлээр шаардлага хангахгүй материал, бүтээц хэрэглэж тухайн барилгын бат бөх чанарыг бууруулж, ашиглалтын үеийн аюулгүй байдлын шаардлагад сөргөөр нөлөөлөх болж.

Энд бас л жишээ дурдъя. Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооны барилгад архитектур төлөвлөлтийн даалгавраар 15 давхар барилга байхаар тусгасан байхад 17 давхар болгож угсралтын ажил хийгдсэн, “Туушин” ХХК-ийн 25 давхар зочид буудлын барилгын зураг төсөлд шилэн ханатай байхаар төлөвлөснийг хиймэл чулуун хавтангаар өөрчилж даацын үндсэн бүтээцэд ирэх ачааллыг тооцуулж зохиогчоос зөвшөөрөл авч баталгаажуулаагүйгээр угсралтын ажил хийсэн, Иргэн Ц.Эрдэнийн үйлчилгээний цогцолборын барилга 7 давхар барилгын дулааныг зөвшөөрөгдсөн бус коллектороос холбосон, зураг төсөл зөрчиж халаалтын шугамыг холбосон зэргээр архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийг өөрчилж угсралтын ажил гүйцэтгэсэн нь “Барилгын тухай” хуулийн “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр хийхийг хориглоно” заалтыг зөрчсөн байна.

“Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”-ийн заалтуудыг зөрчиж угсралтын ажлыг гүйцэтгэх явдал нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилд гарсаар байна. Ялангуяа барилга байгууламжийн даацын үндсэн хийц бүтээцийн арматурчлалыг гүйцэтгэхдээ ажлын болон хөндлөн арматур хоорондын зай хэмжээг төсөлд заасан хэмжээнээс өөрчлөх, хөндлөн арматурын анкер, матаасыг дутуу, норм, дүрмийн шаардлага хангахгүй гүйцэтгэх, арматурын хамгаалалтын үеийг зурагт заасны дагуу хийгээгүйгээс арматурын төмөр ил гарах, арматурын хэмжээг өөрчлөх, хаалга цонхны нүхний дээр тавих ялууны оронд арматурын төмөр тавих, бетон хийцийн нягтруулалтыг дутуу хийх, каркасан барилгын дүүргэгч хана болон өрөгт бүтээцэн ханатай барилгын өргийг гүйцэтгэхэд тавих шаардлага зөрчих зэргээр барилга байгууламжийн даацын үндсэн хийц бүтээцийн ажиллах зарчмыг алдагдуулж түүний бат бэхийг бууруулсан зөрчлүүд гарч байна.

Ийм зөрчил хэд хэдэн барилга дээр гарчээ. Иргэн Л.Чимгээгийн захиалгаар баригдаж байгаа үйлчилгээ, оффисын 12 давхар барилга, “Номин холдинг” ХХК-ийн “Өнөр” хорооллын 3-р ээлжийн үйлчилгээтэй орон сууцны барилга, “Эко констракшн” ХХК-ийн “Голден парк” цогцолборын үйлчилгээтэй орон сууцны барилга, “Фүлиан” ХХК-ийн “Эрхэт” орон сууцны цогцолбор барилга, “Орчлон констракшн” ХХК-ийн захиалгаар “Зэт энд Эй” ХХК угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа 96 айлын орон сууцны барилга, “Би Эйч Энд” ХХК-ийн 43 айлын орон сууц, “Алтан трейд” ХХК-ийн захиалгаар “Хишиг хангай” ХХК гүйцэтгэж байгаа үйлчилгээтэй 70 айлын орон сууц, “Өндөр буянт” ХХК-ийн “Оргил стар таун”хотхон, “Мөнх эвсэг” ХХК-ийн контор, зочид буудал, “Тэргүүн чансаа” ХХК-ийн үйлчилгээтэй 98 айлын орон сууц,”Аюуд” ХХК-ийн захиалгаар “Өрнө өрнөх” ХХК барьж буй контор, үйлчилгээний барилгуудын угсралтын ажилд илэрсэн байна.

Дээрх зөрчлүүдийн хажуугаар дуугүй өнгөрсөнгүй. ХУД-ийн I хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 43 айлын орон сууцны барилгын захиалагч “Би Эйч Энд” ХХК нь барилгыг инженерийн шугам сүлжээнд холбох техникийн нөхцөлүүд олгогдоогүй газарт, батлагдаж хянагдаагүй зураг төслөөр, тусгай зөвшөөрлийн эрхгүй байгууллагаар барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлж байгааг нь НМХГ-аас хийсэн хяналт шалгалтаар өнгөрсөн онд илрүүлсэн байна.

Хугацаа бүхий шаардлага тавьж, үүрэг өгч, улмаар цахилгаан эрчим хүчийг таслах хүртэл арга хэмжээ авсан тухай баримтыг хяналтын байгууллагынхан дурдаж байна. Гэсэн хэдий ч барилгын угсралтын ажил одоог хүртэл үргэлжилсэн хэвээр. Тус барилга нь цутгамал төмөр бетон каркасан хийцтэй, дүүргэгч хөнгөн бетон блок ханатай, зоорь бүхий 10 давхар барилга болно. Барилгын угсралтын ажил одоогоор каркасын цутгалтын ажил бүрэн дуусч, дүүргэгч ханын өрвг 7 дугаар давхарт хүртэл хийгджээ.

Энэ мэт зураг төсөл нь баталгаагүй, зөрчилтэй, дээр нь барилгын угсралт хийх зөвшөөрөл нь сунгагдаагүй, цаашид ч сунгах эсэх нь тодорхойгүй компаниар дур мэдэн барилга байгууламж бариулах нь эцсийн эцэст юунд хүргэх бол доо. Хэрэглэгчид мэдээлэлгүйгээсээ л алддаг. Тиймээс энэ мэдээллийг түлхүү мэдээлж хэрэглэгчидээ ирээдүйд гарч болох эрсдлээс хамгаалах хэрэгтэй байна.

Г.Энхтуяа


URL:

Сэтгэгдэл бичих