Таван толгойн төслийг боловсруулахдаа УИХ-ын тогтоолыг зөрчжээ

Засгийн газар ээлжит бус хурлаа долдугаар сарын 4-ний өдөр хийж Таван толгойн төслийн талаар хэлэлцсэн юм. Тэргүүн   шадар   сайд Н.Алтанхуягаар ахлуулсан ажлын хэсэг стратегийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж дуусгаад Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулсан хэрэг. Ерөнхий сайд С.Батболдын мэдэгдэж байгаагаар бол гадаадынхантай хэлэлцээр хийх ажлын хэсэг нийтдээ 34 удаа хуралдаж төслийн “шүүсийг” нь шахаж бэлэн болгоод танилцуулсан юм гэсэн. Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь хэлэлцээр амжилттай болж, манай талд нааштайгаар асуудлаа шийдвэрлүүлж чадаж хэмээн магтаад ҮАБЗ-д оруулж танилцуулаад УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдсэн аж. Маргааш нь МАН, АН-ын дарга нар зэрэгцэж суугаад хэлэлцээрийн үр дүнгийн талаар мэдээлэл хийхээр зар тарсан байсан боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан юм даг. Бүр сүүлдээ нягталж үзэх зүйл гарсан, ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа гээд хэвлэлийн хурал хийхээ ч больсон.   Засгийн газраас Ерөнхийлөгчид Таван толгойн тендер, хөрөнгө оруулалттай холбоотой материалыг хүргүүлсэн юм билээ. Гэвч бүрдэл дутуу, хатуухан хэлбэл хариуцлагагүй зүйл олон байгаа учраас нэмж мэдээлээлэл авч, судалж үзсэний дараа байр сууриа илэрхийлэх боломжтой гэсэн хариу өгчээ. Мөн Засгийн газраас Таван Толгойн гэрээний төслийг ҮАБЗ-д хүргүүлсэн аж. Энэ зөвлөлийн ажлын албаныхан болон шинжээчид Таван толгой гэрээний төслийг судалж нягталж байгаа юм байна. Гэвч олон “но” илэрч байгаа сурагтай. Таван толгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол болон ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн заалтыг биелүүлээгүй төдийгүй илтэд зөрчжээ. Тухайлбал, УИХ-ын тогтоолд Таван толгойн ордын 10 хувийг ард иргэддээ хувьцаа хэлбэрээр үнэ төлбөргүй олгоно гэж заасан Гэтэл Таван толгойн ордын баруун Цанхиас олборлох нүүрснээс Монголын ард иргэд хувь хишиг хүртэхгүй нь. Стратегийн хөрөнгө оруулагчтай хийж байгаа гэрээний төсөлд энэ талаар нэг ч үг үсэг тусгагдаагүй байна.

Таван толгойн ордын ашиглалтын лиценз нь 100 хувь төрийн мэдэлд байгаа учир монголчууд тоглоомынхоо дүрмийг яаж зохиохоо шийдэх боломжтой. Энэ нь давуу тал юм. Тиймээс ҮАБЗ бушуу туулай борвиндоо баастай гэгчээр монголчуудыг хэдэн арван жил тэжээх “үүцээ” нухацтай, тооцоо судалгаатайгаар задлахгүй бол хожим нь амаа барихад хүрнэ, тиймээс сайжруулах ёстой гэсэн байр суурь барьж байгаа сурагтай. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас “Анх тендерт материалаа ирүүлсэн 12 оролцогчоос зургаан оролцогч тунаж үлдээд байснаас гурвыг нь шалгаруулсан. Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос-Монголын хамтарсан консорциум 36 хувь (18; 18)-ийг хамтран эзэмшихээр боллоо. Засгийн газрын гишүүд гэрээний төсөлтэй танилцаад ажлын хэсгийг сайн ажилласан гэж үнэллээ. Төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж ирэх лхагва гаригт Улсын Их Хуралд өргөн барихаар болов” хэмээн албан мэдээ цацсан. Гэвч энэ мэдээлэл гарснаас хойш БНСУ, Японы талаас гомдол мэдүүлж байгаа. Гэрээний төсөлд Япон, БНСУ-ын компанийн нэр огт байхгүй гэнэ. Гэтэл ҮАБЗ-өөс яагаад эдгээр улсын компаниудыг оролцуулаагүй юм бэ гэж лавлахаар ажлын хэсгийнхэн “Япон, БНСУ-ын компаниуд ОХУ-ын консорциумтай тохирсон, тэд хамтдаа 18 хувийг нь эзэмших юм” гэж тайлбарлаж байгаа ч гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээг Засгийн газраас ирүүлэхгүй байгаа гэнэ. Мөн Монголын компани ОХУ-ын консорциумтай хамтран 18 хувийг эзэмшинэ гэж тусгасан байгаа. Энэ нь “Эрдэнэс-Таван толгой” компани юм уу гэдэг нь тодорхой бус байгаа аж. Энэ мэт олон ойлгомжгүй зүйл олон байгаа гэнэ. Тиймээс ҮАБЗ төслийг Засгийн газарт буцаах бололтой.

Д.ДОРЖПАГМА


URL:

Сэтгэгдэл бичих