Аглуугийн араас ах нар нь жагсаж байна
Ойн баярууд давхацсан наадмын босгон дээр Аглуу буюу Л.Баттулга гавъяат цолоор энгэрээ мялаасан. Урлагт 24 жил зүтгэсэн хөдөлмөрийг нь үнэлсэн “Нүдээ олсон” шагнал хэмээн үзэх нэгэн байхад ах нарыгаа аваагүй байхад түрүүлээд авчихдаг “Азтай аавын хүү юм” гэх хүмүүс ч байна.
Монголын хошин урлагт өөрийн гэсэн нэртэй, мөртэй яваа тэрбээр “Найз гэж найз л байх ёстой.
Худлаа далдганаж, идэж, уухын төлөө явдаг хүн найз байж чадахгүй. Би найзууддаа хэлдэг юм. Би та нарыг жаргах цагт хамт байж чадахгүй ч зовлон тохиолдвол хамгийн түрүүнд очих болно” хэмээн хэлдэг аж.
Найз олонтойгоороо бахархах дуртай түүний адил хошин урлагийн жүжигчид болох “Шинэ үе” продакшны захирал СТА Н.Ариунболд буюу Бооёо, “Маск”-ын Ж.Мөнхсайхан, Амбий буюу Ц.Батхуяг, “X-ТҮЦ”-ийн Ц.Онон нарыг энэ удаагийн шагналын хур тойроод өнгөрлөө. Гэвч тэднийг дараагийн МУГЖ-ийн эзэд гэдэгт үзэгч фенүүд нь бат итгэж байгаа.
Хошин урлагт өөрийн өнгө төрхөө олсон жүжигчин Аглуу хувийн амьдралаараа ч бусдын анхаарлыг татдаг нэгэн. Орчин үед ховор тохиох азтай аав гэж нэрлэгдэх болсон тэрбээр зургаан хүүхдийн эцэг болоод амжсан. Түүний анхны эхнэр нь Дорнод аймгийнх бөгөөд сумандаа төдийгүй аймагтаа гайхагддаг сайхан бүсгүй аж. Хэдийгээр ээжээс нь салсан ч эцгийн хувьд хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой учраас үргэлж холбоотой байхыг боддог гэнэ.
Харин хоёр дахь эхнэр Оюунчимэг нь “Шинэ үе” продакшны жүжигчин. Тэрбээр Аглууд үнэхээр хайртай учраас өмнөх амьдралыг нь хэзээ ч сөхөж байгаагүй гэлцдэг. Аглуу хүүхэд байхаасаа л дурламтгай нэгэн байжээ.
URL: