Өөрийн толгой дээрхи бухалыг харахгүй байж, өрөөлийн толгой дээрхи сүрлийг гайхагчид
Эзэн, холбогдогч нь өнөөг хүртэл тодорхой бус, төрийн зүгээс хэрэг илрүүлэх, хянаж шалгах ажилд тоомжиргүй хандаж ирсэн. Энэ байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч наадмаар тул барин засагт хамтарсан улстөрийн намууд бусармаг явдлаа нуун дарагдуулах сонгууль угтсан эрх ашгаа хэрэгжүүлэхэд анхаарав. Үүний нэг нь үймээний үеэр амь насаа алдсан таван иргэний нэгийнх нь аав, “Хохирогчдын нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ц.Энхбаярыг барьж хорьсон явдал. Хүүгээ алдсан цагаас эхлэн тэмцлийн янз бүрийн хэлбэрийг сонгон өлсгөлөн суулт хүртэл зарлан төрөөс хариуцлага нэхэж, шударга ёсны төлөө тэмцэж явсан тэрээр жил бүрийн долдугаар сарын 1-нд энэ хэргийг нэхэн сануулж, эрх баригчдад удаа дараа хандаж ирсэн. Харин энэ жил төрийн ордон руу нум сумаар харвасан гэх үндэслэлээр баривчлагдаж торны цаана долдугаар сарын1-нийг угтлаа. Төр хүүг нь буудчихаад өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэргийг шалгаж байгаа нэртэй ч тодорхой алхам хийсэнгүй. .Эцсийн шийдвэр гаргасангүй, хэнд ч хариуцлага тооцсонгүй. Эцэг, эхчүүдийн гомдол ч тасарсангүй. Төрөөс хүүгийнхээ амийг нэхэж, хэргийг үнэн зөв шударга шийдүүлэхийн төлөө тэмцэж цөхрөнгөө барсан иргэн Ц.Энхбаяр эхэндээ яахаа мэдэхгүй явсан бол эцэст нь иргэний хөдөлгөөнд нэгдэн жагсаал, цуглаанд оролцох болсон. Гэм зэмгүй хүүг нь буудан хөнөөчихөөд хариуцлагаа ухамсарлахгүй байгаа төрдөө гомдол саналаа хэлээд нэмэргүй болохоор төрийн ордон руу нум сумаар харвасан нь баривчлагдах үндэслэл болсон нь энэ. Таван их ой давхцсан үндэсний их баяр наадмаар төрийн ордон руу харвасан Ц.Энхбаяр буруутай тухай албаны хүмүүс ярьж байна. Иргэд рүүгээ гал нээж таван халуун амийг авч одсон төрийн талаар юу ч ярихгүй байна. Таван иргэнээ буудаж амийг нь хөнөөсөн төр хариуцлага хүлээдэггүй мөртлөө нум сумаар харваж төрийн ордны нэг цонхыг хагалсан Ц.Энхбаярт хэрэг хүлээлгэхээр улайрчээ. Манай улсад МАН АН-г ийн ийм тогтолцоо ноёрхож байна. Иргэн Ц.Энхбаярыг баривчилсан нь олон эргэлзээ, хардлагыг дагуулдаг. “Гал үндэстэн холбоо”-ныхон Төрийн ордныг тойрч гороолсон өдөр буюу өнгөрсөн зургадугаар сарын 3-нд хамгаалалтын алба болон цагдаагийн албан хаагчид төрийн ордныг хамгаалалтад авсан байсан. Хурдан буугаар буудах, нум сумаар харвах хоёр ялгаатай. Нумаа сумлах, сумны хөвчийг чинээнд нь тултал татах үйлдэл цагдаагийн нүдэн дээр болсон байж таарна. Төрийн ордон руу нум сумаар харвахгэж байхад хамгаалах үүрэгтэй хамгаалалтын алба болон цагдаагийнхан энэ үйлдлийг зогсоосонгүй. Харж зогсч байгаад харвуулчихсан. Харин дараа нь Эрүүгийн хуулийн 181.3-т заасныг үндэслэн танхайрсан хэрэгт буруутган нэр бүхий хүмүүсийг баривчлан хорьсон. Нөгөөтэйгүүр энэ хэрэгт хохирогч байхгүй. Төрийн ордны хамгаалалтын албанаас Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан уу. Тагнуулын ерөнхий газраас албан бичиг ирүүлсэн үү гэдэг тодорхойгүй байгаа юм. Таван иргэнээ буудчихаад хэргийг эцэслэн шийдвэрлээгүй төр, засаг нум сумаар харвасан гэсэн үндэслэлээр долдугаар сарын 1-ний хохирогчдыг цоожтой хаалганы цаана байлгах сонирхолтой юм биш үү.
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: