Н.Энхбаяр: Би Монголоо сайхан байгаасай гэж хүсдэг
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр сар шинийн өмнөхөн эх орондоо ирлээ. БНСУ-д эмнэлгийн хяналтад удаан хугацаагаар эмчлүүлж байгаа ч өндөр настай аав, ээждээ золгож, сар шинийн баярыг элгэн түмэн, гэр бүл, үр хүүхдүүд төрөл төрөгсөд, журмын нөхөдтэйгээ хамтдаа тэмдэглэхээр яарсан тэрээр битүүний өдөр 15:50 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд хөл тавьсан юм.
Экс Ерөнхийлөгчийн гэр бүлийг төлөөлж хүү Э.Батшугар нь эхнэр, хүүгийн хамт аавыгаа тоссон бол МАХН-ын гишүүд, дэмжигчид, хэвлэл, мэдээллийнхэн зэрэг олон хүн тэнд цугласан. Тэрээр эхлээд өөрийг нь тоссон намынхантайгаа уулзав. Дараа нь өвөөдөө эрхлэн шулганасан бяцхан ач хүү нь түүнийг vip өрөөнд багагүй саатуулсан юм. Харин үүдээр гарч ирэнгүүт нь хэвлэлийнхэн тал талаас нь бүчиж, янз бүрийн асуулт тавьсны дотор бие, эрүүл мэндийн байдлыг асуусан асуултууд зонхилж байлаа. Учир нь экс Ерөнхийлөгч ядрангуй харагдаж байгааг тэнд байсан хүмүүс ам амандаа хэлж байсан юм. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
- Та сайн явж ирэв үү?
- Сайн явж ирлээ.
- Битүүний өдөр эх орондоо ирлээ, сэтгэгдэл ямар байна?
- Их сайхан байна. Өнгөрч буй өдрүүдэд Цагаан сарын баярыг тэмдэглэдэг газар орон, улс үндэстэн болгон ямар байдалтай байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд,телевизийн суваг бүр олон нийтэд хүргэж байх шиг байна. Тэгэхээр баяр угтсан тэр зураг бүх газарт давалгаалж байна. Өнөөдөр өглөө босоод тэр зургуудыг харлаа. Бас телевизээр үзлээ. Маш олон хүн аав ээжийгээ, өвөө эмээгээ зориод өөрийн төрсөн орон гэртээ очих гээд маш их хөдөлгөөнд орчихсон төмөр замын вокзал, автобусны буудал, нисэх онгоцны буудал гээд газар сайгүй олон хүн нааш цааш яаран явж байна. Монголчууд бас Цагаан сарын баярыг тэмдэглэдэг. Өвөг дээдсийн маань уламжлалт баяр учраас хүн болгон нутгаа зорьдог, өндөр настай аав ээждээ золгохоор яардаг. Би бас тэр л ёс жаягаар хүүгийн үүргийг биелүүлэх гэж өндөр настай аав ээжтэйгээ золгохоор эх орондоо ирж байна. Цагаан сар маш утга төгөлдөр уламжлалт баяр. Хүн болгон, айл өрх, байгууллага, хамт олон өнгөрсөн оноо дүгнэдэг, ургаж буй шинэ оноо шинждэг ийм сайхан баяр шүү дээ. Тэгэхээр энэ сайхан баяртаа амжиж ирж чадлаа. Сэтгэл их баяртай байна.
-Яг одоо танд юу бодогдож байна. Юу хэлэхийг хүсч байна?
-Нэг зүйлийг би өмнө нь ч хэлж байсан. Одоо зориуд анхааруулж хэлье гэж бодож байна. Цагаан сарын баярын энэ өдрүүдэд бид нэг нэгэндээ сайхан үгнүүдийг хэлдэг. Аль болохоор монгол хэлэнд байдаг сайхан үгсийг бие биедээ хэлж ерөөдөг. Гэтэл заримдаа Цагаан сараар хэлж байсан үгээ бусад өдрүүдэд мартчихсан юм шиг, хажуу тийшээ тавьчихсан юм шиг, эсвэл хойшлуулчихсан юм шиг байх нь бий. Тэрийг хараад ийм сэтгэгдэл төрдөг. Тэгэхээр Цагаан сард хэлсэн сайхан үгэндээ хүрч л цөмөөрөө бусад өдрүүдэд амьдаръя, монголчуудаа. Тэгэх юм бол Монгол Улс өөдөлж хөгжиж дэвшинэ. Хүн бүхэн нэг нэгэндээ сайхан хандана. Ах захтай болно, ахмадаа хүндэтгэдэг болно, залуучуудаа хайрладаг хамгаалдаг, эмэгтэйчүүдээ хайрладаг, бас дэмждэг болно. Ийм сайхан ерөөлийн үгэндээ цөмөөрөө хүрч амьдаръя.
-Уучлаарай, одоо сэдвээ жаахан өөрчилж нэг зүйлийг асууя. Таны биеийн байдал ямар байна, жаахан ядрангуй харагдаж байх чинь?
-Биеийн байдал яахав. Ер нь бол үүнийг хоёр хувааж ойлгох ёстой юм билээ. Биеийн байдал гэхээр дандаа мэс заслын хутга бариад хүнийг эмчлэх тухай асуудал яриад байх шиг байгаа юм. Гэтэл биеийн байдал сэтгэлийн байдлаас шууд шалтгаалдаг нь ойлгомжтой. Тийм учраас би биеэ Солонгост эмчлүүлж байгаа, сэтгэлээ Монголд эмчлүүлэх гэж байна.
-Тэгвэл энд хэр удах вэ?
-Мэдээж хэрэг биеэ, сэтгэлээ эмчлүүлэх хэрэгтэй болохоор Монголдоо ирэн очин тамир тэнхээгээ нөхөх, бүр мөсөн эрүүл саруул болох ажил үргэлжлэх байх.
-Удахгүй буцна гэсэн үг үү?
-Эмч нар маань “Та хурдан ирж дараа дараагийнхаа эмчилгээнд ороорой” гэсэн шаардлага тавьж байгаа. Гэхдээ бүгдээрээ ойлгож байгаа байх аа. Яагаад гэвэл солонгосчууд ч гэсэн Цагаан сар хийдэг. Тийм болохоор тэд намайг ойлгож “Тэгэлгүй яахав, аав ээжтэйгээ золголгүй яахав, нутгаа бараадалгүй яахав” гэж байгаа.
-Таныг ирээд буцах зуур энд янз бүрийн яриа гардаг. Тухайлбал, таныг өмнө нь ирэхдээ Засгийн газрыг “унагачихаад” явсан гэж ярьж бичиж байгаа. Энэ талаар танаас хариулт сонсмоор байна?
-Би юу гэж унагаах вэ дээ. Би кноп дараад засаг унагадаг байсан бол унагаасан гэх байх. Гэтэл би кноп дардаггүй, хүрч ирээд сайхан ажиллаарай, хамтран ажиллая, цаашдаа ингэж ажиллабал сайхан байна гэж хэлсэн. Хүн болгонтой найрсаг харилцаж, сайхан хандах гэж оролдсон. Би нэг ч гэсэн кноп дардаг эрхтэй бол унагасан гэх биз. Гэтэл нэг ч кноп дардаггүй хүн юу гэж засаг унагаахав. Ер нь засаг унагаах чинь нэг хүнээс шалтгаалдаг ажил биш шүү дээ. Олон хүчин зүйл нөлөөлдөг байх. Зарим нь бол дэлхийн эдийн засаг нөлөөлсөн гэж ярьдаг юм билээ. Зарим нь Монголын эдийн засаг нөлөөлсөн гэж ярьдаг. Нэг намын зөрчил, хэдэн намууд нийлж байгаад унагасан, дараа нь гарч ирэх гэж байгаа улсууд гээд шалтгаан олон. Яахав тэгээд бүүр шалтгаан олдохгүй болохоор Н.Энхбаяр гэдэг юм байгаа биз. Тэр л маягаар тийм яриа гарсан, гаргасан байх л даа.Яахав би тэрэнд нь гомдохоо байгаад дассан гэх юм уу. Гэхдээ дасчихаж болохгүй байх л даа. Юм болгоныг Н.Энхбаяр руу чихдэг нь сүүлдээ тэгээд жишиг болж тогтож байх шиг. Энэ гэхдээ хуучирч хоцрогдчихсон ч юм бас биш ээ. Улс төрийн арчаагүй мэх юм. Тэгэхээр өөрсдөө хариуцлага хүлээгээд, өөрсдөө ажиллаж байгаа бол ажилласан шиг ажиллаад, ард түмнээ баярлуулаад, ард түмэнтэйгээ хамтраад, нийгмээ эв эетэй сайхан болгоод явахад бүрэн бололцоо байна. Би тэрэнд нь туслахаас биш ямар ч саад болохгүй. Би тусалъя л гэж бодож байна.
-Тэгэхээр “Шийдлийн” Засгийн газрын тухай та ямар бодолтой байна?
-Би яаж мэдэхэв. Яг энд, дунд нь байж мэдээлэл авч байж дүгнэхээс биш алсаас энэ нь зөв тэр нь буруу гэж дүгнэх учир дутагдалтай. Дүгнэсэн нэг үг хэлчихвэл аягүйтэхэд шалтаг гэгчээр “Нөгөөх чинь тэгчихлээ” гээд унана шүү дээ. Тийм учраас сайн ажиллаасай гэж ерөөж байна. Тэр хүмүүс сайн ч ажиллах үүрэгтэй. Тэрийгээ мэдэж байгаа, бодож байгаа байх гэж бодож байна.
-Монголын улстөрд одоо ярьж буй сэдэв бол Оюутолгой, Тавантолгойн тухай. Энэ ордуудыг ашиглах талаар Засгийн газраас иргэдийн дунд хоёр сонголт бүхий асуулт асуусан. Та хэрэв санал өгсөн бол аль сонголтыг нь хийх байсан бэ?
-Би тэр талаар гүнзгий сонсоогүй. Ерөнхийдөө бол Оюутолгой, Тавантолгойн орд олон жил яригдаж байгаа асуудал. Одоо хүртэл хүмүүсийн сэтгэл санаанд энэ асуудал байгаад байна гэдэг чинь зөв шийдэл хайж байна гэсэн үг. Зөв шийдэл хайхад надаас санал асууж байгаа бол би хэлэхэд бэлэн байгаа. Миний бодлоор зөв шийдэл байгаа байх. Олон улсын практикийг харсан ч зөв шийдэл олж болно, ядарч туйлдаж байгаа ард түмнээ харсан ч зөв шийдэл олж болно. Аль аль талаас нь харахад зөв шийдэл олж харах бололцоо бий. Гэхдээ мэдээж хэрэг эдийн засаг, улс төр, геополитикийн асуудал, ард түмнээ өмч хөрөнгөтэй, орлоготой, ажлын байртай болгох асуудал, Монгол Улсаа хөгжүүлэх асуудал гээд олон зүйл нэгэн цогц болж яригдаж байгаа болохоор нэгийг нь сугалж яриад тэрийгээ холионд нь шийдчихнэ гэхээр хэцүү байх. Ер нь амжилттай хөгжиж байгаа Азийн орнуудыг харахад олон хүчин зүйл байдаг юм шиг байна. Түүний дотор монголчууд бидэнд хэрэгтэй нэг сайхан зарчим бол ямар нэгэн том асуудлыг сонирхож байгаа бол субьект болгоны сонирхлыг тооцож, тэрэн дотор ард түмний сонирхлыг хамгийн түрүүнд тооцож ажиллавал амжилттай болдог юм шиг байна. Сүүлд нь шийдвэр гарсны дараа ч хийх бүрэн бололцоотой байдаг юм байна. Тэгэхгүй бол сонирхож байгаа субьектуудын ганц хоёрынх нь сонирхлыг хангачихаад бусдыг нь хаячихвал, эсвэл ард түмнийхээ саналыг сонссон ч юм шиг сонсоогүй ч юм шиг дутуу үлдээгээд шийдээд явчихаар нөгөө гомдсон, шүүмжилсэн, дургүйцсэн байдлууд эргээд үлдээд байдаг. Тэр утгаараа Япон, Хятад, Солонгос, Европт асуудлыг удаан шийддэг гэж ярьдаг. Тэд удаан шийдээд байгаа биш тэр сонирхож байгаа субьект болгоны саналыг тусгах гээд байна шүү дээ. Сүүлд нь аль нэг тал болон хэсэг хүн гомдчихсон байх вий, тэр нь эргээд төслөө нураах, зогсоох, хэл амтай байдал бий болгочих гээд байгаа учраас тэрийгээ цааш тогвортой явуулахын төлөө асуудлыг тийм л байдлаар шийдэж сурсан юм байна. Бид ч гэсэн чадахгүй гэх газаргүй. Сурах хэрэгтэй. Чадна байх гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: