Ч.Чулуунбат: Троллейбус “нүд аних” болоогүй л юмсан

527-1424069285добусЭнэ цагаан сахалтай өвгөнтэй танилцаад хоёр, гурван жил л болж байна. Гэвч бид хоёр элдвийн л зүйлийг яриад амжжээ. Хааяа нэг шатар нүүх боловч мань өвгөн намайг “зажлахгүй залгина” гээч л болно. Нүүж эхлэв үү, үгүй юу мад тавиулах нь ч бий. Байз, юу билээ дээ. Нэг удаа би хожих шахсан ч бил үү. Гэхдээ өвгөн бодоо хэргээр тавьж өгөөд намайг сориод байх шиг байсан шүү. Түүнийг Чүлтэмийн Чулуунбат гэдэг. Нас сүүдэр 74 шүргэж яваа. Шатараар нэгэнт барахгүй учраас чаддагаараа би “хэл амыг нь сугалахаар” шийдлээ. Таалан болгооно уу.
“Цахилгаан тээвэр’’-ийг анх үүсгэн байгуулалцаж явлаа
Өвгөн ийн яриагаа эхлэв. 1987 оны нэгдүгээр сард Тээврийн яамны коллеги хуралдаж Троллейбусны заводыг үүсгэн байгуулах төв хороо Засгийн газрын шийдвэр гарчээ. Ашиглалтад хүлээж авах урьдчилсан захиргааг байгуулаад дөрвөн багш томилсны нэг нь Чулуунбат гуай байсан гэнэ. “Яманд ажиллаж байсан хүн учраас бүртгэлийн асуудлыг шийд. 100 жолооч Орост бэлтгэнэ. Энэ жолооч нарыг бүх яамдууд, бүх баазын удирдлагуудад хуваарь өгөөд хамгийн сайн тэргүүний хүмүүсийг ав. Бүртгэлийг нягт нямбай сайн хий. Яамны коллегиор ороод дараа нь Төв хороо, нарийн бичгийн дарга нарын зөвөлгөөнөөр орно. Муу хүн бүртгэж аваад улс эх оронд хохирол учруулах юм хийв ээ чи, тээврийн яаманд ажиллаж байсны хувьд чамайг ахлагчаар нь томиллоо, байгууллгын аварга, болж өгвөл МАХН-ын гишүүн хүмүүсийг бүртэг” гэсэн үүргийг тухайн үеийн Тээврийн яамны сайд Д.Ёндонсүрэн өрөөндөө дуудаад, коллегиороо хуралдаж мань эрд даалгасан байна.
“Шинэ тээвэр нэвтрүүлэх гэж байна, маш их итгэл найдвар хүлээлгэж байна. Яам тамгын газар ажиллаж байсан, сайдын зөвлөх хийж байсан хүн хариуцлагатай хандана биз” гэсэн амин хувийн захиасыг ч өгч гэнэ. Ингээд өвгөн троллейбус гэгч тухайн үеийн нэг шинэлэгтехникийг Монголд нутагшуулах нөр их ажлынхаа тухай цааш ингэж ярьсан юм.
1987 оны нэгдүгээр сараас эхэлж хүмүүсээ бүртгээд гуравдугаар сараас анхныхаа 25 хүнийг Зөвлөлтийн Бронеж хотод бэлтгэсэн. Дараа нь 25 хүнийг Казаньд бэлтгэсэн. Сүүлийн 50 хүнийг Алтайн хязгаарын нийслэл Барнаул хотод сургасан. Ингээд тухайн үеийнхээ өртгөөр 629 сая төгрөгөөр 160 км урт замтай 7-8 чигэлэлд троллейбус явж эхэлсэн.
Троллейбус маань цахилгаанаар явдаг учраас цахилгааны 13 дэд станцыг троллейбусанд зориулж байгуулж байсан. 6-10 мянган вольтын өндөр хүчдэлийг шулуутган 500-800 вольтын тоггмол гүйдэл болгож гаргаад троллейбусыг хөдөлгөж байна гэсэн үг. Анхны троллейбус 1987 оны аравдугаар сарын 29-нд хөдөлж эхэлсэн. Улаанбаатар хотыг тунхагласан түүхт өдөр л дөө.
Ж.Батмөнх тэргүүтэй улс төрийн товчооны гишүүд, Тээврийн яамны сайд Д.Ёндонсүрэн болон коллегийн гишүүд хүлээж авсан. Анхдагч гэсэн гэрчилгээг анх үйлчилгээнд гарсан троллейбус, жолооч, кондуктор, зорчигчид ч өгсөн. Ингээд би троллейбусны заводад үргэлжлүүлэн ажиллаад бүгдийг нь жолоочийн үнэмлэхтэй болгоод дадлага хийлгэсэн.
Хичнээн гадаадад сурсан жолооч нар ч гэсэн тухайн орон нутагт нэг ондоо, манай нөхцөлд нэг ондоо шүү дээ. Туршилт тохируулгын багшаар ахний нэг долоо хоног, дараа нь орчуулагч, зохион байгуулагч багшаар хагас жил ажиллаад бүх жолооч нараа дадлагажуулаад авсан. Троллейбусны ажилчид гэдэг хоёр төрлийн мэргэжил байна. Нэг нь цахилгааны, нөгөө нь жолоочийн мэргэжил.
Хөдөлмөр хамгааллыг сайн сахихгүй бол аюул аваар гарна, цахилгаан соронзон орон үүснэ. Жижиг цахилгааны масс, цахилгааны нэвчилт үүсэх тохиолдолд зорчигчдын бууж, суух үед цахилгаан цохих магадлалтай. Бороо орж, цахилгаан цохих үед алхамын тог гэж үүснэ. Алхамын тог үүсч хүнийг цохиж болно. Үүнийг маш их сэрэмжлүүлж тухайн үеийн хэвлэлд ярьдаг байлаа.
Ийм тохиолдол Орост ч Германд ч тарамвай, троллейбусанд гарч байсан. Ийм сэрэмжлүүлэг өгч байсны миньтөлөө сайд хүртэл намайг муу “ёроллоо, хүмүүсийг үргээлээ” гэж загнаж байсан шүү. Гэхдээ азаар тийм осол Монголд гараагүй ээ. Троллейбусны завод буюу Цахилгаан тээвэртээ 2002 он хүртэл тэтгэвэртээ гартал ажилласан. Сүүлдээ троллейбус их муудсан.
“Троллейбус нүд аних нь ээ, дарга нараа” гэж өгүүлэл хүртэл бичиж сонинд нийтлүүлж байлаа. Энэ төрлийн тээврийг хөгжүүлэхэд ийм зүйл дээр анхаарах хэрэгтэй гэсэн санааг бичсэн л дээ. Үүний хүчинд засаг төрөөс арга хэмжээ авсан. Жаргалсайхан гэж нэг хүү сайн ажилласан. Овсгоотой сайн менежер хүүхэд. Троллейбусыг Монголын нөхцөлд угсрах ажлыг хийсэн хүүхэд. Одоо тэр хүү даргаасаа өөрчлөгдсөн гэнэ лээ. Цаашид авч явах хүн нь тэр хүү шиг, тэр хүүгээс бүр илүү байгаасай гэж хүсэх юм.
Нийслэлийн 60 гарүй жилийн амьд гэрч
Би бол нийслэлийн 60 гаруй жилийн амьд гэрч нь байгаа юм. 1951 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатарт анх орж ирсэн. Тэгэхэд би есөн настай байлаа. Ховд аймгийн дарга Дармаа гэдэг хүний засварт орох гэж байсан ГАЗ-67 тэргэнд ээж, эмээтэйгээ дайгдан сууж ирсэн. Аав хэдэн малтайгаа үлдсэн л дээ. Тухайн үед аймгийн дарга нарын тэргийг хотод Төв хороо, Засгийн газрын баазад авчирч засвар үйлчилгээнд оруулдаг байж л дээ.
Аймагт бааз байхад яагаад тэгдэг байсан юм, бүү мэд. Сумын төвөөс анх хотод орж ирэхэд хачин их хүнтэй, утаа угаар ч гэж жигтэйхэн. Аж үйлдвэрийн комбинатад хамаатныхаа хашаанд буусан. Тэр хамаатных маань Бат-Очирын Аюушжав гэж партизан хүн байлаа. Тэдний хашаанд майхан барьж буугаад төвхнөсөн. Тухайн үед мөнгө цаас ховор. Хоёр мөнгөн хазаар, дөрөв, таван мөнгөн аяга авч ирснээ зах дээр гаргаж худалдаад мөнгөөр нь гэр барьж байлаа.
ИнгээдТолгойтын 12 дугаар сургуульд орсон. 1952 онд маршал Х.Чойбалсан гуай бурхан болоход би багштайгаа Төрийн ордонд орж хүндэтгэл үзүүлж байлаа. Нэг л их одон тэмдэгтэй хүн байсан санагдана. Багаасаа тээврийн мэргэжил эзэмшинэ, жолооч болно гэж боддог байлаа. Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын политехникумын автомеханикийн ангид орсон. Онц төгсөөд дээд сургуульд орно гэтэл хань маань жирэмсэн байсан.
Хөгшин ээж “хүний хүүхэд жирэмсэн болгож орхиод юун дээд сургуульд явах манатай. Ямар хүн чанаргүй амьтан бэ чи, боль, техникум төгссөн болоо ш дээ, ажлаа хий, ганц хоёр жил ажиллаж байгаад дараа нь авгай хүүхэд чинь төрж хөнгөрөөд, хүүхэд шуухад нь том болохоор явахгүй юу” гээд явуулаагүй. Ингээд таван жил алдаж 1967 онд дээд сургуульд явсан.
Москвад Молотовын нэрэмжит Автомашин, замын дээд сургуульд орж автомеханик, инженерийн ангийг төгссөн. Ингээд машин техник сонирхдог байсан бяцхан хүүгийн мөрөөдөл биелсэн. Авто тээврийн системд 41 жил ажилласан. Авто аж ахуй, төв аппарат, гээд ажиллаагүй газар байхгүй. Их сургууль, техникум, авто сургуульд багшилж байлаа. Авто баазуудад хэсгийн дарга, ээлжийн механик, инженер гээд бүгдийг хийж явсан.
Сайдын зөвлөх ч хийж явлаа гавьяа шагнал гээд байх юмгүй. Онц тээвэрчин, ахмад тээвэрчин, ойн медалиуд байна. Хэдэн гавшгайчийн тэмдэг бий. Улс төрийн товчооны орлогч гишүүн Бугын Дэжид нэг хурал дээр мал эмнэлгийн хүн байж техник, тэр дундаа депранцалын тухай буруу зөрүү яриад байсан юм. Тэгэхээр нь “автын инжененрүүд депранцал яриагүй байхад малын эмч та депранцалын тухай яриад байх юм. Депранцалын тухай та мэдэх үү, математикийн шинжлэх ухаанд депранцлчлал гэж юм бий. Депранцалчлалын тухай та юу ойлгож байна гэж асуусан. Үүнээсээ болоод 28 дугаар баазын ерөнхий инженерийн албан тушаалаас авахуулж байлаа. Энэ баазыг нэг төгрөг зарцуулаад 98 мөнгө олдог байхад нэг төгрөг зарцуулаад төгрөг долоон мөнгө олдог болгосон.
Миний ханийг эмээ маань зааж өгсөн юм
Миний эмээ их ухаантай хүн байлаа. Амьтан хүнтэй суувал удам угсаа чухал. “Удам муутын голомтонд байгаа уснаас түймэр гарна” гэж хэлдэг байсан. Эмээ маань манай нутгаас хотод ирж сургууль соёлын мөр хөөсөн, цус холилдоогүй долоон хүүхнийг надад зааж өгсөн юм. Тэрээр хараад л, шинжээд явдаг байсан юм шиг байгаа юм. Бичиг үсэг сайн мэдэхгүй, тэгсэн мөртлөө радио зурагт их үздэг, төвд ном уншдаг хүн байсан.
Хөгшин ээжийнхээ зааж өгсөн долоон хүүхнээс насны хань Долгорсүрэнгээ сонгож авсан юм. Хань маань эх баригч, бага эмч мэргэжилтэй. 5000 гаруй хүүхдийг эх барьж авсан. Нэгдүгээр төрөхт насаараа ажилласан. Гавьяаныхаа амралтанд гараад гавьяат эмч Бүлтэнгийн “Таны төлөө бид” эмнэлгийг үүсгэн байгуулж, хөл дээр нь босгоход гар бие оролцсон.
Мөн охиныхоо “Гануун хатан” эмэгтэйчүүдийн эмнэлгийг хөл дээр нь босголцсон. Манайх таван хүүхэдтэй. Манайд морь жилтэй найман хүн байдаг юм байна. Хамгийн ахмад нь би. Улиран одож байгаа морь жилд би хоёр ихэр зээтэй боллоо. Гадаадад байгаа хүү маань бүл нэмж бас хүүтэй болсон. Морь жил надад их ээлтэй байна. 73-ныхаа жил дээр ач зээгээ тэврэхийг “ембүү тэврэх” гэж нэрлэдэг, их ээлтэй байдаг юм гэнэ лээ.
“Атрын III аян” гэдэг шиг нийтийн тээврийн шинэчлэх аян өрнүүлэх хэрэгтэй
Өртөөчилсөн бөгөөд чингэлэгийн тээврийг би Монголын тээвэрт анх нэвтрүүлсэн. 36- дугаар баазын ерөнхий инженер байхдаа зохион байгуулж байлаа. Улаанбаатар-Эрдэнэсант, Эрдэнэсант- Өвөрхангагай, Өвөрхангай-Баянхонгор, Баянхонгор-Говь-Алтай гээд, буцаад энэ зарчмаар Улаанбаатар хүртэл өртөөчилсөн тээврийг зохион байгуулсан. Ерөөсөө жолоочийн ядаргааг багасгах зорилготой ажил байсан.
Би ерөнхий инженерийн ажлаа өгөөд л явахад эхлүүлсэн ажил маань байхгүй болсон доо. Нийтийн тээвэрт 15 жил ажилласны хувьд хэлэхэд нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг шийднэ гэдэг бол том асуудал. Эхлээд авто замын асуудлыг шийдэх ёстой. Дараа асуудлыг шийдэх ёстой. Дараа нь тээврийн хэрэгслийн асуудлыг шийдэх ёстой.
Атрын гуравдугаар аян гэдэг шиг цогцоор нь төр засгийн бодлого болгож шийдэх ёстой. Асар том компанит ажил явуулж байж үүнийг шийднэ. Давхар зам тавих асуудал нэн чухал. Метро байгуулах ёстой. Саяас дээш хүн амтай хотод метро байгуулбал эдийн засгийн хувьд баланс барьдаг гэдэг. Метроны замдаа кольцо хийх хэрэгтэй. Тэгж байж метрондоо иргэд дамжиж сууна.
Метро гэдэг бол яг цаг, минутаараа явдаг тээврийн хэрэгсэл учраас нийгмийн бухимдал багасна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудлыг шийдэхийн тулд төрийн бодлого хэрэгтэй. ЗХУ-ын коммунист намын бүгд хурлаар зөвхөн нийтийн тээврийн асуудлыг авч хэлэлцэж байсан. Үүн шиг бүх шатандаа хурлаараа авч хэлэлцэх ёстой.  Нийтийн тээвэр гэдэг бол хүний песихологид нөлөөлдөг. Ирэх ёстой үедээ ирэхгүй, явах ёстой хугацаандаа явахгүй, тав тухгүй тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа нийгэм мэдээж бухимдана биз дээ.
Ийнхүү бид хоёрын яриа өндөрлөх тийшээ хандсан юм. Чулуунбат гуайн аав, ээж хотод ирээд одоогийн Баянзүрхийн товчооны цаахна талд нутаглаж байжээ. Аав нь морь уяж, улсын наадмаас айраг түрүү ч чамгүй авч явсан гэнэ. Баянзүрхийн товчооноос цааш хөдөө эхэлдэг байсан цаг саяхан. Харин одоо нэлдээ гэр хороолол болжээ. Хуваарьт газраа аав, ээжийнхээ нутаглаж, морио уяж, ханаа дугуйлдаг байсан нутагт авч мань өвгөн өвөл зундаа тэнд л голцуу байх.
Цэвэр агаарт таатай байдаг биз дээ. Ховд аймгийн Мянгад сумын уугуул тэрээр Шадар ван Чингүнжав, Хотгойд түмнээ ярих дуртай. Манжууд Чингүнжавыг 81 зоосны нүхээр цувуулж алаад харьяат иргэдийг нь хэдэн хэсэг тараай бусниулахад Ховдын хязгаарт очсон Чингүнжавын шадар иргэдийг Манж амбан “мянган цэрэг гарган жагсаах юм бол хошуу болгон нутаг зааж өгье” гэсэн болзол тулгажээ.
Ингээд эрчүүдээ жагсаатал 1000 хүрсэнгүйд бие томтой эмэгтэйчүүддээ эр хүний хувцас өмсүүлэн нэмж жагсааж мянга хүргээд мянгад хошуу үүссэн түүхтэй гэнэ. Ховд аймгийн Мянгад сумын үүсэл гарал ийм ажгуу. Мань өвгөн шатарт ч үнэхээр мундаг л даа. Москва хотын оюутны аварга шалгаруулах тэмцээнд одоогийн гавьяат дасгалжуулагч ОУХМ “шар” Жигжидсүрэн найздаа хожигдоод Жигжидсүрэн найздаа хожигдоод хоёрдугаар байранд орж явсан гэх.
Гар бөмбөгөер Москвад дөрвөн жил дараалан оюутны аварга болж явжээ. Одоо бол гар бөмөг тоглохоо больсон. Хааяа байрныхаа хөгшчүүлтэй шатар нүүж, өгөө аваатай суудаг гэнэ. Өвөл, зунгүй унадаг дугуй унадаг. Өдий хүртэл өвчин эмгэг хэлэхгүй явж байгаа маань спортоор хичээллэсний минь л ач гэж боддог шүү хэмээн тэр ярьсан юм.
Ц.Мөнх
Эх сурвалж: “Нийслэл таймс”

URL:

Сэтгэгдэл бичих