Золгох ёсон…
Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.
Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжисээс хүн болгонд ул боов цагаан идээний хамт хүртээдэг байна. Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг.Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү баярыг Их Чингис Хаан маань 1206 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгонсныг 17-аар зуунд Монголд шарын шашин дэлгэрснээр Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс энэхүү баяр нь шашинтай хутгалдан цагийн аясаар өөрчлөгдөн тэмдэглэж ирсэн байна…
URL: