Банкныхны баривчилгаа Б.Энххуяг, Д.Баярсайхан нараар дуусахгүй нь

“АНОД”   БАНКТАЙ ХОЛБОГДОХ ХАВТАСТ ХЭРЭГ НЬ 36 МЯНГА ГАРУЙ ХУУДАС МАТЕРИАЛААС БҮРДЭЖ БАЙГАА ГЭНЭ-

Банкны салбарынхны баривчилгаа үргэлжилсээр байна. “Зоос” банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжийг өнгөрсөн сард хоёр хэлтсийн даргын хамт эрүүгийн хариуцлагад татан баривчлаад одоогоор батлан даалтад гаргачихаад байгаа. Үүний дараа нь ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн дарга Х.Пүрэвсүрэн хоёрыг сэжигтнээр татан цагдан хорьж мөрдөн байцааж байгаа билээ. Тэгвэл “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн   гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа нарт холбогдох Эрүүгийн хуулийн 148.4, 156.3-аар зүйлчилсэн хэргийг энэ сарын 17-нд Улсын мөрдөн байцаах газраас шалгаж дуусаад нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Дээрх хэрэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нарыг мөн шалгаж байна. Тэднийг “Анод” банкнаас хуурамч IPO-гаргахад хяналт тавиагүй, тус банкны удирдлагуудтай хуйвалдан бусдад их хэмжээний хохирол учруулахад нөлөөлсөн, банкны тухай хууль зөрчин тус тогтоолд гарын үсэг зурсан нь тогтоогдсон тул яллагдагчаар татсан гэнэ. Хэргийг Нийслэлийн Прокурорын хяналтын прокурор Х.Базаррагчаа хяналт тавьж байгаа юм байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө завшсан гэх “Анод” банкны удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3, 143 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдүүлэхээр төлөвлөсөн байна. “Анод” банктай холбогдох хавтаст хэрэг нь 36 мянга гаруй хуудас материалаас бүрдэж байгаа гэнэ. Хэргийн материалтай хувьцаа эзэмшигч, хохирогчдын төлөөлөл танилцаж байгаа аж. Эх сурвалжийн хэлж буйгаар Монголбанкны албан тушаалтнуудаас дахин хэд хэдэн хүнийг баривчлахаар болж байгаа тухай эх сурвалжууд хэлж байна. Мөн СЗХ-ны гишүүн, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат ч үүнд өртөж магадгүй гэнэ. Учир нь “Анод” банкны Хохирогчдын түр хорооноос түүнийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, танил тал, арын хаалга харан мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж байна хэмээн үзэж УМБГ-т шалгуулахаар өргөдөл өгсөн гэнэ. Ийнхүү банкны салбарын “мөнгө угаагч” “жараахай”-наас нь эхлээд “тулнууд”-ыг нь хүртэл барьж эхлэх нь. Дашрамд дурдахад, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал өчигдөр Монголд ирсэн байна. Түүнийг “Анод”-ын хэрэгтэй холбоотойгоор эх орондоо ирсэн байх магадлалтай хэмээн зарим эх сурвалж өгүүлж байгаа ч одоогоор ямар шалтгаанаар ирсэн нь тодорхойгүй байгаа юм.

Э.ХҮРЭЛБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих