“Болор цом”-ын эзнээр Б.Мягмаржав тодорлоо

Жил бүр  уламжлал болгон зохиодог 32 дахь удаагийн “Болор цом” наадам Төв аймгийн Зуунмод суманд амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын хоёрдугаар шатанд 34 найрагч үлдсэнээс яруу найрагч Б.Мягмаржав түрүүлж, “Болор цом”-ын эзэн хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм. Тэрээр 20 гаруй жил Монголын утга зохиолын ертөнцөд хүчин зүтгэсэн найрагч. Уншигчид түүнийг “Уулсын симфони”, “Хөдөөгийн аялгуу” шүлгээр нь андахгүй. Б.Мягмаржав найрагч “Болор цом-32” наадмын сүүлчийн шатанд “Хадагтай мал”, ээждээ зориулсан“Реквием” шүлгээ уншсан нь уншигчдын талархлыг хүртэв. Харин дэд байрыг “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар эзэлжээ. Гуравдугаар байрт яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байрт яруу найрагч М.Баттөмөр шалгарсан бол тавдугаар байрт өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц оржээ.

2-16-7h_700x700

Реквием

Баримжаа алдрах их талыг туулан харьж явна

Барим тавим нүдний үзүүрт толгод гялалзана

Толгодын дээр нэгэн бараа тодорсоор

Тосоод угтдаг ижий минь биш байгаа

Ташуур өргөх төдийд хүлгийн туурай яралзлаа

Талын толгойнхоо хүн чулууг мартан байж би ижийгээ үгүйлжээ

Зэгсэн толгой гудалзах намрын өглөө гаднаа буулаа

Зэлэн дундуур эргэж хотолсон сүргээ харлаа

Саадаг үнээнийх нь цаанаас ягаан алчуур цухуйна

Саальтай хормой нь дарайсаар босоод ирдэг юм биш байгаа

Өөрийн эрхгүй сэтгэл гүйн алдаад бүдэрлээ

Өвчилж төрсөн дүүгээ мартан байж, би ижийгээ санажээ

Тоглож өссөн гэрийнхээ хаалгыг зүрх алдан байж татлаа

Тогоо дүүрэн сүү, сэтгэл дүүрэн гуниг мэлтэрнэ

Хүнгэнэн асах голомтоо тойрсон ахан дүүсийн дундаас

Хүүгээ үнсэх гээд босоод ирэх юм биш байгаа

Хүрд зүрдхэн эргэх хойморийн бор авдар дээр

Хүрэн торгон дээлтэй хөрөг болсныг тань мартан би ижийгээ санажээ

Маргашгүй үнэнийг учирлахдаа хорвоо та

Мандан жаргах нараараа өдөр болгон үглээд байхаар нь

Маргааш гэж бий гэж андуу эндүү ухаарчээ би

Ирэх буцахын жамыг учирлахдаа хорвоо та

Эргэх дөрвөн цагаар он тоолон давтаад байхаар нь

Ирэх жил гэж бий гэж эндүү ташаа боджээ би

Мөнх бусын орчлонд ижийгээ амжиж хайрла гэж

Мөн л би хорвоо шиг үглэн давтан дуулах боллоо

Ятга шанзыг уйлуулж мянга дуулаад ч үгэнд ороогүй хүмүүнд

Яажшуухан дуулбал ижийгээ нэг амжиж хайрлах юм болоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих