“Мо Эн Ко” компани Засгийн газрын дэмжлэгээр Хятад руу түүхий нүүрс зөөж эхлэв

Ховд аймгийн хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Мо-Эн Ко” компани санамж бичигт тохиролсон ёсоор

түүхий нүүрсийг Монголын хилээр гаргахгүй, олборлосон бүхнийгээ хагас боловсруулж гаргана гэснээ зөрчиж өнгөрсөн 10 сарын сүүлчээр Ярантын гаалиар 500 тонн түүхий нүүрсийг Хятад руу гаргасан нь тодорхой болов.
Түүгээр ч зогсохгүй тус компани Ховд аймгийн ИТХ-ын 2009 оны 17 дугаар тогтоол, аймгийн Засаг даргатай байгуулсан санамж бичгийн заалтыг үл тоож,  БНХАУ-ын “Байны” гэдэг төмөрлөгийн үйлдвэрлэл эрхэлдэг компанитай энэ онд 110.0 мянгаас доошгүй, мөн  ирэх жилдээ багтааж нэг сая гаруй тонн түүхий нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж амжжээ.
Ховд аймгийн Засаг дарга энэ тухай мэдсэн дариудаа холбогдох газруудаас тодруулж, Хятадын компанитай “Мо Эн Ко” компаний байгуулсан гэрээ, хилээр түүхий нүүрс гаргасан гаалийн мэдүүлэг болон холбогдох баримтуудыг өөр дээрээ авч, сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Засаг дарга Г.Нямдаваа хэлэхдээ Хөшөөтийн уурхай бол манай аймагт ойрын үед ашиглаж болох хамгийн том уурхай учир аймгийн хөгжлийн гарц болох боломжтой гэж үздэг. Чухам ямар хэлбэрээр яаж ашиглавал болох тухайд олонтаа яригдаж байсан. Анх “Мо Эн Ко” компаний нөхөд энэ уурхайг орон нутгийн хөгжилд нэлээд түлхэц үзүүлэх түвшинд, тухайлбал эхний ээлжинд нүүрсний нөөцийн судалгааг хийж, нөөцийг тогтоох ба нүүрсийг олборлож эхлэхийн өмнө боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулах, улмаар олборлосон нүүрсийг  100 хувь коксжуулан, хагас боловсруулж экспортод гаргах, ингэснээр  орон нутгийн иргэдийг түлхүү ажиллуулж, 500-аас дээш ажлын байр гаргах, тухайн орон нутгаас шинэ ажилчдыг сургаж, мэргэжил эзэмшүүлэн ажиллуулах, улмаар 12-36 м/ваттын хүчин чадалтай цахилгаан станц барих, цаашид хийн болон бусад дагалдах үйлдвэрүүд байгуулж, ашиглалтанд оруулах зэрэг үйл ажиллагааг багтаасан уул уурхайн төсөл хэрэгжүүлэх санал оруулж ирсэнийг Засаг даргын зөвлөл, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн төслийг дэмжих шийдвэр гарсан.
Энэ шийдвэрийн дагуу санамж бичиг үйлдсэн ба уг санамж бичигт ямар ч нөхцөлд хуулийн хүрээнд ажиллах, хүн болон байгаль орчинд аливаа сөрөг нөлөө үүсэхээс ямагт сэргийлэх, нэн ялангуяа олборлосон нүүрсийг хэрхэвч түүхийгээр нь экспортлохгүй байх асуудлыг хоёр талаасаа тохиролцож, чухалчилан тусгаж өгсөн. Мөн тус компаниас орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахаар төлөвлөж, аймгийн МСҮТ-д 140.0 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн, зудын хүнд нөхцөлд малчдад туслаж 280 гаруй сая төгрөг, Хөшөөтийн уурхай орчмын сумуудад тус бүр 50-120 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, аймгаас 80 гаруй хүүхдийн зардлыг хариуцан сургаж байгаа, өнгөрсөн онд л гэхэд татварын орлогоос орон нутгийн төсөвт 18.0 сая төгрөгийг төвлөрүүлсэн гээд сайшаалтай зүйлүүд олон бий.
Гэхдээ санамж бичгийг зөрчиж ийнхүү түүхий нүүрсийг Хятад улс руу гаргасан явдал хоёр дахь удаагаа давтагдлаа. Өнгөрсөн жил мөн бидэнд мэдэгдэлгүйгээр дээрээс авдаг зөвшөөрлөө аваад 200 тонн түүхий нүүрсийг Хятад улс руу гаргасан байсан. Тэрчлэн анхлан оруулж ирсэн санал, төсөл төлөвлөгөө нь огт хэрэгжихгүй явж ирлээ. Боловсруулах үйлдвэрээ одоо болтол барьж эхлээгүй, цахилгаан станцын тухайд эхлэл тавигдсан юм алга байна. Хэдийгээр анхлан гаргасан саналыг нь дэмжих байр сууринаас явж ирсэн ч ийнхүү тохиролцсон зүйлүүдийг зөрчиж  буй учир бид энэ асуудлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нээлттэй хуралдаанаар өнөөдөр хэлэлцүүлэн Монгол улсын УИХ-д асуудал болгож тавина гэлээ.
Хэдийгээ Мо Эн Ко – гийнхан анх орон нутгийн эрх ашгийг гүнээ хүндэтгэж буй мэт дүр эсгэн, дээрх болзолуудыг үнэнчээр сахиж мөрдөхөө амлан байж, гарын үсэг зурсан ч бараг л тэр даруйгаас эхлэн ихэрхэж, зөвхөн түүхий нүүрсийг дур мэдэн гаргаад зогсохгүй, хуулийн дагуу уул уурхайг ашиглаж байгаа нөхцөлд Сангийн яам, Уул уурхайн яам БОАЖ-ын газар гэхчлэн холбогдох яамд болон төрийн захиргааны төв байгууллагуудтай гэрээ хийж ажиллах ёстой ч одоо болтол гэрээ байгуулаагүйгүй явж ирсэн аж,
Өнгөрсөн онд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн  өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэн төслийн 2 дахь шат эхлэж байгаатай холбогдуулж, санамж бичгийг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн ба Ховд аймгийн удирдлагаас санамж бичгийн төслийг бэлтгэн, өнгөрсөн хаврын 3-р сард хүргүүлж, араас нь удаа дараа шаардаж, бичиг, тоот явуулсан ч элдэв шалтаг хэлж, бултсаар  санамж бичгийг одоо болтол хүчин төгөлдөр болгохоос зайлхийж байгаа юм байна.
Энэ талаар Мо Энко компаний дэд захирал Баттулгаас тодруулахад бид өнгөрсөн 3 сард ирсэн санамж бичгийн төслийг Гонконгийн толгой компанидаа явуулсан манайтай холбоотой хууль эрх зүйн зарим зүйл тодорхой болоогүй байгаа учраас хүлээгдээд байгаа хэмээв. Хүлээгдэж байж болох ч учир шалтгааныг тайлбарласан хариуг орон нутагт яагаад өгч болохгүй байгаа нь тодорхойгүй. Тэрчлэн Баттулга захирал хэлэхдээ бид төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй байна. Тиймээс 2011 онд Хөшөөтийн  уурхайгаас 500.0 мянган тонн түүхий нүүрсийг гадагш нь экспортлохоор холбогдох яамаар зөвшөөрүүлсэн. Энэ жилдээ яахав дээ нэг их олигтой юм гаргаж амжихгүй нь. Сая нэг 500 орчим тонныг л гаргалаа.

Ашигт малтмалын шинэ хууль нь батлагдахгүй байгаа болохоор бид ийм арга хэмжээ авч байна хэмээв. Тэгээд анхнаасаа яагаад нэг ч тонн нүүрсийг түүхийгээр нь гадагш гаргахгүй гэж санамж бичигт тусгуулсан юм бэ гэхэд тэр санамж бичгийг үйлдэхэд би байгаагүй. Гарын үсэг зураагүй. Манай зүгээс ямар хүн гарын үсэг зурсан юм мэдэхгүй гэв. Санамж бичгийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан хүн нь хаачсан нь бас тодорхойгүй болов. Шинэ хууль батлагдаад эрх зүйн асуудлууд тодорхой болтол танайх заавал түүхий нүүрс гадагш зөөлгүйгээр  өөр эх үүсвэр хайж болохгүй юм уу гэхэд өөр ямар эх үүсвэр байгааг чи надад хэл дээ хэмээн өмнөөс ам асуув. Тэгснээ санамж бичиг ч яахав нэг тийм юм байж л байгаа юм л даа. Гэхдээ бүх асуудлыг Засгийн газар мэднэ шүү дээ гэх маягийн юм ярив. Засгийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан эсэхийг асуухад байгуулсан гэрээ байлгүй яахав бүгд байж байна шүү дээ гэсэн мөртөө гэрээнийхээ огноо дугаарыг хэлж өгнө үү гэхэд  манайх бусад компанитай адил Засгийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломж байдаггүй юм. Хайгуул судалгаа хийх, олборлолт хийх тухай тусгай гэрээнүүд харин байгаа гэх нь тэр.
Хамгийн ноцтой зүйл гэвэл орон нутгийн зүгээс тавьж буй аливаа санал, шаардлага зэрэг нь эрх зүйн хувьд хэрэгжих ямар ч боломжгүй байгаа аж. Тодруулбал аймгийн Засаг даргатай байгуулсан санамж бичигт орон нутгийн ард иргэдийн эрх ашгийг  чухалчилан тусгаж өглөө ч, хамтын ажиллагааны гэрээг яам, газруудтай байгуулдаг, мөн Монгол улсын хилээр аливаа бараа бүтээгдэхүүн гаргах эрхийг УИХ-аас өгдөг болохоор  санамж бичгийг үл тоосон байдал гаргах нь аргагүй бололтой. Дээр нь хил гаалиар нүүрс гаргах зөвшөөрлийг Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас өгчихөнө. Орон нутгийн зүгээс энэ талаар ямар ч эрх мэдэл байхгүй. Ямар сайндаа “Мо Эн Ко” компаний нэг удирдах нөхөр Ховд аймгийн МХГ-ын даргыг хууль ёсны шаардлага тавьсаных нь төлөө Чамайг захиргааны шүүхэд өгнө хэмээн омогдохов дээ.
Нэг ёсондоо манай яам газрын дээд албан тушаалтнууд энэ мэтээр томоохон компаний эрх ашгийн бэлэг тэмдэг болж, тэдэнтэй хуйвалдан ард иргэдийнхээ эрх ашгийг уландаа гишгэж байна гэж үзэж болохоор.
Хууль тогтоомж, журам горим нь ийнхүү түмэн цоорхой, мянган нөхөөстэй, түүнийг өөрчилж бодит шаардлагад нийцүүлэх сонирхол байгаа үгүй нь мэдэгдэхгүй ийм нөхцөлд гадны хөрөнгө оруулалттай, олон улсын хэмээн аархах ашгийн төлөөх компаниуд  ийнхүү дураар авирлахаас ч аргагүй.
Сангийн яамнаас 2010 онд Ховд аймгийн орон нутгийн төсөвт “Мо Эн Ко” компаний орлогоос 1.5 тэрбум (1тэрбум 493.8 сая) төгрөгийг төвлөрүүлэхээр төсвийн саналд тусгаж оруул гэсэн тулган шаардалтыг түрүүхэн ирүүлжээ.
Аймгийн Засаг дарга “Мо Эн Ко” компани нь хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу Хөшөөтийн уурхайд боловсруулах үйлдвэрээ барьж байгуулж ашиглаж эхлээгүй, төлөвлөсөн ёсоор хагас боловсруулсан нүүрсийг экспортолж, түүний орлогоос орон нутгийн төсөвт та бүхний үүрэг болгож буй хэмжээний орлогыг төвлөрүүлэх боломж бий болоогүй тул бид орон нутгийн төсөвт тус компаниас ийм хэмжээний орлого орж ирэхээр тусгах боломжгүй хэмээн хариу өгсөн байна. Харин Баттулга захирал энэ тухайд Ховд аймгийн төсөвт манай компаниас төдий хэмжээний орлого оруул гэсэн үүрэг өгөгдсөн байгаа хэмээв. Уул нь төсвийн орлого бүрдүүлэх төслийг тухайн орон нутаг өөрөө бэлтгэж танилцуулаад сангийн яам холбогдох газраас түүнийг хянаж баталгаажуулдаг баймаар гэтэл сангийн яамнаас шууд л Хөшөөтийн уурхайгаас төчнөөн тоонн нүүрсийг хятад улс руу гаргаж худалдах замаар ашиг олж, дашрамд нь орон нутгийн төсөвт тэдэн төгрөг тушаа гээд үүрэгдчихсэн байх нь. Нөгөөх төвлөрсөн төлөвлөгөөт гэдэг юм жинэхэнээсээ өнөөдөр хэрэгжиж айгаа юм биш үү. Үүнийг “Мо Эн Ко” компани яамны нөхдийн гараар могой бариулан, бид танай төсөвт төдий хэмжээний орлого бүрдүүлэхээр тусгуулсан. Та нар битгий элдвийн шаардлага тавиад бай хэмээн дарамтлах гэсэн далд санаа гэхэд нэг их гүтгээд байсан болохгүй биз.
Тэрчилэн “Мо Эн Ко” компаний хуулийн зөвлөх  Болд гэдэг нөхөр Ховд аймагт ирж төрийн албан хаагчдад сургалт хийх нэрээр танай аймгийн зарим албаны хүмүүс хууль тогтоомж зөрчөөд муйхар шаардлага тавиад байна. Улсын хилээр бараа түүхий эд гаргахыг УИХ мэдэхээс аймаг  мэддэггүй юм хэмээн ухуулга хийсэн байна.
Ийнхүү ашиг хонжооны төлөө улайрч буй зарим нөхдийн жудаггүй үйл ажиллагааг хазаарлах боломж манай төрийн тогтолцоонд байгаа эсэхийг УИХ-ын эрхэм түшээд болгоож үзэхгүй бол болохгүй болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих