Амьд хөгжим, амьд тоглолт… АМЬД ОНИГОО

zorigtТанд онигоо ярьж өгье. Зохиолч Жагдалын Лхагва анхлан УИХ-ын экс гишүүн, зохиолч Л.Одончимэдийн номын өмнөх үг бичихдээ анекдот гэдэг орос үгийг онигоо гэж монголчилсон байдаг гэдгийг дурдъя. Орос анекдот агуупгын хувьд ямар байдгийг сайн мэдэхгүй байна. Харин монгол онигоо нь өгөө дэгээтэй, хошин шогийн зургаа дахь мэдрэхүй  нь
сайн хөгжөөгүй хүмүүст бол жүжигчин Б.Батзаяагийн томъёолсноор “Нэг юм хэлээд байна. Гэхдээ юу хэлээд байгаа нь бүү мэд” гэж мөрөө хавчихад хүргэнэ.

УИХ-ын гишүүн найзтай нэг залуу ярьж байна гэнэ. Их Хурлын 75 мангуунууд гээд л эхэлж л дээ. Гэтэл гишүүн анд нь “Чи юм мэддэггүй ямар сонин хүн бэ. УИХ чинь 76 гишүүнтэй шүү дээ” гэж хэллээ. Тэнд байгсад нирхийтэл инээлдэв. Гэхдээ 76 гишүүнтэйг “мэддэггүй” сайхь залууг бус 76-гаас өөрийг нь хасч 75 мангуу гэж хэлснийг ойлгоогүй эрхэм гишүүнийг шоолсон байх юм.

Энэ бол болсон явдал дээр хошин шогийн жаахан “давс хужир” нэмээд зохиосон онигоо. Гэтэл ярьсан хэлсэн, гаргасан ааш авир нь ямар ч “давс хужир”-гүйгээр онигоо болдог УИХ-ын гишүүд байна. Үүний гол төлөөлөгч гэвэл Мөнхчулууны Зоригт. Овгийг нь заавал задалж бичсэний учир нь УИХ-д Зоригт нэртэй бас нэг гишүүн байгаад оршино. Нэр нэгтийн чих нэг гэдэг учраас хүмүүс амьдаануудыг их андуурдаг юм билээ. Уншигчдаа хүндэтгэн андуурах явдлаас сэргийлэх үүднээс хоёр Зоригтын аль нь вэ гэдгийг арай өөрөөр илэрхийлье.

2004 оны УИХ-ын сонгуульд Иргэний зориг намаас Дорнод аймагт нэр дэвшиж “Наран ургах нутгаасаа” гэж пиардаж байгаад сонгогдон УИХ-ын гишүүн болсон тэр Зоригт. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Сүхбаатар аймагт нэр дэвшиж “Наран ургах нутгаасаа” гэсэн сувгаа солилгүй рекламдаж байгаад төрийн түшээ болж, хэдхэн сарын өмнө Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад ширээн дээрээ “Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгүй” гэсэн плакат тавьчихсан суусан тэр Зоригт. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг Баянтээгийн уурхайг хятадуудад зарсан, авлига авсан гэж, гурвуулаа байгуулсан “Бодь” группээс гарахдаа үүсгэн байгуулагчийн нэг УИХ-ын гишүүн Лу.Болдын эцгийнх нь төрсөн газар хийгээд анх байгуулсан хоршооны нэр “Бодь” гэдэг үгийг дээрэмдсэн хэмээн хэл аманд орооцолдсон тэр Зоригт. Дашрамд тэмдэглэхэд, УИХ-д сонгогдсон гишүүн байна уу, сонгосон сонгогч байна уу, бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй бөгөөд шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй бол хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үздэггүй, тэгж нэрлэж болохгүй учраас Зоригт бол энэ тал дээр ОК. Яах вэ, дээрх хоёр асуудлаар хэл аманд орооцолдож олонд танигдсан гэдэг утгаар нь эшилсэн юм.

Харин твиттерээр жиргэдэг, фейсбүүкээр “найзууд” болдог хүмүүс бол Мөнхчулууны Зоригтыг андахгүй юм билээ.
-Аа нөгөө, хадан дээр эрэгтэй нь гудсалж доороо, эмэгтэй нь бохирч дээрээ байгаа секс зураг тавьж “RT hiihgui baij chadsangui, goyo zurag baing” хэмээн уулга алдан тэчъяаддаг “Зоригт Мөнхчулуун”. Голын эрэг дээр дотоож, хөхөвчтэй байгаа сэтгүүлч бүсгүйн зураг, палааж нь салхинд хийсээд хоёр хөлний хооронд нь дарцагласан бас нэг бүсгүйн зураг… олон эротик зураг тавьсан жиргээч. Бид нэг хэсэг хугацаанд түүнийг гэр бүлийн онлайн сэтгүүл секс.мн-ийн гэрэл зурагчин гэж ойлгож байлаа. Бас Төрийн ордонд авсан гэрэл зургаар жиргээд байхаар нь Чингисийн хөшөөний өмнөх талбайн зурагчдаас нэг нь тийшээ орчихож хэмээн бодож явлаа. Тэгсэн чинь УИХ-ын гишүүн, төрийн түшээ эрхэм байж билээ гэж хөөрөлдөцгөөж байна.

Одоо эрхэм уншигчдадаа эрхэм гишүүнтэй холбоотой амьд онигоо ярьж өгье. Эдүгээ цагт амьд хөгжим, амьд тоглолт гээд найруулгагүй амьд зүйл сонсох ч бас мода болоод байна шүү.

УИХ-ын эрхэм гишүүн Мөнхчулууны Зоригт саяхан Сүхбаатар аймгийг зорьж сонгогч иргэдтэйгээ уулзсан байна. 2012 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймаг дангаараа нэг тойрог болсон, ганцхан төрийн түшээг чуулганы танхимд төлөөлөл болгосон нь энэ эрхэм. Мөнхчулууны Зоригт тус аймгийн Мөнххаан суманд сонгогчидтойгоо уулзлаа. Ярьж байна аа.

-Аймгаа нийслэлтэй хар замаар холбох мөнгийг төсөвт суулгах ёстой байлаа. Засаг дарга Ж.Батсуурь (Сүхбаатар аймаг) бид хоёр Төрийн ордонд явж байгаад коридорт Эдийн засгийн хөгжлийн сайд, “фортуна” Н.Батбаяртай халз тулсан юм. Бидний халаасанд хар зам тавих бэлэн төсөл байв. “Фортуна”-гаар төсөл дээрээ гарын үсэг зуруулахаар өрөөнд оруулаад шахлаа. Баахан ноцолдлоо. Ноцолдоод ноцолдоод байлаа. Арайхийж хүчээр гарын үсэг зуруулсан юм. Би ингэж л энэ хар замыг тавиулсан гэж өгүүлжээ. Уулзалтад ирсэн сонгогчдын хамгийн эхний эгнээнд суусан Дэлхийцэцэг гэдэг эмэгтэй “нөгөө 75 мангууг 76 болгосон УИХ-ын гишүүний яриаг сонссон”-той адил өөрийн эрхгүй түсхийтэл инээчихэж.

Нийслэлээс Сүхбаатар аймгийн төв хүртэлх 600 шахам км хатуу хучилттай замыг “фортуна” Н.Батбаярыг ганцхан удаа ийн хүчилсний эцэст тавиулна гэж юу байх вэ. Хэнтий аймгийн Чингис хотоор дайрч Баруун-Урт хүрсэн хар замыг тавиулсан автор нь УИХ-ын гишүүн Ч.Улаан, экс гишүүн Р.Буд гэдгийг сүхбаатарчууд дэлхий нарыг тойрон эргэдэг шиг төгс мэднэ. Харин хатуу хучилттай зам тавьсан нээлт (уг нь хаалт) өнгөрсөн 2014 оны 10 дугаар сарын 31-нд болоход арван метр гал улаан туузыг хайчилсан автор нь Мөнхчулууны Зоригт, ая дуугаа өргөсөн нь Ч.Хүрэлсүхийн “Андууд” хамтлаг гэдгийг бас мэднэ.

Мөнхчулууны Зоригт гишүүн нь амьд онигоо сонсоод инээсэн Дэлхийцэцэгийг “УИХ-ын гишүүн үг хэлж байхад шоолж инээлээ” гэж загнасан бөгөөд газар дээр нь баривчлах тушаалыг 15 хүний бие бүрэлдэхүүнтэй Мөнххаан сум дахь Цагдаагийн тасагт үүрэг болголоо. Дэлхийцэцэг ингэж уулзалтын нэгдүгээр эгнээний суудлаас цагдаад баригдан гарч явахдаа,
-Та ямар бүдүүлэг хүн бэ? хэмээн үг чулуудаад орхиж. Гэтэл эрхэм гишүүн,
-Та намайг бүдүүн гэлээ хэмээн дэлхийн цэцэг тоосоо гөвж, дээвэр нь цоорхой Мөнххааны Соёлын төвийн хана нэмж хагарах диапазоноор бархирчээ…
Мөнхчулууны Зоригтын амьд онигоог бичиж хүргэхээр нэлээд чармайсан боловч бидний хэл найруулгын ур чадвараас хамаараад сайн болсонгүй бололтой.

Харин уг амьд онигооны бичлэгийг сайт, твиттер, фейсбүүк дээр ойрын үед тавьж олон түмнээ хөгжөөн цэнгүүлж стрессийг чинь тайлъя гэж амлая. Өвөг дээдэс минь “Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зайтай” гэдэг дээ. Энэ ч эрхийгээс бусад дөрвөн хуруугаа нийлүүлээд босоогаор нь хацартаа наахад сонсох эрхтэн чих, үзэх эрхтэн нүд хоёрын хоорондохь зай эзэлдгийг хэлж байгаа хэрэг.

Амьд онигоог өнгөтөөр, үнэн болохыг нүдээр үзэх давхар боломжийг танд үлдээе.

 

 

Б.ДОРЖСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: Anonymous Огноо: 21 February 2015

унэндээ юу уншчиваа.бас юу ч ойлгосонгуй. туй чорт гэж .хайран нvд.

Нэр: зочин Огноо: 29 July 2016

Яасан хүний мууд дуртай хүн бэ Доржсүрэн гуай?????? Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд хамаатай юм аятайхан найруулгатай бичиж чадахгүй бэ юун сонин юм бичдэг өөрөө юу ч чадахгүй хэл амаа билүүдсэн хов жив ярьдаг новш бна да

Сэтгэгдэл бичих