ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНЫ СҮҮЛЭЭР МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН НЬ

АЮУШ АРИУНЗАЯА

Дэлхийн Хоёрдугаар дайны сүүлээр олон улс, ард түмний хувь заяаг өөрчилсөн Ялтын бага хурлын 70 жилийн ойд

Энэ оны хоёрдугаар сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд Монгол Улсын Тусгаар тогтнолыг олон улсын тавцанд Их гүрнүүд хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан Ялтын бага хурлын 70 жилийн ой тохиож байна.                                                                                

Ялтын бага хурал дээр Монгол Улсын Тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцсэн нь

Дэлхийн хоёрдугаар дайны шувтаргаар Герман Улс ялагдах нь тодорхой болоод байсан үед буюу 1945 оны хоёрдугаар сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд ЗХУ-ын Крымын Ялта хотноо болсон бага хурал дээр дайны дараа Европыг хэрхэн өөрчлөн байгуулах талаар ярилцав. Энэ үеэр холбоотнууд ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцох хүсэлтийг тавихад И.В.Сталин хэд хэдэн болзолыг сөргүүлэн тавьж, хамгийн эхэнд Монгол Улсын Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг тавьсан байдаг. Тэрбээр байр сууриа илэрхийлэн: “Нэгэн улс Гадаад Монголыг ЗСБНХУ руу халдан түрэмгийлэх, түшиц газраа болгох гээд байна. Гадаад Монгол нь бүрэн тусгаар тогтнож, хэний ч дор орохыг хүсэхгүй байна”- гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Үүнээс өмнө 1943 оны Тегераны бага хурлын өмнөхөн АНУ, Их Британи, Хятадын удирдагч нарын оролцсон Каирын бага хурлын үеэр Ф.Рузвельт, Чан Кайши нар 2 удаа нууцаар уулзахад, Ф.Рузвельт дайны дараа Америк-Хятадын цэргийн холбоог байгуулж, Хятад-Зөвлөлтийн хилийн дагуу АНУ-ын цэргийн баазуудыг байгуулах саналыг тавихад Чан Кайши ихэд олзуурхан хүлээн авч, хариуд нь Монголыг Хятадад нэгтгэж өгөхийг хүссэн байдаг.Ялтын бага хурал дээр И.Сталин “халдан түрэмгийлэх,  түшиц газар” гэж тэр тохиролцоог хэлсэн бололтой. Үүний зэрэгцээ И.Сталин Өвөр Монголыг Гадаад Монголтой нэгтгэх нь Хятадын бүрэн бүтэн байдалд заналхийлэх аюултай хэмээн үзэж энэ асуудлыг дэмжилгүй, харин хамгийн боломжийн хувилбар нь Гадаад Монголын статус-квог хадгалан үлдээх явдал бөгөөд “статус-кво” гэдэг нь Монгол Улсын Тусгаар тогтнол юм гэж онцлон тэмдэглэсэн байдаг.Тэр үед мөн ЗХУ, АНУ хоёрын аль аль нь Хятадыг буфер улс болгохыг эрмэлзэж байв. Ийнхүү Монголыг тусгаар тогтносон буфер улс болгох гэсэн ЗХУ-ын ашиг сонирхол, Монголын ард түмний тусгаар тогтнох гэсэн ашиг сонирхол нийцэж байсан учраас зорилгодоо хүрч чадсан юм.

Их Британий Ерөнхий сайд У.Черчиль, АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт, ЗХУ-ын маршал, ЗХУ-ын АКЗ-ийн дарга, ЗХУ-ын БХХ-ны дарга И.В.Сталин нар Ялтын бага хурлын үеэр.1945 оны 2-р сарын 4-11-ний өдрүүд.     

Ийнхүү Крымын Ялта хотноо болсон холбоотон их гүрнүүдийн тэргүүн нарын бага хурлаар Дэлхийн хоёрдугаар дайны дараа улс орнуудын хувь заяаг хэрхэн яаж шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж байх үеэр олон улсын тавцанд их гүрнүүдийн тэргүүн нар Монгол Улсын тусгаар тогтносон статус-квог хүлээн зөвшөөрөх маш чухал шийдвэрийг Зөвлөлт Холбоот Улсын тавьсан болзолын дагуу гаргасан түүхтэй юм.                                                                                                                                                               Зөвлөлт-Хятадын хэлэлцээний үеэр Монгол Улсын Тусгаар тогтнолын талаар ярилцсан нь

 Алс Дорнодод Японыг бут ниргэн дайнд ялахын өмнө  Монгол Улсын Тусгаар тогтнолын асуудлаар И.Сталин, Чан Кайши нар хүнд яриа, хэлэлцээрүүд хийж байв. И.Сталин Хятадын талтай хэлэлцээ хийхдээ мөн л хамгийн түрүүнд “Монголын тусгаар тогтнолын асуудлыг нааштай шийдээгүй цагт хэлэлцээг үргэлжлүүлэх боломжгүй” гэж мэдэгдэж байв. Удтал маргалдаж байсны эцэст Чан Кайши Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд гурван болзол тавьсан байдаг. Үүнд, нэгдүгээрт, Манжуурын болон Шинжаны бүрэн бүтэн байдлыг хадгалан Хятадын талд үлдээх, хоёрт, Шинжаны салан тусгаарлагч нарыг дэмжихээ больж, асуудлыг зохицуулахад тус дэм үзүүлэх, гуравт, Хятадын коммунист намд тусламж, дэмжлэг үзүүлэхээ болих гэсэн болзлыг тавьж байжээ. И.В.Сталин Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлыг эхлээд нааштай шийдэхээс гадна бас Манжуурт үр нөлөөгөө үлдээх баталгаа авахыг хүсэж, Японд дайн зарлахаа түр азнаж байв. 1945 оны наймдугаар сарын 9-ний өдөр ЗХУ Японд дайн зарлахад, 1936 оны “Харилцан туслалцах Протокол”-доо үнэнч БНМАУ мөн Японд дайн зарласан билээ.

Наймдугаар сарын 10-ны өдөр Зөвлөлт-Хятадын гэрээ байгуулагдав. Хоёр улс энэ тухай харилцан тоот  солилцсоны  дараа Монголын ард түмний санал асуулгын дүнг харж байж, тусгаар тогтнолынх нь асуудлыг шийдвэрлэнэ гэж Чан Кайши амалж байв. 1945 оны аравдугаар сарын 29-ний өдөр явуулсан бүх нийтийн санал асуулгаар Монголын ард түмэн тусгаар тогтнолынхоо төлөө 100 хувь саналаа өгсөн билээ.               Ийнхүү Дэлхийн Хоёрдугаар дайны хүнд бэрх жилүүдэд Монгол Улс ЗХУ-ын үнэнч холбоотон байж, фашистын Германтай тэмцэхэд сэтгэл санаа, санхүү, эд материалын асар их тусламж үзүүлж, Алс Дорнодод Японы армийг бут ниргэж, Хятадын ард түмнийг чөлөөлөхөд оролцсон билээ.                                                              Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр фашизмын эсрэг, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө, үзэл суртлынхаа зөрчилдөөнийг үл харгалзан 40 гаруй орон нэгдэж тэмцсэн. Ойрын жишээ гэхэд л, Хятадад гоминьдан, коммунист өрсөлдөгч намууд, тэдний удирдагч нар болох Чан Кайши, Мао Зэдун хоёр хамтран нийтийн дайсантайгаа тэмцэж ялалтанд хүрсэн түүхтэй. ЗХУ ч тэдний хэн хэнд  нь тусалж зэр зэвсэг, цэргийн сургагч, зөвлөх нараа илгээж байв. Энэ дайнд холбоотныхоо талд шууд зогссон манай монголын ард түмэн МАХН(МАН), Засгийн газар, Бага хурлынхаа уриа, удирдлаган дор, 1936 оны харилцан туслалцах Протоколдоо үнэнч байж, чадах ядахаараа тусалсан. Бууны гох дарж, дайсныг буудаж алаагүй байж болно, гэхдээ л дайны цагийн дэглэмд ядарч, өлсөж, зовж байж нийтийн дайсны эсрэг тэмцэж, хөдөлмөрлөж, танк, онгоц, хүнс, дулаан хувцас бэлэг болгон илгээж, ялалтыг ойртуулан, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө монголчууд бүгдээрээ зүтгэсэн юм шүү гэдгийг өнөөгийн залууст болон хойч үедээ нууж хаалгүй, үнэн мөнөөр нь ойлгуулж мэдүүлэх нь  түүхчид бидний үүрэг билээ.                                                                        Дэлхийн Хоёрдугаар дайнд Холбоотнууд нийлэн ялахад ЗХУ-д АНУ, Их Британи зэрэг их гүрнүүд лэнд-лизээр гоминьдан,  (зээл-түрээсээр) маш их тусламж үзүүлсний ачаар ялалтанд хүрсэн бөгөөд үүнд бас Монголын ард түмэн ч энэ амь өрссөн тэмцэлд хүч чадал, боломжийнхоо хирээр хувь нэмрээ оруулсан билээ. Ингэснийхээ ч ачаар ЗХУ-ын идэвх санаачлага, дэмжлэгээр Монгол Улсынхаа Тусгаар тогтнолыг Их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.                                            Ялта-Потсдамын бага хурлуудаар Дэлхийн Хоёрдугаар дайны дараах олон улсын ёс дэглэмийг тогтоож, дэлхийн улс орон, ард түмний хувь заяаг өөрчлөн эргүүлсэн шийдвэрүүд гарсны нэг үр дүн бол яах аргагүй Монгол Улсын Тусгаар тогтнолыг Их гүрнүүд, дараа нь Хятад Улс хүлээн зөвшөөрсөн явдал байв. Бид юуны өмнө хойд хөршдөө, тэгээд бусад улс гүрнүүдэд талархаж явах учиртай юм.                               Туйлын хоцрогдсон, ядуу, мөхөж байсан монголын ард түмэн эрх чөлөөгөө олж авч, хамгаалан, олон улсын тавцанд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, улс орноо хөгжүүлэн цэцэглүүлэхэд манай хойд хөршийн ард түмэн удаа дараа тусалж, дэмжиж ирснийг үгүйсгэж, мартах ёс суртахууны болоод ёс зүйн эрх бидэнд байхгүй юм.

Нийгэм, улс төр, түүхийн ухааны магистр, МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга

Аюушийн Ариунзаяа


URL:

Сэтгэгдэл бичих