Зарим сайд бүлгийн хурал дээр худал ярьсан уу?

2-9-11h_700x700

Хямрал далимдуулсан халаа сэлгээ, яам агентлагуудад үргэлжилсээр буй. Энэ тухайд УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт намаасаа томилогдсон зарим сайдаас мэдээлэл авч анхааруулга өгсөн юм. Харин өнөөдөр болох бүлгийн хуралдаанаар МАН-аас нэр дэвшин томилогдсон сайд нараас энэ талаар байцаах бололтой. Тодруулбал, өнгөрсөн хуралдааны үеэр Засгийн газрыг шинээр байгуулах явцад яамдаас хэдэн хүн ажлаас халагдаж, чөлөөлөгдсөн талаар бүлгийн хурал дээр хөндөгджээ. Энэ үеэр зарим сайд хийсэн халаа, сэлгээг булзааруулж, “нэг ч хүн ажлаас халаагүй” хэмээн мэдэгдсэн байна.

Бид өмнө нь мэдээлс­нээр Гадаад хэргийн яам л гэхэд шинэ оны өмнөх өдөр 40-өөд хүнийг ажлаас чөлөөлсөн юм. Ингэхдээ өмнөх сайдын үед газар, хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан нэлээдгүй хүнийг, түүнчлэн хэн нэг дарга цэрэгт огт хамааралгүй энгийн төрийн албан хаагчдыг ч үүнд хамруулсан. Төсвийн хэмнэлт, бүтэц орон тооны өөрчлөлт гээд өөр ямар нэг “цэвэрхэн” шалтгаан олоод үүнийгээ тайлбарлах боломж уг нь эрх мэдэл бүхий сайдад байгаа л байх. Гэвч ийм тайлбар хэлэлгүйгээр “нэг ч хүн ажлаас халаагүй” гэж мэдэгдсэн сайдын нэг нь Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн аж. Бүлгийн хурлын мэдээлэл хэдийгээр нээлттэй байдаггүй ч гишүүдийн ярьж буйгаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Гадаад хэргийн яамны хүний нөөц, халаа сэлгээний асуудлыг нягтлан шалгах, үнэн зөв мэдээлэл авах ажлын хэсгийг томилон гаргахаар болжээ.

Гадаад хэргийн яамнаас нэг өдрийн тушаалаар ажлаас халагдсан хүмүүс дунд тус яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар газрынхаа гурван мэргэжилтний хамт, Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга М.Уламбадрах мөн л хэлтсийнхээ хоёр ажилтны хамт, Дотоод хяналт шинжилгээний газрын захирал н.Хишигсүрэн хэлтсийнхээ зарим нэг ажилтны хамт, Бодлого төлөвлөлт, сургалт судал­гааны газрын захирал Ц.Батбаяр нарын хүмүүс халагдсан мэдээлэл байгаа юм. Энд нэр дурдагдсанаас гадна 30 гаруй хүний нэрсийг энд жагсаах хэрэгтэй ч мэдээлэл нь ил биш.

Бүх л яам, агентлагт халаа, сэлгээ хийхгүйгээр шинэчлэлийн Засгийн газрыг шийдлийн Засгийн газар болгоно гэж Н.Алтанхуягийг огцруулсны дараа дээр, дооргүй мэдэгдэж байсан нь саяхан. Тэр тусмаа ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг тэр үед зарим сайдын ажлыг үүрэг гүйцэтгэгчээр хүлээн авч байх үедээ ч “шинээр томилогдох сайдуудтай халаа, сэлгээ хийхгүй гэдгийг хатуу сануулж, тохиролцсон” хэмээн хэлж байсан. Харин өдгөө тэрээр Ерөнхий сайдын албанд томилогдсон ч дээрх үг нь эсрэгээрээ хэрэгжиж эхлээд байгаа. Мэдээж тэрээр халаа, сэлгээ хий гэсэн үүрэг, чиглэл өгөөгүй л байх, харин танхимын гишүүд нь өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хийсэн бүтцийн өөрчлөлт, боловсон хүчний халаа, сэлгээгээ түүнээс нууж байгаа юм болов уу гэсэн дүр төрх харагдаж байна. Яагаад гэхээр УИХ дахь бүлгийнхээ хурал дээр сайдууд нь худал мэдээл­лийг гишүүдэд өгснөөс үзэхэд ийм дүгнэлт хийж болохоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих