“Алтай Констракшн”-ы үйл ажиллагаагаа явуулж байсан барилгын талбайд хүн нас баржээ

527-1423457044log_200x200Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Саруул Хотхон”-ы барилгын есөн давхраас 36 настай иргэн Б унаж нас барсан хэрэг гарсан байна. Барилгын осол энэ сарын 8-ны 13:50 цагт гарсан бөгөөд тухайн ажилтан есөн давхраас тоосго буулгахаар лифтний хонгилд ажиллаж байх үед лифтний ган татлага тасарснаар есөн давхраас унаж амиа алджээ.
Тус барилгын захиалагч нь “Саруул Хотхон” ХХК, гүйцэтгэгчээр “Алтай Констракшн” ХХК ажиллаж байсан байна. Уг ослын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуунаас тодруулахад “Осол юунаас болж гарсныг тогтоосон. Нэгдүгээрт, “Алтай Констракшн” ХХК тусгай зөвшөөрөлгүй иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж байсан. Хуулийн дагуу барилгын ажил гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах ёстой.
Мөн хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй буюу гэрэлтгүүлэггүй орчинд, лифтний хонгилд үйл ажиллагаа явуулсан байсан. Осол гарах үед тухайн иргэн хамгаалах хувцас, хэрэглэлгүй, тухайн иргэнд хөдөлмөр, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байсан нь тогтоогдсон. Одоогоор “Алтай Констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоосон байгаа” гэв.

URL:

Сэтгэгдэл бичих