Эмнэлгийг эрүүлжүүлэх болгосон шийдвэрээ эргэн харахыг хүслээ
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт орсноор согтууруулах ундаа хэрэглэж, өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болсон этгээдийг цагдаагийн байгууллагын хяналтаас гаргаж, эмнэлгийн байгууллагад хүргэдэг болсон. Хуулинд тусгасан энэхүү өөрчлөлт нь эмнэлгийн байгууллага, тэдгээрийн ажилтан ажиллагсдад ихээхэн хүндрэл учруулах болсон бөгөөд эмнэлгийн байгууллагаас УИХ-ын гишүүдэд гомдол олноор ирүүлэх болсон байна.
Иймд нэр бүхий гишүүд энэхүү өөрчлөлтийг эргэж харах шаардлага байгааг өгүүлсэн саналаа Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлжээ. Дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтөөс үүдэн эмнэлгүүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа гэх мэдээллийн дагуу УИХ-ын эмэгтэй гишүүд өнгөрсөн сарын 31-нд эмнэлгүүдэд ажиллаж, газар дээр нь очиж танилцсан гэдгээ уг саналд тусгасан ба Засгийн газар уг хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн аж.
Б.Туул
montsame
URL: