АНУ-д болох ой тогтоолтын тэмцээнд монголоос 6 тамирчин өрсөлдөнө
Энэ оны 5 дугаар сарын 2-3-нд АНУ-ын Сан Диего хотод 75,000 ам.долларын шагналын сантай “Extreme Memory Tournament” ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны дунд халз явагдах “one-to-one” оюуны спортын тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт нийт 5 төрлөөр 1 сарын 4-нөөс эхлэн 5 долоо хоногийн турш явагдаж дүнгээ гаргалаа. Урьдчилсан шатны тус шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрээс ой тогтоолтын шилдэг олон арван тамирчид онлайн орчинд оюун ухаанаараа өрсөлдсөн юм.
Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 9 тамирчин өрсөлдсөнөөс 6 тамирчин дэлхийн шилдэг 24-т багтсан сайхан мэдээг хүргэж байна. Манай өндөр чансаатай зарим тамирчид энэ удаагийн шалгаруулалтад хувийн шалтгаанаар оролцоогүй билээ.
Тус тэмцээнд оролцох шилдэг 24-т багтсан манай тамирчид:
1. Ой тогтоолтын Их Мастер С.Цогбадрах
2. Ой тогтоолтын Их Мастер С.Акжол
3. Ой тогтоолтын Их Мастер Э.Пүрэвжав
4. 2014 оны Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх /1 төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч/
5. Чээж бодолтын дэлхийн цомын алтан медальт Т.Мягмарсүрэн
6. Ой тогтоолтын өсвөрийн ОУ-ын аварга Т.Энхжин /1 төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч/
Энэхүү шалгаруулалтын “Numbers” төрөлд Э.Энхмөнх нийт 80 цифрийг дарааллаар нь 19,57 секундэд, 2014 оны ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээний нэр, царай цээжлэх төрөлд мөнгөн медаль хүртэж байсан С.Акжол 60 секундэд 28 хүнийг цээжлэн алдалгүй нэрлэж тус тус түрүүлсэн бол “Cards” төрөлд Э.Энхмөнх, “Images”, “Numbers” төрөлд Т.Энхжин нар 2-р байрт орлоо.
Ингээд тус тэмцээнд оролцох эрх авсан тамирчдыг улсаар нь харуулъя.
1. Герман – 7 тамирчин
2. Монгол – 6 тамирчин
3. Швед – 3 тамирчин
4. Англи – 3 тамирчин
5. АНУ – 2 тамирчин
6. Филиппин – 2 тамирчин
7. Норвеги – 1 тамирчин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Мундаг байна шүү…Хатанбаатарт ажмилт хүсье…