Ц.Оюунгэрэл аялал жуулчлалын салбарынханд оюуны хөрөнгө оруулалт хийлээ
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн цоо шинэхэн бүтээл болох “Монголоо таниулъя” ном өнөөдрөөс уншигчдын гарт очиж байна. Тэрбээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын албыг хоёр жил, дөрвөн сарын хугацаанд хашихдаа энэ салбарын хаана нь юу байгаа, ямар нуугдмал боломж байгаа, аль замаар “салбарын гол” урсч гольдрол татагдсан, ямар замаар явбал “үржил шимгүй” байдал угтахыг харж амжсан ч нэг л өдөр огцрон үүрэг гүйцэтгэгч болсон төдийгүй яам нь татан буугдсан билээ. Энэ тухай номынхоо оршилд “Миний мэдэж, сурч, хуримтлуулсан бүхэн тамгаа өгөхтэй минь хамт хавтаслагдаж, аялал жуулчлалаас орлого олж болох олон зуун мянган хүн, аялал жуулчлалд өөрийн шийдвэрээр сайн, муу нөлөө үзүүлж байдаг орон нутгийн удирдлагууд, төрийн албаныхан энэ бүхнийг мэдэж чадалгүй хоцорно гэхээр дэндүү харамсалтай санагдсан юм. Иймээс УИХ-ын гишүүнд ногддог амралтынхаа цагаасаа хугасалж, аялал жуулчлалын тухай мэдлэг, мэдээллээ хуучраагүй дээр нь эмхэтгэн бичихээр шийдсэн минь энэ” хэмээн өгүүлжээ. Түүнчлэн “яг яаж, ямар өнцгөөс нь танилцуулбал Монголыг маань гадныхан таашаан хүлээн зөвшөөрдөг юм бэ гэдгийг мэдэж авснаар зочиндоо үйлчлэх таны ур чадвар, хандлага өөрчлөгдөөсэй, ашиг орлого тань хурдан нэмэгдээсэй гэж хүсч байна” хэмээснээс энэхүү ном хэнд зориулагдсан нь тодорхойлогдоно.
URL: