Рублийн ханш унасан ч Путины “ханш өндөр” хэвээр байна
Украйны хямралтай холбоотойгоор Украин болон АНУ гэх мэт барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Улс орных нь эсрэг хориг арга хэмжээ болон газрын тосны үнийн уналт нь Оросын рублийг үнэгүйдүүлж, эдийн засгийн хямралд авчирч байгаа.
Улс орных нь эдийн засгийн байдал ийнхүү хүндэрч, рублийн ханш унасан ч Ерөнхийлөгч Путины нэр хүнд өндөр хэвээр байгаа аж. Түүний зурагтай, түүнтэй холбоотой эд зүйлсын борлуулалт сайн байгааг худалдаачин хэлж байна.
Худалдаа эрхлэгч Александр “Жуулчид манай Ерөнхийлөгчийг сайн мэддэг, түүнийг хүндэлдэг тул Путины зурагтай сувенирыг худалдаж авахад хэзээд бэлэн байдаг. Зөвхөн жуулчдаар зогсохгүй, Оросын ард түмэн ч тэдгээрийг худалдаж авдаг. Оросын ард түмэн Ерөнхийлөгчөө хайрлаж, хүндэлдэг учраас түүний зурагтай сувенирыг авдаг” гэв.
Мөн худалдагч Вероника Корчагина “Крымийн хойгийг нэгтгэсний дараа хүмүүс Путины зурагтай зүйлсийг худалдан авах нь ихэссэн. Тэд “Крым биднийх” гэж хэлж байсан. Хүмүүс Путины зурагтай зүйлийг худалдан авсаар байгаа нь түүнийг алдартай хэвээр байгааг илэрхийлж байна гэж ойлгож болно” гэжээ.
Москва хотын оршин суугч Юрии “Путин бол Крымийн хойгийг эргүүлэн авсан аугаа удирдагч юм. Хүмүүс түүний зурагтай цамцыг өмсөж явах их дуртай. Би түүний зурагтай цамцыг өмссөн маш олон хүнийг харсан” хэмээсэн байна.
2014 он эхэлснээс хойш Оросын рублийн ханш 50 хувиар унасан тухай албаныхан мэдэгдсэн юм. Гэсэн ч Путин “Барууны орнуудаас авсан хориг арга хэмжээ нь Оросын ард түмэнд өөрсдийгөө хөгжүүлж, дотоод үйлдвэрлэлээ сайжруулах замыг улам хялбаршуулж байна” гээд Украин дахь байр бууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. АНУ, Европын холбоо гэх мэт улс орны эсрэг ийнхүү зоригтой зогсож буй тэрбээр 2014 оны хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн жагсаалтыг тэргүүлсэн билээ.
- See more at: http://world.time.mn/content/53476.shtml#sthash.dFXtfFLM.dpuf
URL: