Монгол цөмийн хаягдлыг буцаан илгээх эцсийн цэг болох уу
Монголын нутагт тэр дундаа Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт Америк, Япон зэрэг улсын цөмийн хаягдлыг агуулах сав барих нууц хэлэлцээр хийгдэж байгаа талаар Японы “Майничи” өдөр тутмын сонинд нийтлэгдэж бусад мэдээллийн агентлагууд дэлхий нийтэд цацсан билээ.
Харин энэ мэдээллүүдийг Монголын холбогдох албан тушаалтнууд эрс үгүйсгэсээр байгаа. Тэгвэл Монгол Улс цөмийн түлш үйлдвэрлэхээс гадна түүнийхээ хаягдлыг зарсан улсаасаа эргүүлэн авч өөрийн нутагтаа булна. Мөн Япон, Америк зэрэг улс цөмийн хаягдлыг буцаан илгээх эцсийн цэг гэсэн гэрээ хийгдэж байгаа талаарх мэдээллийг Японы хэвлэлүүд дахин цацаж эхэлсэн байна. Тодруулбал Японы Майничи болон Tokyo News зэрэг өдөр тутмын томоохон хэвлэлүүдэд энэ талаар дахин бичсэн байна. Тэр ч байтугай дээрх гэрээний нэг хувийг Токио Ньюс сонин олж авсан гэнэ. Тус гэрээнд Японы Санхүү, худалдаа, үйлдвэрлэлийн яам болон Тошиба корпораци нь дээрх санаачлагын талаар АНУ-ын Әрчим хүчний Яам хийгээд Монголын засгийн газартай сэмхэн уулзаж хэлэлцэж буй тухай өгүүлсэн байжээ. Мөн тус баримт бичигт Монголчууд Арабын Нэгдсэн Эмират улстай холбоо тогтоож, ураны түлш нийлүүлж, ашигласан түлшнийх нь хаягдлыг эргүүлж авах талаар хэлэлцээр хийж эхэлсэн тухай хүртэл мэдээлсэн байна. Бүр Ерөнхий сайд С.Батболд энэ оны нэгдүгээр сард Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэрээ цөмийн түлш нийлүүлэх тухай хэлцэл хийсэн байна.
Манай улсын хувьд уранаа түүхийгээр нь биш боловсруулж нэмүү өртөг шингээн зарах сонирхолтой. Харин Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн хэлэлцээрийн үед нийлүүлсэн цөмийн түлшнийхээ хаягдлыг нь эргүүлэн авах тухай яригдсан гэж зарим хэвлэлүүд мэдээлээд буй.
Хэрэв Монгол өөрийн үйлдвэрлэсэн цөмийн түлшнийхээ хаягдлыг ашигласан улсаас нь эргүүлэн авах юм бол түүнийг агуулах байгууламж барих нь зайлшгүй. үүн дээр АНУ, Япон зэрэг улсууд дөрөөлөн “нэгэнт цөмийн хаягдал агуулах байгууламж барих юм бол цөмийн хаягдлаа агуулах газрын хомсдолтой улсуудынхыг ч гэсэн хадгалаач” гэсэн санал тавьжээ. Харин хариуд нь эдгээр улсууд манайд атомын цахилгаан станц барих технологиор туслахаа амласан гэнэ. Мөн мөнгөн төлбөрийн хэмжээ нь ч чамлахааргүй байх нь тодорхой. Япон улсын хувьд 2035 он гэхэд цөмийн хаягдал агуулах газар олдохгүй болох бол АНУ Невада мужид цөмийн хаягдлаа булж байх шийдвэрийг өмнөх Ерөнхийлөгч нь гаргаж байсан ч мужийн иргэдийн эсэргүүцлээс болж түр түдгэлзүүлээд буй. Энэ мэтчилэн өөр өөрийн сул талтай хоёр улс хамтран Монголд цөмийн хаягдал агуулах байр барих төлөвлөгөө боловсруулаад буй аж.
Цөмийн түлшний цогц үйлчилгээ гэж нэрлэсэн энэ төсөл үнэхээр хэрэгжих юм бол НүБ-ын цөмийн асуудал хариуцсан хянагч сахиулын үүрэгтэй Олон улсын цөмийн энергийн агентлаг ч гэсэн цөмийн агуулах барихад техникийн туслалцаа үзүүлж болзошгүй байгааг сая цацагдсан Японы хэвлэлүүдийн цацсан шинэ мэдээлэл дээр дурдагдсан байна. Цөмийн хаягдал булахаар сонгож авсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын хувьд Сүмбэр сумын нутаг Лүн толгой болон төмөр замын 18 дугаар зөрлөгийн хооронд байрлаж байсан зөвлөлтийн цэргийн ангийн хотхоныг түшиглүүлэн 1991 онд байгуулагдсан. Атомын цахилгаан станц болон цөмийн хаягдал агуулах байгууламж барихаар Баянталыг сонгосон шалтгаан нь хүн ам ЦӨӨН, Зөвлөлтийн цэргүүдийн үлдээсэн барилга, төмөр зам, цахилгаан шугамтайгаас гадна хөрсөн доороо усны нөөц ихтэй, томоохон голуудтай зэргийг нь харгалзан үзжээ. Нэн ялангуяа халсан цөмийн ректорыг хөргөхөд усны нөөц нь ихээхэн дэмтэй аж.
Япон улсын хувьд 2035 он гэхэд цөмийн хаягдал агуулах газар олдохгүй болох бол АНУ Невада мужид цөмийн хаягдлаа булж байх шийдвэрийг өмнөх Ерөнхийлөгч нь гаргаж байсан ч мужийн иргэдийн эсэргүүцлээс болж түр түдгэлзүүлээд буй.
Энэ мэтчилэн өөр өөрийн сул талтай хоёр улс хамтран Монголд цөмийн хаягдал агуулах байр барих төлөвлөгөө боловсруулаад буй аж.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин
URL: