Эмнэлгийн салбарын барилгуудыг царцаасан компаниудад ямар хариуцлага тооцох вэ

00 barilga00

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлын явцыг газар дээр нь очиж,  танилцлаа.

Энэхүү ажлын бүрэлдэхүүнд Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Оюунханд, Санхүү эдийн засгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баярсайхан, Хууль эрхзүйн албаны дарга Н.Бат-Эрдэнэ, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Оюунсүрэн, Нийтийн биеийн тамир, спортын бодлого бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Бакытжан, Санхүү эдийн засгийн хэлтсийн Барилгын хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Баянжаргал, Барилгын хөгжлийн төвийн холбогдох хяналтын инженерүүд болон бусад албаны хүмүүс багтсан юм.

Ажлын хэсгийнхэн эхлээд Хан-Уул дүүрэгт баригдаж байсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцсан. 2010 онд эхэлсэн энэхүү барилгын гүйцэтгэгчээр “Нийслэл Өргөө” ХХК ажилласан аж. Хэдийгээр гэрээний үнийн дүнгийн 95,1 хувийг авсан боловч гүйцэтгэл 68 хувьтай байна. Гэвч 2013 оны наймдугаар сараас барилгын угсралтын ажилд нэмэгдэл санхүүжилт шаардлагатай гэсэн шалтгаанаар барилгын ажил зогсоод байгаа аж.

300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явц 68 хувьтай зогсчээ

alt

Тэгвэл тус барилгын урд талд Геронтологийн үндэсний төвийн 60 ортой барилга баригдахаар 2011 онд шаваа тавьсан байна. Мөн л санхүүжилтынхаа 91 хувийг авсан ч барилгын ажил 48 хувьтай явагдаад л зогссон аж.

Геронтологийн үндэсний төвийн 60 ортой барилгын гүйцэтгэл 48 хувьтай зогсчээ

alt

Тус барилгын гүйцэтгэгчээр “Арвис интернэйшнл” ХХК ажилласан бөгөөд тэд барилгын гүйцэтгэл зогссон шалтгаанаа дэд бүтэцийг шийдэж өгөөгүйгээс ажил зогссон хэмээн тайлбарлаж байсан.

Ажлын хэсгийнхэний дараагийн очсон газар бол Чингэлтэй дүүрэгт баригдаж байгаа 1000 суудалтай Спорт цогцолбор юм. Энэхүү барилгын гүйцэтгэгчээр мөн л “Нийслэл Өргөө” ХХК ажиллахаар гэрээ хийжээ. Уг нь 2015 оны намар ябарилгаа дуусгаж, хүлээлгэн өгнө гэсэн гэрээ хийсэн боловч өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 15 хувьтай л байлаа.

Чингэлтэй дүүрэгт баригдаж байгаа Спортын цогцолборын барилгын гүйцэтгэл 15 хувьтай зогсчээ

alt

Эдгээр барилгатай танилцсаны дараа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдрийн ажлыг дүгнэж хэлэхдээ “Бид газар дээр нь ирж бодит байдлыг харж байна. Гэхдээ нөхцөл байдал ямар байгаа талаар маш тодорхой мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр бүх гүйцэтгэгчтэй хийсэн гэрээг цуцлах ёстой. Тэгээд эдгээр гүйцэтгэгч дээр Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Харин дараагийн ээлжинд эдгээр барилгыг цааш нь үргэлжлүүлж, гүйцэтгэх ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Тухайлбал Чингэлтэй дүүргийн спорт цогцолборын барилгыг 2015 онд дуусгахаар гэрээ хийж 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчихаад хийсэн ажил нь 500-800 сая төгрөгийн хооронд хийгдсэн гэсэн Аудитын дүгнэлт гарсан байгаа. Нөгөө нэг анхаарал татсан асуудал бол гүйцэтгэгч компаниуд энэ үйл ажиллагаа эрчимжээд ирэхээр өмч хөрөнгийг үрэгдүүлж, шамшигдуулах асуудал гарч байгаа. Тийм учраас эдгээр объектууд дээр харуул хамгаалалтыг чангатгах ёстой. Дахин давтаж хэлэхэд гэрээг цуцлах шаардлагатай хууль хяналтын байгууллагуудын асуудлыг цааш нь эрчимжүүлж тавих ёстой. Эцэст нь хэлэхэд төрийн өмчөөр баригдаж байгаа Эрүүл мэнд спортын салбарт ашиглалтад орох ёстой обеъктуудын ажлыг шуурхай цааш нь хэрэгжүүлэх тал дээр захиалагч талын хувьд ч хяналт тавих ёстой байгууллагын хувьд ч тэр маш хариуцлагатай хандах ёстой. Бид эргээд гүйцэтгэлийн явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, ард иргэдэд мэдээлэх болно” хэмээн хэлсэн юм.

buzznews.mn


URL:

Сэтгэгдэл бичих