Визгүй зорчдог болсноор иргэд байгалийн баялгийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдох болжээ

ъъъГадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн бямба гарагт Алтанбулаг-Хиагт олон улсын боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

Өнгөрсөн оны сүүлчээр ОХУ болон Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчдог болсон. Харилцан визгүй болсноос хойш зорчигч, тээврийн хэрэгслийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигч 36 хувь, тээврийн хэрэгсэл 23.1 хувиар өсчээ. Зөвхөн энэ оны нэгдүгээр сарын байдлаар зорчигч 23226 буюу 88.5 хувь, тээврийн хэрэгсэл 5242 буюу 54 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Шөнийн 00 цагаас хойш иргэд гаалийн татвараас зайлсхийх, хилээр мансууруулах бодис, эм, зэвсэг, хуурамч валют болон байгалийн баялгийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдох болжээ. Хиагтын шалган нэвтрүүлэх боомтын хил, гаалийн байгууллага нь нэг цагт 5-7 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлдэг. Энэ нь хоёр талд урт дараалал үүсгэж, зорчигчид бухимдах, гомдол гаргах нөхцөлийг бүрдүүлж байна. Нэг тээврийн хэрэгсэл 12 ба түүнээс дээш цагаар дугаарлан зогсч байгаа нь боомтын аюулгүй байдал, журмын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Энэ үеэр ОХУ-ын Буриадын Засгийн газар, ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Буриадад суудаг төлөөлөгч байлцсан юм. Хоёр тал Алтанбулаг-Хиагт хилийн боомтод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх тухай ярилцлаа. “Визгүй зорчдог болвол хөл хөдөлгөөн, ачаалал эрс нэмэгдэнэ гэдэгт хоёр талын хил, гаалийн алба бэлэн биш байж. Үүнийг шийдэж, иргэдийг аль болох зовлон бэрхшээл багатайгаар харилцан зорчуулах хэрэгтэй” гэдгийг талууд харилцан ярилцлаа. Алтанбулаг-Хиагт боомтын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан Л.Пүрэвсүрэн сайд тус боомтод үүсч байгаа хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд шийдвэрлэх бодолтой байгаагаа хэлэв. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцүүлж иргэдийг чирэгдэлгүй, эрсдэлгүй Алтанбулаг-Хиагт боомтоор нэвтрүүлэх арга хэмжээ авахаар боллоо.

ОХУ-ын ихэнх байгууллагууд босоо удирдлагатай, төвөөсөө шийддэг байна. Энэ утгаараа дээрх асуудлыг төр засгийн хэмжээнд ярьж, шийдвэрлэх хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн “Хилийн боомтын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа энэ үед хилийн боомтууд дээр тулгамдаж байгаа хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх ёстойг тусгах нь зөв гэсэн саналыг хэлж байлаа.

 

 

MNB.MN


URL:

Сэтгэгдэл бичих