“ВАШИНГТОН ПОСТ”: Монголын Таван толгойн тухай

Сүүлийн үед Тавантолгойн нүүрсний ордын тухай сэдэв дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээр татаж байгаа билээ. Энэ талаар Америкийн “Вашингтон Пост” сонинд нийтлэгдсэн өгүүллийг орчуулан толилуулж байна.

Вашингтонд дипломат алба хашиж байгаад одоо бизнес эрхэлж буй Жамбалжамцын Од говь нутагт уурхайтай болсноор дүүгийнхээ хамтаар тэрбумтнууд болжээ.
Одоогоор ашиглагдаж эхлээгүй байгаа дэлхий дээрх хамгийн том нүүрсний уурхайн захаар нижигнэлдэх Катерпиллар компанийн хүнд даацын ачааны тэрэгнүүдийг заан тэрбээр ингэж ярилаа. “Хэдхэн бээрийн цаана дэлхий дээрх нүүрсний хамгийн том хэрэглэгч байгаа нь Монголын хувьд тун завшаантай хэрэг. Хятадын эдийн засаг тал хувиар буурлаа ч гэсэн бидэнд байгаа нүүрс тэдэнд хэрэгтэй хэвээр байх болно, энэ нь Хятад улс хэр нүсэр том болохыг харуулж байгаа хэрэг” гэж Ж.Од өгүүллээ. Тэрбээр Вашингтон хотод дипломат алба хашиж байсан бөгөөд одоо дүүгийнхээ хамтаар Монголын уул уурхайн корпорацийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг ажээ.
Хятад улс Монголд ойрхон оршдог, дээр нь эрчим хүчний “өлсгөлөнд” нэрвэгдсэн байгаа бол тус улсад хэрэгтэй болгон Монголд байгаа юм. Ашигт малтмалын лиценз эзэмшдэг монголчууд болон гадаадын хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар Монгол улс нүүрсний салбарт Саудын Арави болох ирээдүйг бүрхэгдүүлж байгаа цорын ганц хүчин зүйл бол Монголыг Хятадтай холбох орчин үеийн тээврийн сүлжээ байхгүй байгаа явдал ажээ.
Монгол улс саяхнаас Тавантолгойгоос төмөр замын шинэ шугам барих бэлтгэл ажлыг эхлүүлсэн нь тун сайн мэдээ болж байна. Гэвч үүсээд буй нэгэн бэрхшээлтэй асуудал нь шинээр тавигдах төмөр зам Хятадыг чиглэхгүй байгаад оршино. Харин нь эсрэг чиглэлд буюу Оросыг чиглэсэн хэдэн зуун бээрийн урттай төмөр зам баригдах ажээ. Энэ нь Хятадын эрчим хүчний эрэлтийг сааруулах вий гэсэн болгоомжлолыг ихээр төрүүлж байгаа юм.
Монголд асар ихээр байдаг боловч бараг хөндөгдөөгүй байгаа нүүрс, уран болон бусад ашигт малтмалын эрэлт хэрэгцээ Хятадад улам бүр өссөөр байна. Хятад улс 2009 онд эрчим хүчний хэрэглээгээр АНУ-ыг гүйцэж түрүүлсэн ба Олон улсын Эрчим хүчний агентлагийн тооцоолсноор 2035 он гэхэд хятадуудын хэрэглээ 75 хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ.
“Эрчим хүчийг хяналтандаа авч чадсан хэн боловч 21-р зуунд бүхнийг хянах болно” гэж Монголын парламентын гишүүн Санжаасүрэнгийн Оюун ярьж байна. Тэрбээр Кембрижийн Их сургуулийг геологч мэргэжлээр төгссөн бөгөөд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байжээ. “Хятадын хил хүртэл төмөр зам тавих хэрэгцээ шаардлага Монголд бий, гэхдээ улс орноо Хятадын түүхий эдийн хавсарга болгохгүй байхыг бодолцох хэрэгтэй” гэж С.Оюун ярилаа.
Өнгөрсөн жил Монгол улс Хятадад нийлүүлсэн экспортынхоо хэмжээг хоёр дахин нэмэгдүүлжээ. Хятадууд Монголын экспортын бүтээгдэхүүний 84 хувийг худалдан авдаг бөгөөд үүний дөрөвний гурван хувийг нүүрс болон бусад ашигт малтмал эзэлдэг байна. Гэхдээ энэ бүхэн зөвхөн эхлэл юм. Тавантолгойн нүсэр орд өнөөг хүртэл хөндөгдөөгүй байгаа бөгөөд Хятад, Орос, Америкийн компаниуд Хятадын асар их эрэлт бүхий зах зээлээс хувь ашиг хүртэхийг зорьж байгаа юм. Хэрвээ хямд өртгөөр, богино хугацаанд тээвэрлэх арга замыг олж чадваас Монгол улс өмнөд хилээрээ экспортод гаргах нүүрсний хэмжээг олон дахин нэмэгдүүлэх боломжтой ажээ.
Одоогийн байдлаар нүүрсийг хүнд даацын ачааны тэргээр говийн нутгийн хатуу хучилт хийгээгүй замаар тээвэрлэж байгаа нь өртөг ихтэй, цаг хугацаа их алдуулахын дээр аз туршсан эрсдэлтэй хэрэг юм.

Б.Адъяахүү


URL:

Сэтгэгдэл бичих