Регги нь өнөөгийн нийгэмд зориулагдсан энх тайван, амар амгалан, хүн хүнээ хайрлах уриатай
Улаан, шар, ногоон өнгийн хослол, ширэлдсэн мэт урт үс, амьдралын сайн сайхныг магтан дуулагчид бол регги хөгжмийн билэг тэмдэг. 1960-аад оны эхэн уед Карибын арлын Ямайка улсад үүссэн энэ урсгалын хамгийн алдартай төлөөлөгч болох Боб Марлигийн нэрийг дуулаагүй, “No woman no cry ” дууг сонсоогүй хүн соёлт ертөнцөд үгүй биз. Ингээд энэ удаагийн дугаартаа Монголд регги урсгалыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж яваа “Anima mundi entertaiment”-ийн продьюсер Г.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа.
-Анх регги хэмээх хөгжмийн өвөрмөц урсгалыг сонирхож, сонсч эхэлсэн үеийг дурсч ярилцлагаа эхэлье?
-2007 оны хавар Hi Fi radio 98.9-т регги хөгжмийн нэвтрүүлгийг явуулж эхэлсэн. Тогтмол нэвтрүүлэг байсан л даа. Харамсалтай нь сонсогчдоос тэр бүр хандалт ирдэггүй байлаа. Тухайн үед хүмүүсийн энэ талын мэдлэг арай дутмаг байсан байх л даа. Тун удалгүй монголд “Souljhas” нэртэй регги хамтлаг байгуулагдсан. “Raggue buzz” нэртэй газарт цуглаж, хоорондоо дуртай хөгжмийнхөө талаар ярилцдаг байлаа. Тэндээс л ““Souljhas” хамтлагийн анхны уран бүтээлүүд төрсөн гарсан. Ингэж л бид монголд регги хөгжмийг сурталчилж эхэлсэн. Түүний дараагаас телевизүүд энэ урсгалын хөгжмийн нэвтрүүлэг бэлтгэж, регги уран бүтээлийн клипүүдийг цацаж эхэлсэн дээ.
-Регги хөгжим сонирхдог залуусыг цугладаг “Big up” шоуг зохион байгуулдаг байх аа?
-Регги хөгжим сонсох дуртай залуусыг нэг дор цуглуулъя гэсэн үүднээс үдэшлэг, арга зохион байгуулахаар шийдсэн. Хамгийн ах реппэр Сее-тэй хамтран хип хоп, регги үдэшлэг хийсэн. Дараа нь 2007 онд регги үдэшлэгийг зохион байгуулсан юм. Анхных болоод ч тэр үү 50 гаруй хүн цугласан л даа. Тэдний дийлэнх нь гадаадууд байлаа. Жилдээ 2-3 удаа тогтмол энэ үйл ажиллагаа зохион байгуулсаар байна. Залуус маань ч мэддэг болж. Энэ төрлийн хувцас хэрэглэл зардаг дэлгүүр, үсний засалт хийдэг салонууд нээгдэж байна. Жил ирэх тусам үйл ажиллагааны маань цар хүрээ өргөсч байгаад баярладаг даа.
-Регги урсгалын хөгжмийн бусад урсгалаас ялгарах гол онцлог нь юу юм бэ?
-Энэхүү хөгжмийн гол онцлог нь цохилт. Нарийн тооцоолсон, тэгш хэмнэлт бөмбөрийн товшилтонд тааруулан гитар, бүрээ эгшиглэж, дуучин хэмнэлд нь автдаг. Регги урсгалын бүтээлд амьдралын сайн сайхны тухай сэдэв зонхилдог. Асуудал их тохиолддог ч найдвараа алдахгүй байх, бүх зүйл сайхан болно гэдэгт итгэхийг уриалсан үгс регги дуунд олон бий.
-Ширэлдсэн юм шиг урт үс, өвөрмөц хувцаслалт нь хүмүүсийн анхаарлыг татдаг байх?
-Үс засалт, хувцасны хэв маягийн хувьд одоо аль хэдийнээ дэлхий даяар тарчихсан. Анх ийм үс засалттай явахад янз бүрийн л хандлагууд гарсан. Зарим нь “Хүрч үзэж болох уу” ч гэдэг байлаа. Энэ бол залуусын өөрсдийгөө илэрхийлэх гэсэн амьдралынх нь хэв маяг шүү дээ. Одоо бол хүмүүийн хандлага маш өөр болж байна.
-Ингэхэд reggae гэж яг юу гэсэн үг юм бэ?
-Оноосон л нэр юм даа. 1960-аад оны эхэн үеэс Ямайкаас үүсэлтэй урсгал.
-Боб Марли бол регги хөгжмийн хамгийн тод томруун жишээ шүү дээ?
-Боб Марли реггиг Ямайкийн хил давуулан, дэлхийн хөгжим болгоход гол нөлөө үзүүлсэн гэдэг. Ямайкийн уламжлалт дуу, үндэсний урлагийн зарим онцлог элементийг ска, рокстиди урсгалтай хослуулсан регги үүссэн цагаасаа хөгжим сонирхогчдын дунд өргөн тархан, шүүмжлэгчдийн анхаарлыг татсан түүхтэй. Энэ урсгалын эхэн үеийн төлөөлөгчдөд Bunny Lee, Clance Eccles, Larry Marshal, Peter Tosh, Dennis Brown, Jimme Cliff, King Tubby нар багтдаг. Ритм гитар, банжо, бүрээ, бөмбөрийн товшилтоос гарах удаан, түргэн хэмнэлийн голч нь чихэнд наалдацтай, сонсоход сэтгэлд дотно санагддаг биз. Боб Марлигийн хүүхдүүд төдийгүй ач нар нь энэ урсгалаар дуулж байна шүү дээ. Ирэх хоёрдугаар сарын 6-нд Боб Марлигийн төрсөн өдрөөр мөн үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа.
-Африкын улсуудын тухайн үеийн нийгмийн байдалд дуу хөгжим, тэр дундаа регги урсгал их нөлөө үзүүлж байсан гэдэг?
-1930 онд Ямайкад дэлгэрсэн растафариан хөдөлгөөний тухай сэдэв ч энэ хөгжмийн нэг хэсэг. Эхэн үеийн регги уран бүтээлчдийг растафариан илтгэгчид гэж болно. Растафариан гол үзэл агуулга нь эх дэлхийгээ хайрлах, дайн дарангууллыг эсэргүүцэн, арьс өнгөөр ялгаварлах үзлийг зогсоож энх тайваныг түгээх юм. Растафариан нь улс төр, шашин шүтлэг, уран зохиол, кино гээд олон салбарт түгсэн ч орчин үед регги хөгжимд шингэн үлдсэн байна.
Карибийн тэнгисийн зүгээс үлээсэн регги көгжмийн салхи 1970 он гэхэд Америк, Европ, Ази, Африк тивийг хамарчээ. Ялангуяа томоохон клубийн дижи нар шинэ онцгой дуугаралтыг эрж хайн, тухайн үед гарч ирсэн реггиг ихээр тоглуулдаг байжээ. Ямайк улс хоёр хэсэгт хуваагдаж, нийгэм хүнд байх үед Боб Марли “Оne love, оnе реасе” тоглолтоо хийж, хоёр талын удирдагчаа гар бариулж, цаг үеийг намжааж байсан ч гэдэг. Дайн, хүчирхийллийг эсэргүүцсэн, хайр сэтгэлийг илэрхийлсэн утгатай дуунууд их байдаг. Тийм ч болохоор хүмүүс илүү сонирхдог байх.
-Азийн улсуудаас энэ урсгалыг хөгжүүлж байгаа жишээг дурдаач?
-Япон улс энэ урсгалд бас томоохон байр суурь эзлэхээр болж байна. Урд хөршид ч тэр. Ерөнхийдөө хаана ч жигд хөгжиж байгаа гэхэд болно. Гадны улсуудын регги урсгалын хөгжил, уран бүтээлчдийн тухай судалж байна. Улс болгон өөр өөрийн онцлогтой уран бүтээлчидтэй болж байна. Тийм ч болохоор бид дараагийн удаад гадны, амьдаар тоглодог регги урсгалын хамтлаг, дуучдыг эх орондоо авчирч, тоглолт зохион байгуулах бодолтой ажиллаж байна.
-Регги гэхээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэх мэтээр ойлгох хүмүүс цөөнгүй бий?
-Мэдээлэл дутуу учраас л тийм байдлаар хүлээж авдаг байх. Кино, видеоноос л өнгөцхөн мэдээлэл аваад, тэрүүгээрээ дүгнэх нь бий. Ялангуяа хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ тал дээр. Гадны зөвшөөрөгдсөн улсууддаа байдаг л байх. Харин бүгд тийм биш. Энэ бол хөгжмийн маш том урсгал. Энэ урсгал өөрөө энх тайван, амар амгалан, хүн хүнээ хайрлах уриатай. Яг одоогийн энэ нийгэмд тохирсон уриа байгаа биз. Тийм учраас залуустаа битгий өнгөцхөн дүгнэж, буруугаар ойлгоорой гэж хэлмээр байна.
-Хөгжмийн энэ урсгал бусад урсгал шиг салбарлан хөгжиж байгаа нь гарцаагүй. Регги хөгжмийн хичнээн төрөл байдаг юм бэ?
-70-аад оны үеийг реггигийн алтан үе хэмээдэг. Өдийг хүртэл бүтээлээ туурвиж буй “UB 40, Midnite, The Ethiopains” зэрэг алдартай уран бүтээлчид тэр үед байгуулагдсан байдаг. Улс орон бүрт харилцан адилгүй тархахдаа тухайн орны соёл, онцлогоос хамааран дагавар шинэ төрлүүд бий болдог нь ямар ч хөгжмийн урсгалд энгийн үзэгдэл. Реггигийн хувьд Ямайкад үүсэж, удалгүй Америкийн сонсогчдод хүрч, улмаар таван тивийхний сонорыг мялаах болсон. Ингэхдээ дотроо хорь орчим төрөлд хуваагдсан байдаг. Регги урсгалыг хип хоп урсгал үүсэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэж хөгжим судлаачид үздэг.
Тухайлбал, хип хопын эх өлгий болсон Нью-Йорк хотод регги хөгжмийн төрөл 1980-аад оны эхээр үүссэн гэдэг. Энэ төрлийн уран бүтээлчид реггигийн хэмнэлд үглэдэг. Бусад хөгжмийн онцлогийг хадгалан хөгжихийн зэрэгцээ зарим хамтлаг дуучид реггигийн элементээс бүтээлдээ тусган туурвих нь элбэг. Хамгийн анх “Beatles” хамтлагынхан “Ob-la-di ob-la-da” дуундаа регги хэмнэлийг ашигласан байдаг. Регги хөгжим үүсээд дөч гаруй жил болж байгаа бөгөөд өдөр ирэх тусам олон сая хүмүүс регги хөгжмийн хэмнэлд уусаж байна.
-Регги хөгжмийн билэгдэл нь улаан, шар, ногоон өнгө байдаг. Энэ нь ямар утга, билэгдэлтэй юм бэ?
-Реггигийн сүлд болох гурван өнгийн тугны улаан нь Растафариан хөдөлгөөний төлөө амиа өгсөн хүмүүсийн цус, шар нь газар нутгийн эд баялаг, ногоон нь Африкийн байгалийн сайхныг илтгэдэг. Эх оронч билэгдэлтэй энэ хөгжим үүссэн газраасаа хальж, дэлхийн сонсогчдын сонорыг мялаах болсон нь учиртай.
-“Anima mundi entertaiment”-ийн үйл ажиллагааны тухай ярихгүй юу?
-Байгуулагдаад гурван жил болж байна. Хувь хүн болон албан байгууллагын баяр ёслол, тэмдэглэлт ойн баяр, тоглолт, үдэшлэг зохион байгуулах, мөн лазерь, проектор, тайз, хөгжим, гэрлийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн амьд хөгжмийн хамтлаг дуучид, хөтлөгч, дүрс бичлэг, мантаж, гэрэл зурагчдыг зуучлах үйлчилгээг үзүүлдэг.
А.Халиун
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: