Гадаадынхан Монголд хөрөнгө оруулах нь үр ашиггүй гэж дүгнэлээ
Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед Монголчууд хөрөнгө оруулагчдыг татаж чадах уу? гэдэг нь асуултын тэмдэг хэвээр үлдлээ.
Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулж, бизнесийн үйл ажиллагаа явуулахад үр ашиг багатай гэдгийг онцолж байна. Тэд яагаад ингэж дүгнэх болов?
Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө оруулалтыг дэмжих сангийн захирал КЕВИН ЦИСИНСКИ “Ер нь Монгол гэлтгүй Мьянмар, Энэтхэг, Казакстан зэрэг хөгжиж байгаа орнуудад байшин барилга, эмнэлэг, зам гүүр барихад ихээхэн анхаарч хөрөнгийг ихээр төвлөрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа. Харин хөрөнгө оруулагчид үүнийг биш, зөвхөн хөрөнгө оруулсан мөнгө нь эргэж орж байна уу гэдгийг л бодолцоно шүү дээ. Жишээ нь, би хүнд мөнгө өглөө гэхэд тэр нь хэдэн төгрөг болж өсөх вэ, хэдийг эргүүлж авах гэж л анхаарна шүү дээ. Өөрөөр хэлбэл, мөнгөө найдвартай байлгах гэнэ. Гэтэл Монголд бодлого шийдвэр нь байнга өөрчлөгдөж байгаа учраас хөрөнгө оруулагчид итгэлгүй байна. Тиймээс Монголын талаар мэдээлэл янз бүрээр тархаж, хөрөнгө оруулагчид найдвартай эсэхэд нь эргэлздэг” хэмээн ярьжээ.
Монгол, Энэтхэг Казакстан зэрэг хөгжиж байгаа орнуудын эдийн засаг хямарч байгаа. Энэ үед хөрөнгө оруулагчдыг татахын тулд дэлхийн зах зээл дээр Монголчууд нэгдмэл бодлого баримтлах хэрэгтэй гэж үзэж байна.
Монгол дахь хөрөнгө оруулагч Майкл Преис “Монголчууд хөрөнгө оруулагчдаас мөнгө авахдаа тогтмол, бас тодорхой зарчим баримтлах хэрэгтэй. Одоогоор тийм ч биш, эргэлзээ төрүүлмээр олон зүйл байгаа. Харин гадныхан монголд олон талын хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг, их зүйлийг амладаг. Тэдэнд тодорхой мэдээлэл байхгүй учраас зарим хүмүүс ихээхэн бухимддаг. Жишээ нь би Монголд хэд хэдэн салбарт хөрөнгө оруулсан ч гэсэн валютын асуудал зэргээс хамаараад ашиггүй байгаа учраас хэцүү л байна” хэмээн дүгнэжээ.
Гадаадынхан уул уурхай гэлтгүй зочид буудал, ресторан, хөдөө аж ахуй болон бусад жижиг салбарт ажиллаж, хөрөнгө оруулахыг хүсдэг. Гэтэл хөрөнгө оруулагчдад ажиллах таатай орчин бүрдэхгүй байгаа учраас алдагдал хүлээх болжээ. Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулалтын байгууллагын ерөнхийлөгч Кейд Спинс “Тээвэрлэлтийн сүлжээгээ сайжруулж чадвал нүүрсийг одоо байгаа ханшаас 60-70 доллараар үнэ өсгөж зарах боломжтой. Монгол хамгийн дээд чанарын коксжсон нүүрсээ 60 доллараар экспортолж байгаа нь харамсмаар” гэдгийг тэмдэглэсэн юм.
Мөн Портфолийн менежер Исаак Шварц “Тээвэрлэлтээс болж үр ашиг муутай байна. Монголчууд нүүрсийг хэт хямд үнээр экспортолж байгаа. Цаашид өндөр үнээр экспортлох боломж байгаа. Цаашид дэд бүтцийн төсөл амжилттай хэрэгжвэл энэ асуудал шийдэгдэх байх аа” гэв.
Эх сурвалж: 24tsag.mn
URL: