Ноён уул, дараа нь Бурхан Халдун…

noyon uulХүн төрөлхтөн оршин тогтнохын тулд нэн тэргүүнд буй болгосон чухал зүйлсэд соёл, ёс заншил, өв уламжлал орно. Энэ бол улс үндэстэн бүхнийг нэг нэгээс нь ялгаж, тухайн улс үндэстэн үндэс угсаагаа эрхэмлэн дээдлэх өв соёлыг үр хойчдоо залгамжуулан үлдээх хөрс суурь болж байдаг. Харин бид өнөөдөр энэ бүхнээ тасар татан хаях гэж байна. Ноён уулаа бид ухах гэж байна. Ноён уулыг ухах зөвшөөрөл гаргуулж чадсан гадаадын компаниуд маргааш Бурхан Халдун уулыг ухах зөвшөөрлийг ч гаргуулж чадна. Яагаад гэвэл “Бидэнд хайрлан хамгаалах, бишрэн шүтэх үнэт зүйл үгүй. Мөнгө бол бидний ёс суртахууны хэм хэмжүүр” гэж үздэгээ манай улстөрчид дэлхий нийтэд зарлаж байгаа учраас тэр. Тандалт судалгаа болон зарим нэг баримтаас харахад Бурхан Халдун уул ч бас багагүй баялагтай. Энэ удаад эдийн засгийн хямралаас гарах хамгийн боломжит хувилбар бол Ноён уулын дор байгаа 50 тонн алт юм байж.

Гэвч энэ уулнаас ч илүү их баялагтай Оюутолгой, Тавантолгой бидэнд баялаг биш “хараал” болчихоод байна. Хэрэв Ноён уул энэ хоёрын араас орж гацвал дараагийн хямралаас гарах аврал Бурхан Халдун болбол бид яах вэ. Эхнийхийг нь зөвшөөрсөн дараагийнхыг нь зөвшөөрөхөөс өөр гарц байхгүй гээд сууж байх уу. Хямралаас гарах олон арга бий. Харин өв соёлоо хадгалж хойч үедээ өвлүүлэхэд хамгаалах гэсэн ганц л арга бий. Дэлхийд соёлын өвөө устгасан олон улс орон бий. Тэд өнөөдөр өв соёлоо сэргээж, хамгаалах гэж хэдэн зуун Ноён уулыг босгох хөрөнгө зараад ч үр дүнд хүрэхгүй байна. Одоогоос арав гаруй жилийн өмнө Афганистаны Засгийн эрхэнд гарсан талибууд шашин шүтлэгээ авран хамгаалах нэрийн дор Бамианы хадан ууланд байх Бурхан багшийн хөрөг зургийг буудаж, дэлбэлж, устгасан. Үүнийг дэлхий нийт мэднэ. Тэд мусульман шашнаа хамгаалж байгаа нэрийн дор дэлхий нийтэд соёлын өвийг ийнхүү устгасан юм.

Харин одоо бид нэр нь, үзэл санаа нь өөр ч улс орноо эдийн засгийн хямралаас гаргахын тулд дэлхийн түүхэнд мөрөө тод үлдээсэн Хүннүчүүдийн дээдсийн онгон бүхий газрыг устган сүйтгэх гэж байна. Олборлолт хийх газарт булш байгаа эсэх нь тийм ч чухал асуудал биш. Хамгийн гол нь тухайн газарт олборлолт явууллаа гэхэд арав гаруйхан бүү хэл хэдэн зуун километр хол байсан ч байгаль экологийн сүйрэл энэхүү уулыг залгих болно. Өнөөдөр байгаль экологийн сүйрэл арван километрээр зааглагдаад зогсдог байсан бол цөлжилт, цаг уурын өөрчлөлт, дулаарал гээд энэ бүхэн дэлхий нийтийг цочроох асуудал болох байсан гэж үү. Нөхөн сэргээлт хамгийн сайн хийдэг гэж бас нэг юм яриад байгаа. Үнэндээ нэгэнт хөндсөн ямар ч байгалийг нөхөн сэргээнэ гэж байдаггүй бөгөөд хөрсөн дор байгаа алтыг нь авч, шороог нь эргүүлж, овоолоод хэдэн зуун мянган мод тарьсан ч одоо урсч буй гол, горхи дахин хэзээ ч урсахгүй. Түүнээс гадна газрын хөрсөн дэх цэвдэгийн хайлалт зөвхөн тухайн олборлолт хийсэн бүсэд явагдаад зогсохгүй улам цаашлан яргаж, тэр уулын цэвдэг хайлахад нөлөөлөх аюултай.

 

Д.Лхагва-Очир


URL:

Нэр: Anonymous Огноо: 31 January 2015

Энэ арай дэндэнээ би зевшеерехгvй хэзээ байтлаа монголоо алдмар ев соëлоо хамгаалах ëстой байтлаа ухаж сэндийчиж болохгvй шдээ яасан арилсан дотортой хvмvvс вэ

Нэр: puujee miga Огноо: 16 February 2015

байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жил зовдог бол байгаагаа мөлжүүлцэн уул хэдэн жил зовох бол…

Сэтгэгдэл бичих