Архины хууль ард түмний хүссэнээр батлагдах уу?

155054-29012015-1422504218-574148968-Untitled-1-Монголчууд жилд 20-23 сая орчим литр архи хэрэглэж байна-

Архидалттай тэмцээд, амжилтад хүрсэн орон байна уу гэж асуувал аль улсыг нэрлэх бол. Энэ талаар судалж үзвэл архидалтыг шийдсэн орон байдаггүй. Гэхдээ архины зохистой хэрэглээ, стандарт хангасан үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээтэй улс гэвэл барууны орнуудаас эхлээд АНУ-аар жишээ татаж болох байх.

Дэлхийн зарим улсын адил манайд ч архидалт нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсоор өнөөг хүрлээ. Монголд нэг хүнд оногдох архины хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгааг албаны хүмүүс онцолж байна. Үүнийг хоёр талын үзүүлэлтээр тайлбарлаж болох талтай. Нэг талаас улсын төсөвт төвлөрч байгаа онцгой албан татвар 50, 100 тэрбумаар нэмэгдэж байгаа.

Нөгөө талаас 2010-2013 оныг хүртэл архины үйлдвэрлэл тогтмол нэмэгдэж, жилд хоёроос гурван хувиар ихэссэн байна. Харин 2014 онд архины хэрэглээ эргээд буурсан ч шар айрагны хэрэглээ 2010 оноос хойш өнөөг хүртэл тогтмол нэмэгдсээр байна.

Өнөөдөр монголчууд жилд 20-23 сая орчим литр архи хэрэглэж байгаа аж. Үүний зэрэгцээ 350 мянган литр архийг гаднаас авдаг байна. Тэгэхээр энэ их хэмжээний согтууруулах ундааны хэрэглээг зохицуулах зайлшгүй шаардлага үүссэн нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хууль эрх зүйн хатуу зохицуулалт нийгэмд яах аргагүй үгүйлэгдэж, шийдлээ хүлээж байгаа юм.

Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан. Үүний дараа Засгийн газар энэ сарын 20-нд Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өөрийн хувилбараар мөн өргөн барьсан юм. Хэдийгээр бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих, согтууруулах ундааны хор уршгаас хамгаалах зорилгоор стандартын шаардлага хангасан согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох үйл ажиллагааг согтууруулах ундааны эрэлт, нийлүүлэлт, хэрэглээг хязгаарлах замаар зохицуулна гэж байгаа ч нөгөө талаас улстөрчдийг лоббидох байдлаар хууль орж ирэх вий гэсэн хардлага байгаа.

Хувийн ашиг сонирхолтой улстөрчид, бизнесийнхний хувьд улс төрийн хүрээнийхэнд нөлөөлөх магадлал өндөр гэж болно. Иймд уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг авч үзэж байгаа энэ үед хуулийн төслийн талаар зарим мэдээллийг хүргэж байна.

Одоогоор манайд 7100 орчим найман нэрийн барааны дэлгүүрээр архи болон энэ төрлийн бүтээгдэхүүн худалддаг. Тиймээс найман нэрийн дэлгүүр эрхэлж буй хүмүүсийн амьдрал хэцүүдэж мэдэх юм.

Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын өргөн барьсан Согтууруулах ундааны хяналтын хууль нь төстэй гэж болно. Л.Эрдэнчимэг гишүүний хуулийн төсөлд архины жижиглэн худалдааг илүү нарийн тусгажээ. Хуулийн төсөлд хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэсэн этилийн спирт, бүх төрлийн архи, хоёр хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг согтууруулах ундаа гэж тодорхойлж, 21-ээс доош насныханд худалдаалж, хэрэглэхийг хоригложээ.

Согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр аж ахуйн нэгжид Засгийн газар олгохоор тусгасан бол үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэхдээ тусгай зөвшөөрөл авах юм. Мөн 10:00-22:00 цагийн хооронд тусгай зөвшөөрөлтэй цэгээр худалдана. Архины эрэлт, нийлүүлэлт, хэрэглээг багасгахын тулд татварыг нэмэгдүүлэх, согтууруулах ундаа үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд төрийн зүгээс хөнгөлөлттэй зээл, урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байхаар тусгажээ.

Харин Л.Эрдэнэчимэг гишүүний хуулийн төсөлд хэд хэдэн заалтыг нэмж тусгасан байна. Тухайлбал, байршлыг харгалзан 2000 мянган хүн ам тутамд нэгээс ихгүй, 2000-аас доош хүн амтай суманд 2-оос дээшгүй байхаар тооцож сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоох зэргээр үргэлжилнэ.

Хоёр талаас өргөн барьсан энэ хууль цагаа олсонгүй гэж хэлж буй улстөрч олон байна. Архидалтын гол шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл. Тиймээс эдийн засаг хүнд, ажилгүйдэл их байгаа үед уг хуулийг батлах гэж байгаа нь тохиромжгүй. Иргэд хуулийг мөрдөж, хэрэгжүүлэхгүй гэж үзэж байгаа аж. Мөн архидан согтууралтын эсрэг хатуу хуультай болсноор Монгол эргээд гэрийн нөхцөлд стандартын бус хуурамч архи үйлдвэрлэх, шагийн худалдаа цэцэглэж 1990-ээд оны үе рүүгээ очих вий гэх болгоомжлол бас бий. Түүнчлэн эдийн засаг, ажлын байр талаас нь ч харвал хүнд байгаа юм.

Одоогоор манайд 7100 орчим найман нэрийн барааны дэлгүүрээр архи болон энэ төрлийн бүтээгдэхүүн худалддаг. Гэтэл энэ хуулиар согтууруулах ундааг зориулалтын тусгай жижиглэнгийн цэгээр худалдаална гэж байгаа. Тиймээс найман нэрийн дэлгүүр эрхэлж буй хүмүүсийн амьдрал хэцүүдэж мэдэх юм. Архины эсрэг хууль гаргаж байсан олон улсын туршлагыг сонирхоод үзвэл амжилттай болж байсан түүх ховор аж.

Тухайлбал, 1920-оод оны АНУ-ын гаргасан архины хориг нь эргээд мафийг төрүүлсэн байдаг. Мөн 1914 оны ОХУ-ын архины хорио архаг архидалт, донтолтыг бий болгосон гэж үздэг. Тиймээс хорьж цагдах замаар бус зохистой хэрэглээг нь урамшуулах, ухамсартай ажиллах ёстой гэсэн санааг олонх дэмжиж байгаа аж. Харин хатуу хууль гэхээсээ илүүтэй эдийн засгийн хөшүүрэг буюу татварын бодлогоор дэмжсэн туршлага барууны орнуудад олон байдаг байна.

Тухайлбал, нэг градусаар бага хувьтай архи үйлдвэрлэвэл татварын нэг хувийн хөнгөлөлт үзүүлэх юм. Арван жилийн дараа гэхэд 10 градусаар бага болж арван хувийн хөнгөлөлт үзүүлдэг байх жишээтэй. Үүнийг дагаж бага хувьтай согтууруулах ундааг олон нийт хэрэглэж заншдаг байна. Архидалттай тэмцэх энэ мэт туршлагаас санаа авахад ч илүүдэхгүй байх.

Монголчуудад дутагдаж буй өөр нэг шалтгаан бол ухамсар. Бид архитай нь биш архичинтай нь тэмцэх ёстой. Гэтэл өнөөг хүртэл архины хориг, хязгаарлалт хэмээсээр ирлээ.

Энд нэг зүйлийг онцлоход Согтууруулах ундааны хяналтын тухай хууль Монголд нэн хэрэгтэйг үгүйсгээгүй бөгөөд архидалт, түүнээс үүдэлтэй гэмт хэрэг гээд буруу, муу болгоныг өмгөөлж, хамгаалж, өөгшүүлэх гэсэнгүй. Нийгэм даяар хямралтай, ажилгүй орлогогүй хүний тоо олон байгаа үед хатуу дэг тогтоовол хямрал, ажилгүйдлийг дагасан архидалт улам гаарна гэсэн болгоожлол байгаа нь нууц биш. Улстөрчид ч энэ тухай ярьдаг.

Хэн нэгний бизнест халдах зорилгогүй бөгөөд нийгмийн хямралтай байдлыг далимдуулсан хор уршиг улам нэмэгдэх вий гэсэн сэрэмж юм. Ер нь монголчууд хааж хавчсан юм болгоны өөдөөс сөрдөг, нуух тусам цааш нь ухдаг зантай хүмүүс. Шөнийн цэнгээний газруудыг 24:00 цагаас хойш ажиллуулахгүй гэсэн шийдвэр гарсны дараа шөнийн цагаар ажилладаг газар илүү олон болж, нууц үйл ажиллагаа явуулдаг болсон жишээ бий.

Ямар боловч энэ хуулийн төслийг өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авав. Нийгэмд нэлээд хүлээлттэйгээс гадна согтууруулах ундааг үйлдвэрлэдэг, худалддаг, үйлчилдэг гээд олон талын төлөөллийн эрх ашгийг хөндсөн хууль учраас нухацтай хэлэлцэх шалтгаан байгаа болов уу.

Д.Гэрэлцэцэг

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих