ХАН УУЛЫН ТУХАЙ ДОМОГ
Үзэсгэлэнт сайхан уул талтай Ёлын хавцлыг зорих замдаа Зүүн сайхан уулын бэлд түр саатаж зүг бүрийг ажиглан сонирховоос зүүдний сайхан говийн нэгээхэн хэсгийг соёрхон үзэж болно. Эхлээд энгүй их талын дунд цайвалзах эгэлхэн нэгэн суурин газрыг болгоох байх. Тэр бол Төв Азийн зүрхийг түшиж, төвхнөн хөгжиж байгаа Даланзадгад хэмээх хотхон юм.
Даланзадгад хотоос цааш даамайхан хараа сунгавал цэлэлзэх их далайд хөвж яваа цэнхэр аврага халимыг санагдуулам хавтгай тэгшхэн адар бүхий нэгэн хар уул харгиатан жирвэлзэх зэрэглээн дунд сүүмэлзэн байдаг юм.
Энэ бол эрт галвын үед халуун нурамаа тургиж хайлмал чулуун урсгал халиулж асан Хан уул гэгч хайрхан юм. Харин говьчууд Хан уулынхаа тухай гойд сонин домог олныг хүүрнэн ярилцдагаас хоёрын зэрэг хувтлбарыг Танд сонордуулъя.
1. Алсын алс эрт цагт Хан уул хад асга ихтэй хавтгай биш шовх оргил бүхий ханагар сүрлэг уул байсан гэнэ. Нэгэн удаа энэ уулан дээр хан хурмастын орноос Хангарьд хэмээх хачин том шувуу ирж суугаад өвөр этгээдэд нь орших нуурын уснаас балгаж, ар талд нь байх Өгөөмөр уулан дээр сүүлээ тавьж гэнэ.
Гэтэл суусан уул нь хавтайтал хотойж, уусан ус нь балга төдийхөн болж сүүлээ тавьсан уулын энгэр навтайн хотойж гэнэ. Энэ үед Хангарьдын хилэн нь хөдөлж, суусан уул нь намайг даахгүй, уусан нуур нь цангаа тайлахгүй хэмээн ундууцан байж гэнэ. Харь холоос ирчихээд харин уул усыг минь голж чамалсан хахир хар шувууг харваж зайлуулая гэж бодсон харваач нэгэн эр хатуу нумаа авч хангинатал татаад тавьтал Хангарьдын хоншоорт харвасан сумны годил /зэв/ нь тусаж хальтарч ойхдоо хажууханд байсан намагт шигдэхүй харзны цэнгэг ус оргилуулж гэнэ. Мэргэн харваачын суманд өртсөн Хангарьд мэгдэн сандран босохдоо суусан уулынхаа оройг булга татаж урьдах талд нь хаячихаад Хан хурмастынхаа орондоо халин дүүлэн нисэн оджээ. Тэр цагаас хойш Хангарьдын сууж хавтгай болгосон уулыг Хан-Уул гэж, хажууд нь хаясан жижиг хар толгодыг Жаал уул гэж, хальтирсан сумны годилоор задгайг Годил булаг гэж, Хангарьдын аманд балга төдийн болсон нуурыг Балгас /Балгас Ус/ гэдэг болсон гэнэ.
2. Өндөр гоолиг нуруутай, өнгөлөг сайхан царайтай Өгөөмөр хэмээх нэгэн сайхан бүсгүй өмнийн цэнхэр говьд амьдарч байжээ. Харсан бүхний нүд булаасан Өгөөмөр хүүхнийг хань ижлээ болгож авахаар мөрөөдсөн харчуул олон байсан ч харц ядуу гаралтай ч хавийхандаа онцгой хүндлэгдсэн Ханхүү гэгч товхийсэн амьдралтай тэвхийсэн бор залууд хайр сэтгэлээ өгч ханилан суухаар болзон тохирсон байжээ. Залаа хэмээх зальхай нэгэн баян залуу хосуудын дундуур орж эрх ямбаараа далайлган эзэрхий зангаараа авирлаж эд мөнгөөрөө бардамнаж байгаад хүүхнийг салгаж авахыг санаархасан ч үй зайгүй дассан үнэн ч хонгор хүүгээс нь холдуулж чадсангүйдээ хорссон Залаа баян заль гаргаж бүсгүйд ингэж хэлжээ. “Хүсээд байгаа цаад хүү чинь худ ураг барилдсан гэргийтэй, хүзүү сээрнээс нь салдаггүй хүүтэй хүн шү дээ” гэж хүний санаанд оромгүй худалч үгээр хүүхний сэтгэлийг сэвтээсэнд амраг хүүдээ итгэл алдаагүй тэр охин асгартай уйлаад явжээ. Өдгөө цагийг хүртэл өөгүй хөөрхөн бөөрөнхий цагаан чулуу Өгөөмрөөс Хан Уул хүртэл цувран тогтсон байдгийг өнөөх бүсгүйн нулмисны дусал нь тэр гэж өдгөө хүртэл өвгөд, хөгшид хуучилдаг юм. Хайрт хонгор бүсгүй хар санаатны мэхэнд хууртаж харь нутагт одсонд харууссан Ханхүү үймэрсэн сэтгэлдээ автаж урд зүгт цэлэлзэх Улаан хэмээх нууранд өөрийгөө үйж золиослохоор завдахад уугуул нутгийн сайн санаат хүмүүс учир зүйг ухааруулан ятгасанд угаас зоримог төрсөн Ханхүү шулуудсан сэтгэлээсээ буцсангүйд түүнийг тайтгартал аргамжиж аргалахаас өөр аргагүй болжээ. Эдүээ цагт энэ уулын эргэн тойронд эвлүүлж өрсөн мэт чулуун тойруулга байдаг нь Ханхүүг тогтоосон аргамж уяа нь тэр гэнээ. Хан уулын хойд хэсэгт хавь ойрдоо ижилгүй хар толгой шовойн харагдах нь аргамж уяаны нь гадас юм байна.
Тэр цагаас хойш урагш тэмүүлсэн мэт дүртэй уул болон тогтож Ханхүү хэмээх нэр Хан уул гэгдэх болсон гэнэ.
Энхрий хонгор хархүү нь энэрэлгүй худам цуурхлаас үүдэж эр биеэ эрсдүүлэх гэж байгааг ээж ааваасаа сонссон өгөөмөр эргэж хараад зогсчихсон гэнэ. Өнөөх зальт Залаа баян Өгөөмөр бүсгүй ирэхийг хүлээсээр өргөн цэлгэр талын дунд өнчин ганц уул болон хувирч гэнэ. Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэг энээ… гэж домог өндөрлөдөг. Хэрэв та нисэх онгоцоор Даланзадгад орвол орой дээр нь зурагтын дамжуулах цамхаг босгосон бэсрэгхэн уул харагдана. Энэ бол Өгөөмөр хайрхан түүнээс урагш тэгш хавтгай оройтой тэвхийсэн дөрвөлжин уул бий. Тэр бол домогт Хан уул. Харин Хацарын хэцийн ард хавь ойрдоо ижилгүй Хар уул онцгойрон харагдана. Тэр чинь мөнөөх зальхай Залаа хайрхан.
URL: