Гурван сая дахь иргэнийг алдаршуулах арга хэмжээ 30-нд болно

693f5ce1f2ccb576bd1a4bdb19189c47original

Энэ сарын 30-ны билэгт сайн өдөр Монголын гурван сая дахь иргэнийг алдаршуулах арга хэмжээ монголын хүүхдийн ордонд болох юм байна. Гурван сая дахь иргэн болоод түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг хүлээж авах, алдаршуулах ажлыг зохион байгуулах албаны ажлын хэсгийн ахлагч ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-нд мэндэлсэн. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин юм. Гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төржээ.

Эдгээр хүүхдүүдийг алдаршуулах үйл ажиллагааг Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолын дагуу зохион байгуулж тус тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70 сая хүртэл төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, түүний чацуутнуудад гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох бэлтгэл ажил хангагдаж дууссан байна.

Мөн Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанд мөн 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулах ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих