УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Ж.Батсуурь Эрчим хүчний яаманд ажиллав

762e73969b4be044197938bf7d391c66

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь Эрчим хүчний яаманд ажиллаж, тус  яамны удирдлага, газар хэлтсийн дарга нартай уулзлаа. Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар мэдээлэл хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтын талаар тодорхой санал дэвшүүлэв.

эрээр “Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбар 417-969 МВт-ын ачаалал авч байна. Үүний 20 орчим хувийг хөршөөсөө импортлож байгаа юм. Хэдийгээр энэ өвөл дулаахан байгаа боловч хэрэглээний өсөлтөөс хамаарч ачаалал буурахгүй байна. Иймд эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг 90 гаруй хувьтай гүйцэтгээд байна.

Цаашид ДЦС-5-ыг барих, ДЦС-3-ыг 250 МВт-аар, Эрдэнэтийн ДЦС-ыг 35 МВт-аар, өргөтгөх, цахилгааны болон дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэхэд наад зах нь 130 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Энэ хөрөнгийг ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөлийг барихад Хөгжлийн банкнаас олгосон зээлээс буцаан төвлөрүүлсэн 110,9 сая ам.долларын эх үүсвэрээс олгох боломжтой юм. Үүнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо анхаарал хандуулж шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна” гэв.

Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эдийн засаг өсч, хүн ам нэмэгдэхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр 8-10 хувиар өсч байна. 2020 он гэхэд энэ хэрэглээ 2000 МВт-д хүрэх тооцоо бий.

Дээр нь аюулгүйн нөөцийн 20 МВт-ыг нэмэхээр шинээр 1020 МВт-ын эх үүсвэрийг барих шаардлагатай боллоо. Иймд ойрын хугацаанд 450 МВт-ын хүчин чадалтай ДЦС-5, 700 МВт-ын хүчин чадалтай Багануурын цахилгаан станцыг, дээр нь эрчим хүчний горим тохируулгыг тааруулахын тулд дунд чадлын УЦС-ыг тус тус шинээр барьж,  Дорнодын цахилгаан станцыг 100 МВт-аар өргөтгөж, баруун бүсэд шинээр 100 МВт-ын хүчин чадалтай ДЦС барих шаардлагатай байна.

Эрчим хүчний салбарын алдагдлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд бодит үнэ өртгөөр цахилгаан эрчим хүчийг борлуулдаг тогтолцоонд орох ёстой. Өнөөдөр манай салбар 1 кВт цахилгаан эрчим хүчийг 144 төгрөгөөр үйлдвэрлээд 122 төгрөгөөр борлуулж байна. Цаашид ийм маягаар алдагдалтай ажиллаж болохгүй. Иймд УИХ-ын 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд эрчимтэй ажиллах хэрэгтэй.

Түүнчлэн цахилгаан эрчим хүчний үнийг чөлөөлж, чадлын тарифыг тооцдог тогтолцоонд орох ёстой. Дээр нь эрчим хүчний хэмнэлтийн асуудлыг шийдвэрлэхийн тулд  Эрчим хүчний хэмнэлтийн хуулийг боловсруулж, ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Цаашлаад Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиудыг шинэчлэн боловсруулж өргөн барихын зэрэгцээ Эрчим хүчний талаар 2030 он хүртэл төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Энэ бүхэнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжиж хамтран ажиллана гэдэгт найдаж байна” гэв.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь “Эрчим хүчний салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах болно гээд улс орны үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн их үүрэг хүлээж байгаа эрчим хүчний салбар нь өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангаж, бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр үйлдвэрлэн борлуулахуйц зохистой үнэ тарифыг мөрдөх ёстой.

Үүний тулд юуны өмнө нүүрс тээвэрлэлтийн бодлогодоо өөрчлөлт оруулах ёстой. Тухайлбал, дэлхийн бусад оронд өргөн ашигладаг хоолойн тээврийг хөгжүүлэх талаар судалж үзэх нь зүйтэй. Цаашилбал цөмийн эрчим хүч ашиглах талаар бодолцож үзэхэд буруудахгүй.

ЭХЯ-ны зүгээс уурхайн амыг түшиглэн ДЦС-ууд барихаар төлөвлөж байгаа нь цахилгаан эрчим хүчний үнийг хямдруулахад чухал түлхэц болох нь тодорхой. Хамгийн гол нь салбарын хэмжээнд сахилга хариуцлагыг дээшлүүлснээр их хэмжээний нөөц хуримтлалыг бий болгож чадна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих