Мехди: Монгол шиг нутаг энэ дэлхийд өөр байхгүй байх

154763-26012015-1422238481-2077723987-2МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, “ТВ-9” телевизийн редактор Б.Хишиг-Ундрал Оросын алдарт зөн билэгтэн Мехди Эбрагими Вафаг Монголд хоёр дахь удаагаа ирэх үеэр нь сонирхолтой яриа өрнүүлжээ. Ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Би Монголын “ТВ-9” телевизийн редактор, сэтгүүлч хүн. Юуны өмнө надтай уулзаж ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд туйлын их баяртай байна. Энэ удаагийн Монголд айлчилсан айлчлалдаа сэтгэл өндөр байна уу?
-Тийм ээ, маш өндөр байна. Бүх монгол найзууддаа мэндчилгээ дэвшүүлье. Би Монголд хоёр дахь удаагаа ирээд байна. Одоогоос хоёр жилийн өмнө анх ирсэн. Ер нь Монгол орныг хүчит соронзон орон гэхэд болно. Энэ соронз үнэхээр хүчтэй татдаг. Монгол бол амарч, далайд сэлдэг наран шарлагатай сувиллын орон биш ээ. Миний хувьд Монгол орон дахиад ирмээр санагдуулдаг хүчтэй орон юм.

Би урьд нь ирж байсан. Дахиад ч ирлээ. Монголчууд маш дөлгөөн, зочломтгой, хүнтэй чин сэтгэлээсээ харьцдаг инээмсэглэдэг. Янз бүрийн хүмүүс байдаг л даа. Зарим муу хүмүүс хэдий нүүрэн дээр инээмсэглэж байсан ч дайсан байдаг. Харин энд бүгд нээлттэй. Хэн ч хуурдаггүй. Ямар байгаа түүгээрээ л амьдардаг. Надад энд ирэх тааламжтай байдаг шүү. Энэ удаад ч найзууд маань намайг урьсан. Би энд ердөө гурав хононо. Маргааш гэртээ харина. Ямар нэг асуулт байгаа бол би хариулъя. Дахин Монголд ирмээр санагдаад хүрээд ирлээ. Надад тун тааламжтай байгаа болохоор тэр шүү дээ. Харамсалтай нь хугацаа дуусч байна.

-Их баярлалаа. Би яруу найрагч хүн. Сайхан бүхнийг харах дуртай. Түүнийгээ оргилсон сэтгэлээр бичих бүр ч дуртай. Та Монгол оронд сайхан бүхнийг олж харж байна уу. Тэр дундаа сайхан бүсгүйчүүд гээд л…?
-Би нэг үе дуулдаг байлаа бас бичдэг байсан. Миний номууд ч байдаг. Нэг номыг маань хоёр жилийн өмнө монгол хэл дээр хөрвүүлсэн. Түүнийг миний найз Дэлгэрсайхан орчуулсан юм. Нэр нь “Таны анд Мехди”. Монгол орон сайхны хувьд гайхалтай. Би цөлд очиж үзсэн. Арабын орнуудад, Орост байсан. Тэнд амьдардаг. Тэнд нов ногоон хаа сайгүй мод. Ногоон орон. Мэдээж хүйтрэх үе бий. Харин Монголын байгаль өөр. Миний бодлоор Монгол орон шиг газар нутаг энэ дэлхий дээр байхгүй байх. Би лав үзээгүй. Би бүр өчигдөр чулуу түүсэн гээд бод доо. Янз бүрийн маш гоё чулуунууд. Та чулуу түүж байсан уу?

-Үгүй шүү. Багадаа л хүүхдүүдтэй хамт тоглож байсан…
-Газар байдаг чулуу. Тэд янз бүрийн өнгөтэй. Хүрэн, улаан, өнгөгүй мөртлөө тунгалаг хүртэл байсан. Би танд үзүүлье. Надад юу бодогдож, мэдрэгддэг гээч… Маш олон жилийн өмнө Монголын нутаг дээр далай байсан. Тэрийг би хардаг. Бас бүгд ногоон байсан. Гэтэл одоо ямар байна. Мод цөөтэй хоосон тал. Түүн дээр мод тарьж, эх орноо сайхан болгож болно шүү дээ. Монгол хүмүүс газраа энэрэл хайраар хайрлах хэрэгтэй. Газар эхэд хайр хэрэгтэй. Ер нь хүн газар эхээ хайрлавал сайхан болдог. Услаад хайрлаад байвал бүгд сайхан болно.

Харин зурахын тухайд бол би харснаа буюу зөгнөснөө л зурдаг. Би шөнө хараад өглөө нь тэднийгээ зурдаг. Тухайлбал би шөнө таныг олж харсан. Та гэгээн энергитэй сайхан сэтгэлтэй хүн юм билээ. Тэгээд уулзмаар санагдсан юм. Нөгөө талаар би бусад зураачдаас тэс өөр. Тэдэнд байгалийг харах хэрэг гардаг. Харин би энд харснаа зурдаг. Одоо би танд өчигдөр ямар чулуу түүснээ үзүүлье. Би өчигдөр зүгээр алхаж явахдаа энэ чулуунуудыг түүсэн юм. Эд маш гоё чулуунууд. Жишээ нь ийм өнгөгүй. Бас ийм чулуу байна. Ийм чулууг олох хэцүү шүү. Гэтэл танайд хаа сайгүй байдаг.

Эд бүгд өөр өөрийн түүх дурсамжтай. Тиймээс танай орон баян орон шүү. Ийм дурсгалтай зүйлийг тийм амар олохгүй. Монголд юу хэрэгтэй вэ гэхээр ард түмэн нь эх орноо хайрладаг байх хэрэгтэй. Монгол ч гэсэн монголчуудын эх орон болохоор Монгол хүн бүхэнд хамгийн сайхан. Надад Монголд хамгийн их таалагдсан зүйл гэвэл эгэл жирийн хүмүүс нь. Яг энэ миний найзууд шиг. Чин сэтгэлээсээ нээлттэй, сайхан сэтгэлтэй, бүгд сайхан. Хэдийгээр хэл нэвтрэлцдэггүй ч бүгд сайхан.

-Таны намтрыг уншиж байхад 13 настайдаа онцгой сонин содон зураг зурж байсан гэж уншсан юм байна. Би өөрөө уран зураг сонирхон цуглуулдаг болохоор асууж байгаа юм л даа. Таны хувьд уран зураг хобби юу гэгээн энергийн мэдрэмж үү?
-Үгүй дээ. Та намайг 13-тайгаасаа зурсан гэх гээд байна уу. Би таван жилийн өмнө анхны зургаа зурсан. Миний зургууд бусад зураачдынхаас тэс өөр. Хэрэв интернетээс харах юм бол арай өөр гэдэг нь мэдэгдэнэ. Ойлгомжгүй ч юм шиг юу зурсан нь бас мэдэгдэхгүй. Би харин тэднийг нэмэлт зүйлсээр цэнэглэдэг. Учир нь түүнийг авсан хүний хүсэл биелж байхын тулд цэнэглэдэг юм.

Танд ойлгомжтой болгохын тулд сахиус шиг хамгаалдаг гэх үү дээ. Хэрэв түүнийг гэртээ тавьчихвал бүх юм сайхан болно. Гэхдээ энийг хобби гэх үгүйг мэдэхгүй байна. Юутай ч зураг надад тусладаг гэдэгт би итгэдэг. Би зураад үзүүлдэг. Зургууд маань чимээгүй ярьдаг. Үггүйгээр ойлгож байгаа биз дээ. Зураг миний юу хүсч байгааг хэлдэг. Гэхдээ ярихгүйгээр. Тийм болохоор тэд надад маш хэрэгтэй. Харин өөрийнхөө тухайд гэвэл би зураг зурдагаас гадна бас ном бичдэг, дууны шүлэг зохиодог. Мөн ийм бугуйвчнууд бий.

Миний энэ бугуйвч хүмүүст тусладаг. Хүч өгч ерөнхийдөө маш олон өвчнөөс сэргийлдэг. Тийм болохоор найзууд маань бүгд зүүдэг. Энэ бугуйвчийг хийгээд гурван жил болж байна. Хүмүүст үнэхээр тусладаг. Янз бүрийн энергийн бугуйвчууд байдаг. Минийх зөвхөн энергийнх биш. Тэр хүний аураг зохицуулж цахилгаан соронзон талбайн үйлчлэлээс тусгаарладаг. Үүнийг зүүсэн хүн тэр дороо хүчтэй болдог. Хэрэв танайхнаас хэн нэг нь хүсвэл би яг одоо үзүүлж болно. Тэр хүн зүүгээд л хүчтэй болно.

-Өнөөгийн XXI зуунд Монгол орон дэлхийд ямар байр суурь эзэлбэл зохилтой вэ. Та түүхэн их хүн Чингис хааны талаар ямар бодолтой байдаг вэ? Тэр бол оюун санааны дээд ухааны хүн шүү дээ?
-Үнэнийг хэлэхэд би эв эеийг энх тайвныг эрхэмлэдэг хүн. Би дайн, хэрцгийлэлд огтоос дургүй. Би Монголд ирэхээрээ нэг зүйлийг их боддог юм. Чингис хаан яаж дэлхийн талыг эзэлж чадсан юм болоо гэж. Тэр хүн ер бусын хүчтэй байж. Тэр хүнд өөрийн гэсэн биелүүлэх ёстой ямар нэг даалгавар байж. Тэгээд л тэр Монголын эзэнт гүрнийг байгуулж чадсан. Энэ маш чухал бөгөөд маш хэцүү. Би дахин хэлье. Би хэрцгий дайнд дургүй.

Чингис хаан Гитлер хоёрын ялгааг та бодоод үз дээ. Гитлер бөмбөг хаяад устгадаг байсан. Харин Чингис хаан байлддаг. Энэ бол эр хүний чанар. Зоригтой, хүчтэй, удирдан жолоодогчийнхоо хувьд тэр надад таалагддаг. Тэр Монголын төлөө их юм хийсэн. Хятадыг ялж байсан хүн Чингис хаанаас өөр хэн байгаа юм бэ. Хэн ч байхгүй. Тийм болохоор нь би хүчтэй хүн гээд хэлж байна шүү дээ. Би түүнд их хайртай. Харин бусад зарим нэг зүйл дээр тиймэрхүү. Гэхдээ эр хүн шиг шударга тулалддаг байсан нь их сайн. Зоригтой.

Эр хүн гэдэг миний бодлоор хүчтэй бас өгөөмөр байх ёстой. Тэр хүчтэй байсан. Гэхдээ тийм ч өгөөмөр байгаагүй. Гэхдээ тэр соёлыг дээдэлдэг байсан. Шүлэг. Тийм тулаанч хүн соёлыг дээдэлж байна гэдэг маш сайн чанар. Тэр хүн урлаг сонирхдог байсан. Бас хөгжим. Тэр Персийг байлдан дагуулахдаа ч тэр байлдаагүй. Би Перс хүн. Яагаад гэвэл тэр шүлэг сонсоод урлагийг яаж хөгжүүлэх хэрэгтэйг сурч ав хэмээн зарлиг буулгаж байсан. Урлагийн хүч гэж энэ юм.

-Өнөөдрийн Монгол орны нийгэм таны сэтгэлд хэрхэн харагдаж байна?
-Монголд маш их боломжууд байгаа гэж би хардаг. Эдийн засаг, бизнес, улс төрийн хүрээнд. Монгол орон стратегийн маш чухал байрлалтай. Нэг талд нь Орос, нөгөө талд Хятад. Энэ хоёр том гүрэн улс төрийн харилцаанд маш чухал. Дээр нь Монгол ашигт малтмалаар баялаг. Орос болон Хятадад хэрэгтэй маш олон зүйл Монголд байдаг. Тийм болохоор улс төрчид Оростой, Хятадтай сайн харилцаа тогтоож чадах юм бол маш сайхан болгоно.

Өнөөдөр сэтгэдэг толгой хэрэгтэй. Тэгвэл маргааш бүх юмтай болно. Тиймээс одоо дэлхийн бараг бүх улсууд тэр чигээрээ аль удирдаж байгаа ялсан талд нь ордог болсон. Хэн ухаантай, зальтай нь ялдаг. Тэд хүчирхэгжиж, илүү сайхан амьдарна. Монголчууд одоо ухаантай нүүдэл л хийх хэрэгтэй шүү. Тэгвэл ард түмэн сайхан амьдарна. Мэдээж боломжууд байгаа. Санаа зоволтгүй.

-Та хоёр их гүрнээ түших хэрэгтэй гэж ярилаа.Тэр дундаа Орос орон миний хувьд хамгийн ойрхон байна?
-Өмнөх удаа би Монголд ирэхдээ ярилцлага өгч байсан. Оросын ирээдүйг маш дэлгэрэнгүй хэлсэн. Тэр чинь хоёр жилийн өмнө юм байна. Тэнд надаас “Оросыг юу хүлээж байна вэ” гэж асуусан. Би Оросыг гэрэл гэгээ, өсөлт дэвшил хүлээж байгаа гэж хэлсэн. Одоо тийм л байгаа биз дээ. Орос орон дэлхий нийтэд ямар хүчтэй вэ гэдгээ нотолчихлоо. Оросууд өөрсдийгөө сурталчлаад байдаггүй. Би хоёр эх оронтой. Иран, Орос.

Орос бол аварга том орон. Хэн түүнийг сөрж чадах юм бэ? Орост хэд хэдэн тэнгис байдаг. Орост бүгд бий. Уудам газар нутагтаа тэд өөрсдийгөө тэжээгээд байж чадна. Тиймээс Орос бол яах аргагүй хүчтэй улс. Өөр нэг шалтгаан гэвэл дэлхийн хэмжээнд тулгараад байгаа гол асуултын тэмдэг бол нефть биш. Нефть 15, 20 жилийн дараа дуусна. Энэ бол ундны цэнгэг ус. Орос цэнгэг усаар баян. Тэгэхээр ирээдүй Оросыг дагана. Харин Монголын тухайд би хэдийнэ хэлсэн. Бид хөршүүд. Орос Монгол хоёр сайн хөрш.

Тэгэхээр Орост сайн байвал Монголд ч сайн байна. Гол нь нөхөрлөх хэрэгтэй. Хэрэв та нар ахаа гэдэг бол ах шиг чинь л байх ёстой. Тэгвэл бүгд сайхан болно. Гэхдээ зөвхөн үгээр биш, үйлдэл дээрээ нөхөрлөх хэрэгтэй. Тэгж чадвал юунд ч зоволтгүй. Тэгэхээр Монголыг ч гэсэн гэрэл гэгээ хүлээж байгаа гэсэн үг.

-Хэзээ нэгэн цагт та Монголд өөрийн зургийн үзэсгэлэнгээ гаргана гэж боддог уу?
-Би хангалттай тооны бараг 200, 300-гаад зурагтай болсон. Би Москвад янз бүрийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Прагад нэг удаа гаргасан. Монголд мэдээж дуртайяа гаргамаар байна. Гэхдээ үүнд тусламж хэрэгтэй. Би ганцаараа хүчрэхгүй шүү дээ. Хэрэв зургуудаа онгоцоор авчирбал их үнэтэй, бас хүнд ажил. Гэхдээ зохион байгуулагчид туслах юм бол яагаад болохгүй гэж.

Би зургуудаа Монголд дуртайяа үзүүлнэ. Нээрээ энд хотод гудамжаар явж байхад монгол хүмүүс намайг таньдаг. Зүгээр ч таних биш нэрийг минь мэдэж байсан. Энэ үнэнийг хэлэхэд хүндэтгэл, бас нэр төр. Тийм болохоор би хамт зогсоод гэрэл зургаа авахуулсан. Бас өчигдөр бид нэг газар очсон. Энергийн хүчтэй тийм газар байсан. Би ямар нэртэй газар болохыг нь мэдэхгүй байна.

-Та Хамрын хийдийг ярьж байна уу?
-Тийм ээ. Тийм газар байсан. Бас тэр үнэхээр сайхан газар байна лээ. Маш сайн эрчим хүчтэй. Бид бараг 400, 500 км явсан байх. Би тийм газар өөр улсад байхгүй гэдгийг хэлмээр байна. Улс болгонд ямар нэг юм байдаг. Францад Эйфелийн цамхаг байдаг бол Египет пирамидтай. Харин Монголд хүч сэлбэдэг эх булгууд байна. Тэр бол энергийн маш хүчтэй цэг. Тэнд цэвэршиж зарим нэг нь бүр эдгэдэг. Энэ маш үнэтэйгээс гадна, чухал юм.

Хүнд эрүүл мэнд, аминаас нь чухал юу байх юм бэ. Гол нь түүнийгээ зөв л тайлбарлах хэрэгтэй. Ямар учиртай болох, яаж цэнэглэгдэх вэ гэдгээс авахуулаад. Жуулчдад аятай тухтай байх нөхцлийг нь зөв бүрдүүлэх хэрэгтэй. Тэгвэл бүгд ирнэ.

-Хүн бүхэн зөн билэгтэн мөн үү. Тэр дундаа монгол хүн…
-Хүн болгонд тодорхой хэмжээний чадвар бий. Мэдээж тэр чадвараа хөгжүүлж болно. Бас хэрэв үнэхээр итгэх, хичээх юм бол болно. Би л гэхэд хувьдаа хоёр гурван жил уулархаг нутгаар амьдарснаа санаж байна. Өөрийн зөн билэг, чадвар, анхаарал төвлөрүүлэлтээ хөгжүүлж, бясалгаж, залбирал үйлдэхийн тулд шүү дээ. Гэхдээ зөн билгийн талаарх тодорхой ойлголт бий.

Юмыг урьдчилан харах чадвар хүн болгонд байдаг эсэхийг би нарийн мэдэхгүй. Бас би зааж өгч чадахгүй. Харин өөр олон юмыг зааж өгч болно. Юмыг мэдрэх, зөн совингоо хөгжүүлэх гэх мэт. Харин өнгөрсөн, ирээдүйг харах тухайд яаж гэдгийг би мэдэхгүй. Би өөрөө зургийнхаа тусламжтайгаар хардаг. Би зургуудыг хардаг. Тэгээд тэр зургуудтайгаа уялдуулан ямар нэг юм хэлдэг. Би долоон настай байхдаа энэ чадвараа мэдсэн.

-Баярлалаа Мехди. Сэтгэл минь маш их хөдөлж байна. “Зууны мэдээ” сонины уншигчдыг хүндэтгэн чин сэтгэлийн ярилцлага өгсөнд баярлалаа.
-Би танд болон танай багийнханд хүрэлцэн ирсэнд чинь талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Би Монголд сүүлийн удаа ирж байна гэж бодохгүй байна. Гэвч маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор бүх найз нартаа ийм халуун дулаан, зочломтгой хандсанд баярлалаа гэж хэлмээр байна. Би хүмүүсийг маш сайн мэдэрдэг. Чамд цай өгч байгаа ч ямар ч сэтгэлгүй хүн байдаг. Хэдэн зуун удаа цай өгч байгаа ч сэтгэлээсээ өгдөг хүн байна.

Цай нь муу юм уу, ус муутай байх нь тэнд хамаагүй. Би жишээ нь сүүтэй цай уудаггүй. Бүр давстайг. Өөрөөр хэлбэл танай цайг. Сүү, давс. Гэвч тэрийг надад тийм хүндэтгэлтэйгээр өгөхөд би татгалзаж чаддаггүй. Би тэр цайг уучихдаг. Ямар амттай гээч. Тийм болохоор юуны өмнө сэтгэл байх хэрэгтэй. Сэтгэлээсээ байж чадвал бүгд сайхан болно. Хэрэв тэнгэр бурхнаас боломж олговол дараа дахин уулзана гэж найдаж байна. Тэгвэл ихэд баярлана. Мөн бүх үзэгчиддээ мөн Монголын ард түмэнд хүчтэй байхыг бие биеэ хайрлахыг ерөөе. Хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа танд чин сэтгэлээсээ баярлалаа.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих