Бидний харилцаа цаашид олон салбарт өргөжинө
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нар албан ёсны хэлэлцээ хийж , дараа нь хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Бүгд найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан: Эрхэмсэг ноёд хатагтай нар аа, бидний хооронд маш сонирхолтой яриа өрнөлөө. 1970-аад оны үед хуучин Чехсловак улс бол ЗХУ-ын дараа орохуйц Монголын хамгийн дотнын түнш байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ байдал харин одоо давтагдах боломжгүй байх. Учир нь Хятадыг Монголын зах зээлээс түрэн гаргаж бид хараахан чадахгүй. Бид уулзалтын явцад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх асуудлыг ярилаа. Монголын эдийн засагт хамгийн өргөн боломжтой байгаа нь уул уурхайн салбар. Монголд өнөөдрийн байдлаар Чехийн 80 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа. Бид сая мөн Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой 40 орчим компанийн нэрийг өглөө.
Монгол Улс ардчилсан улс байгаад бид өндрөөр үнэлж байдаг. Монголд зургаан удаагийн чөлөөт сонгууль болж, Мөн Монгол улсын Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа улиран сонгогдсонд миний бие баяртай байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж: Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Милош Земан болон хүрэлцэн ирсэн Монгол Чехийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн энэ өдрийн амрыг айлтгая. Миний бие Чех улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Бид бол ойролцоо үнэт зүйлстэй, уламжлалт сайхан харилцаатай улс. 2015 онд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэж байна. Манай хоёр орны хооронд ямар нэг маргаантай асуудал байхгүй, зөвхөн харилцаагаа өргөжүүлэх сайхан боломж л бий. Манай бизнесийн төлөөлөгчид мөн хүрэлцэн ирсэн. Бизнес форумын үеэр хоёр талын бизнесийн төлөөллүүдийг уулзуулах боломж гарч байгаа. Эдийн засгийн салбараас гадна хүмүүсийн хоорондын харилцаа манай хоёр орны хувьд их чухал байдаг. Чех улсад Монголчууд хамгийн олноороо ажиллаж ирсэн, одоо ч ажилласаар байгаа найрсаг харилцаатай улс. Бид нийгмийн болон боловсролын салбарт хамтран ажиллах гэрээний тухай ярилцлаа. Ийм боломж бидэнд бүрэн бий.
Маргааш би Карлын их сургуульд зочилно. Энэ бол Европ дахь Монгол судлалын маш том төвийн нэг. Мөн Чех Улсын цэргүүдтэй манай цэргүүд Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд хамтран оролцож байсан түүхтэй.
Энэ онд Монгол улсад анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль хийсний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн эрхэмсэг Ерөнхийлөгч Милош Земаныг манай улсад төрийн айлчлал хийн хүрэлцэн ирэхийг урилаа. Миний урилгыг хүлээж авсанд баяртай байна.
Сэтгүүлч: Чех улс хамгийн сүүлчийн статистикаар 1 жилийн дотор 144 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Өнөөдөр Монголд гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан нууц, туршлага бидэнд сонирхолтой санагдаж байна, та энэ асуултад хариулна уу?
Милош Земан: Монгол улсад би зөвлөгөө өгөх эрхгүй гэж бодож байгаа ч бид 1998 оноос гаднын хөрөнгө оруулалт татахын тулд татварын хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. 5-10 жилийн хугацаанд татвараас чөлөөлсөн бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай байсан. Өнөөдөр ч гэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих ажил үргэлжилж байгаа ч арай өөр чигт буюу, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү чиглэж байгаа.
Сэтгүүлч: Гурван асуулт байна. Уулзалтын үеэр ямар нэг тодорхой төслийн талаар ярилцсан уу. Хоёрт, Таны Монгол Улсын ерөнхийлөгчид өгсөн 40 компанийн жагсаалтаас жишээ дурдаж болох уу, гуравт манай улсын хятадтай сайжирсан харилцаанд Монгол Улс сайнаар нөлөөлөх боломжтой юу?
Ц.Элбэгдорж: Бид тодорхой төслүүдийн талаар яриагүй боловч эрхэм Ерөнхийлөгчийн зүгээс Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой 40 гаруй компанийн нэрсийг өгч байгаа нь хамтын ажиллагааны маш том сонирхол байгааг илтгэж байна. Бид маш анхааралтай судалж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө ажиллах болно. Энэ айлчлалын дараа дагаж хийх ажлын төлөвлөгөө гаргана. Тэр үед бид Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй болон одоо ажиллаж буй компаниудын асуудалд онцгой анхаарч ажиллана. Та бүхний мэдэж байгаачлан Монгол Улс хоёр том хөрштэй. Чехийг бид гурав дахь хөршөө гэж үздэг. Гуравдагч хөршөөс хөрөнгө оруулалт ихсэх нь эдийн засагт үр өгөөжөө өгөх, мөн тэнцвэржүүлэх үүрэгтэй байдаг учраас манай хаалга үргэлж нээлттэй байдаг. Гурав дахь асуултын хувьд, манайх хоёр хөрштэйгээ сайн хөршийн найрсаг харилцаатай. Ямар нэгэн маргаантай асуудал бидний хооронд байхгүй. Өнгөрсөн жил хоёр хөршийн ерөнхийлөгч Монголд айлчилж, үүнээс үүдээд олон дэвшил гарч буйг та бүхэнд дуулгахад таатай байна.
Сэтгүүлч:Чех улсад жилд дунджаар 10 сая буюу хүн амтай нь тэнцүү хэмжээний жуулчин ирдэг юм байна. Танай улсын үндэсний брэндинг юу вэ, яаж өөрийгөө сурталчилдаг вэ. Хоёрт, 2006 онд Чехийн Ерөнхийлөгч Монголд айлчилсан. Үүнээс хойш есөн жилийн дараа манай улсын Ерөнхийлөгч төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Энэ айлчлалын үр дүнг та бүхэн хэрхэн харж, ямар хүлээлттэй байна вэ?
Милош Земан: Нэгд, сайхан эмэгтэйчүүд, хоёрт, сайхан залуус, гуравт түүхийн дурсгалт байшингууд.
Ц.Элбэгдорж: -Өмнө нь Чехийн олон мэргэжилтэн Монголын геологийн салбарт ажиллаж байсан. Манай Эрдэнэт үйлдвэрийн баялгийг анх нээж олсон хүмүүс Чех улсын иргэд байсан. Дээрээс нь эмнэлэг барьж, барилгын материалын олон үйлдвэр байгуулахад манай улсад тусалж байсан гэхчлэн бидний хооронд маш сайн суурь байгаа. Үүнийг бэхжүүлэх нь бидний хувьд маш чухал. Мөн, би түрүүнд эрхэм Ерөнхийлөгчийг эх орондоо урьснаа дуулгасан, тэр үеэр хөрөнгө оруулагчид бизнесийн төлөөлөгчид ирэх боломжтой. Цаашид олон салбарт манай харилцаа өргөжих боломжтой гэж харж байна.
Милош Земан: Албан ёсоор зочлох хугацааг мэдээж хэрэг дипломат харилцааны шугамаар тодорхой болгох боловч би Монголд дипломат харилцааны гол суурь нь эдийн засаг гэж үздэгийн хувьд бизнесийн төлөөлөгчидтэйгөө хамт очих хүсэлтэй байгаа. Энэ хүрээнд бид Чехийн компаниудын Монголд оруулах хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийг судалж, уул уурхай, төмөр замын бүтээн байгуулалтад оролцох, геологийн хайгууль үргэлжлэх боломжтой гэдэг асуудлыг ярилцана. Мөн усны эх үүсвэрийн хайгуул, ус цэвэршүүлэх байгууламж барих зэрэг олон асуудлыг харилцан ярилцах боломжтой гэж үзэж байна.
- See more at: http://www.unen.mn/content/45247.shtml?alias=politics#sthash.LCF27YpI.dpuf
URL: