Зайсан толгойн өвөрт зугаалах зай үлдсэнгүй
Хэдэн сарын өмнөөс иргэдийн анхаарлыг татсан “Собт трейд” компани Зайсан толгойг хэдэн талаас нь эмтэлж санасандаа хүрчээ. Нийслэлийнхний төдийгүй, гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг нь Зайсан толгой. Дулааны улиралд тийш зүглэх иргэдийн тоо бүр ч олон. Хүүхэд багачуудын инээд хөөр, залуу хосуудын болон найз нөхдийн болзооны цэг болсон энэ газар удахгүй үгүй болох нь.
Учир нь “Собт трейд” компани Зайсан толгойн уулын тал хэсгийг нь ухаж, шороог зөөн тэгшилж, барилгын суурь ухан, нэлээд олон давхар үйлчилгээний газар барихаар зэхэж байна. Барилгын ажилчид нь бүгд хятад хүмүүс. Оройн цагаар хятад хүмүүсийн дуулж, орилох чимээ Зайсан толгойн ойр орчмоор энд тэндгүй цуурайтдагийг иргэд хэлж байна.
Түүх соёлын дурсгалт, улсын тусгай хамгаалалттай Зайсан толгой ийнхүү “Собт трейд” компани барилга барьж, хятад барилгачдын цагаа өнгөрөөж, олноор цуглардаг газрын нэг болжээ. Тэнд үйлчилгээ эрхэлдэг нэгэн эмэгтэйн ярьж буйгаар монгол иргэд Зайсан толгойд ирэх нь цөөрчээ. Энд өрнөх барилгын ажлын дуу чимээ, хятад иргэдийн олноор цугларч байгаатай холбоотой гэнэ.
Ойр хавьд нь байрлах үйлчилгээний газруудаар ихэвчлэн хятад хүмүүс үйлчлүүлдэг. Тэр ч бүү хэл Зайсангийн уулыг тойруулж барьсан хашааны энд тэнд онгорхой, цоорхойтой болжээ. Түүгээр нь хятад хүмүүс гарч, орж ганц хоёроороо яваа монгол охидын араас шүгэлдэн орилж, тэндээс бушуухан явахын түүс болгож орхидог гэнэ.
НЭГ ӨГЛӨӨ СЭРЭХЭД ЗАЙСАН ТОЛГОЙ БАЙХГҮЙ БОЛЧИХВОЛ БИТГИЙ ГАЙХААРАЙ
Нэг өглөө сэрэхэд Зайсан толгой байхгүй болчихсон, оронд нь өндөр шилэн барилга сүндэрлэж байвал гайхах хэрэггүй нь. Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан “Собт трейд” компанийн үйл ажиллагааг зогсоох гэж гурван шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхээр ялж, давж заалдах болон дээд шүүхэд ялагджээ.
Ингэснээр “Собт трейд” компани үйл ажиллагаагаа саадгүйгээр явуулах болсон юм. Тэнд барьж байгаа барилга нь хэдэн давхар, хэзээ барьж дуусах нь одоогоор тодорхойгүй байна. Уг нь гүйцэтгэгч компаниуд барилгын ажлыг хэзээ дуусахыг нь тодорхой бичиж гадна самбартаа өлгөдөг. Гэтэл энд тийм зүйл алга. Барилгынх нь харуул гэх 20 гаруй насны залуугаас барилгынхаа инженертэй уулзуулаад өгөөч гэж хүсэхэд мэндийн зөрөөгүй, “Инженер нь байхгүй байна. Зайлцгаа” гэв.
Барилгын инженер ажилчдаа хянаж, барилгын ажлыг ном дүрмийнх нь дагуу явуулдаг үүрэгтэй. Гэтэл энэ компанийн инженер алга. Харин 20 гаруй хятад ажилчин шивэр, авир хийсээр барилгын ажлаа хийж байгаа харагдав. Манаач залууд дарга нар нь мэдээлэл битгий өгөөрэй гэж үүрэгдсэн бололтой. Хоёр давхар шаттай байрандаа ороод цонхоороо биднийг яван явтал үйл хөдөлгөөнийг маань ажигласаар үлдэв.
САЙД АСАН Г.ШИЙЛЭГДАМБЫН ОЛГОСОН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖ ЧАДСАНГҮЙ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Г.Шийлэгдамба улсын тусгай хамгаалалттай газарт “Собт трейд” болон бусад компаниудад барилга барих зөвшөөрөл олноор олгожээ. Дээрх хууль бус газрын зөвшөөрлийг шинээр томилогдсон БОАЖ-ын сайд Л.Гансүх цуцалсан ч өмнөх сайдын газрын зөвшөөрлийг давж, заалдах болон дээд шүүхээс цуцлах шаардлагагүй гэж үзэн хэвээр баталжээ.
Зайсангийн аманд сайд асан Г.Шийлэгдамбын олгосон газрууд иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Ийнхүү түүхийн дурсгалт Зайсан толгой сүйрлийн ирмэгт хүрэв. Түүхийг эргэн сөхвөл, 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Богд хан уулын ар хормойд орших Зайсан толгой дээр Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан хөшөө босгосон бөгөөд Я.Үржнээ, Ц.Доржсүрэн нарын нэртэй зураач, уран барималчид оролцон барьж байгуулжээ.
Хар дархадын шавийн ардууд хязгаар нутгаас хүрээнд ирээд Богд эзнийхээ морин зүгт орших энэ толгойн аманд буудаг байсан байна. Мөргөлчид өвөр Зайсанд бууж, дээдэс нь мөргөл тахилга хийж өнгөрдөг байсан учир тэр үеэс буюу 1778 оноос Зайсан толгой хэмээн нэрлэх болжээ. Зайсан гэдэг нь Богдын их шавийн отгийн даргыг нэрлэдэг байна.
О.Эрдэнэбүрэн
Эх сурвалж: “Зуууны мэдээ”
URL: