Монголын Залуучуудын Холбооны 24 жилийн ой тохиож байна

10912431_754195121343369_561309897_o

1990-ээд онд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлт нь нийгмийг шинэ харилцаанд тохирсон залуучуудын хөдөлгөөний хэлбэр агуулгыг шаардах болсонтой уялдаж, МХЗЭ-ийн XX их хурлаар МХЗЭ-ийн бааз суурин дээр залуучуудыг үзэл бодолоор үл ялгаварлан нэгтгэх, Монголын залуучуудын хамгийн нийтлэг хүсэл зорилго эрх ашгийг илэрхийлэх Монголын залуучуудын шинэ байгууллага байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тухайн үеийн их хурлын төлөөлөгчид Монголын залуучуудын шинэ байгууллагыг байгуулах чуулганыг 1991 оны 1-р сарын 18-нд Улаанбаатар хотноо зохион байгуулан хуралдуулж Монголын Залуучуудын Холбоог байгуулжээ. МЗХ байгуулагдсан цагаас эхлэн С.Баярцогт /1991-1997/,  Ч.Сайханбилэг /1997-2003/, Ц.Зоригтбаатар /2003-2012/ удирдсан юм.

Аюушийн Мөнхбат /2012 оны 2-р сараас/ эхлэн өнөөг хүртэл МЗХ-ны  Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Энэ үе Монголын Залуучуудын Холбооны хувьд үйл ажиллагаа нь дахин сэргэж, идэвхижсэн үе гэж хэлж болно. Аюушийн Мөнхбат МЗХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш 2013 оныг “Оролцъё” уриан дор бүхий л ажлаа зохион байгуулж, 2012 оны 2-р сараас “Спирт үү, спорт уу”, “Авлигын эсрэг: би авахгүй, би өгөхгүй” аян, “Ажилтай орлоготой Монгол залуу” төсөл, хөтөлбөр, “Унадаг дугуйтай Улаанбаатар”, “Архигүй Монгол” сумын залуусыг архинаас гаргая, зэрэг төслүүдийг УИХ-д өргөн барьсан бөгөөд “Паркаа аваръяа” хөдөлгөөн,“Залуусаа сонгуульдаа идэвхитэй оролцьё” аян, мөн уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал,  “Залуу хүн” цуврал лекц,  “Цагаан уул” хайрын шүлгийн наадам зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулж байна. 2012 онд 8 жил завсарлаад байсан оны шилдэг залуу шалгаруулах “Next Stop” наадмыг сэргээн тэмдэглэж, мөн үндэсний их баяр наадмаар “Залуусын наадам”-ыг зохион байгуулсан юм. МЗХ-ны түүхэнд хамгийн олон аймгуудаар зочилж орон нутаг дахь чуулганыг зохион байгуулан шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагааг нь сэргээн идэвхижүүлсэн он болсон юм.

2014 он МЗХ амжилт дүүрэн үдэж зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуучуудынхаа төлөө шинэ бодлого, шинэ санаачлага дэвшүүлэн “ЗАЛУУСАА НЭГДЬЕ” уриан дор аймаг, дүүрэг, сум орон нутаг дахь залуусынхаа идэвх оролцоог нэмэгдүүлэн хамтран ажиллаж бодит үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлснээр Монголын залуучууд нэгдэж, бүтээж чаддаг гэдгээ харуулсан юм. Олон Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэн шинэ түвшинд гаргаж чадлаа. Үүний тод жишээ нь Дэлхийн Залуучуудын Ассемблейн 65 жилийн түүхэнд анх удаа  Монгол хүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож Монголын Залуучуудын Холбоо улс орноо Олон Улсад төлөөлөх чадвартай нөлөө бүхий байгууллага болохыг илтгэсэн юм. Залуучуудын хамтын амжилтаар МЗХ-ны нэр дэлхийд тодрон гарч, үүрэг хүлээх дэлхийн хэмжээний байгууллага болон тодорч, 2015 онд “Азийн Залуучуудын чуулган”-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах хүндтэй бөгөөд нэр төртэй эрхийг авсан юм.

2015 онд залуусаа “Бүтээе” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж, уламжлал болсон үйл ажиллагаанууд, 2012 оноос хойш хийж хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдээ үргэлжүүлэхээс гадна, сар бүрийг өөрийн нэршилтэй болгох, мөн Хариуцлагатай, Хошуучлагч, баян залуу бүрийн төлөө гэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах юм байна. 5-р сард “Азийн Залуучуудын чуулган”-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулах бөгөөд хууль зүйн шинэтгэлийн хүрээнд залуучуудын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, залуучуудын хууль сайн дурын ажилтны тухай хуулийн төсөл боловсруулах, залуучууд болон эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, Цэвэр уушиг сан төслийн аян, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах, цагийн ажлын талаар хуулийн төсөл боловсруулах гэсэн томоохон ажлуудыг хийх юм байна.

МЗХ Монголын залуучуудынхаа өмнө нээлттэй болоод зогсохгүй тэднийг идэвхижүүлэн, эх орныхоо ирээдүйн төлөө залуучуудын оролцоог нэмэгдүүлж чадсан үндэсний хэмжээний залуучуудын байгууллага юм.


URL:

Сэтгэгдэл бичих