Дэлхийн II дайнд оролцож явсан монгол тагнуулч

Монгол-Оросын ахмад дайчин, чөлөөнд байгаа хурандаа Цэндийн Алтангэрэлтэй уулзахаар Сансарт байрлах гэрт нь очсон юм. Тэрээр биднийг харснаа “Бас зургаа авахуулах юм уу. Тэгвэл жагсаалын хувцасаа өмсөнө өө гээд том өрөөнөөсөө нандигнаж хадгалсан хувцсаа гаргаж ирээд. “Алив миний хүү өвөөдөө өмсүүлээрэй. Хүнд байгаа биз. Уг нь ойн медалиудаа зүүгээгүй юм. Энэ жил Ялалтын 70 жилийн ой тохиож байгаа учраас ойрд энэ хувцасаа их  өмсөх бололтой” гээд нүүрэндээ баяр, бахдалын инээмсэглэл тодруулав. Орос, Монголын төрийн одон медаль гялалзуулсан жагсаалын хувцасны “жин” хүн төрөлхтний эрх чөлөө тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгт хувь нэмрээ оруулж, улс эх орныхоо төлөө хийсэн юмтай  энэ хүний хөдөлмөрийн багахан хэсгийг илтгэж байгаа ч үнэхээр сүрдмээр санагдаж байв.Түүний энгэрт сайн байлдсан торгон цэрэгт олгодог ОХУ-ын Гвардийн тэмдэг, Москвагийн хамгаалалтын төлөө медаль, Сталинградын тулалдааны 65 жилийн ойн медаль, Оросын холбооны ялалтын  30,40, 50, 60,70 жилийн медаль, Ахмад дайчны хүндэт тэмдэг гялалзаж байна. Харин Монголын төр засгаас олгосон одон тэмдгүүдийг ажвал Алтан гадас, ойн медалиудаас өөр дорвитой одон тэмдэг харагдсангүй.

1941 онд дэлхийн 61 орны нэг миллиард 700 сая хүн амыг хамарч, 40 улсын нутагт дайны гал дүрэлзэн, Ази Европ тивийг нөмөрсөн 1418 өдөр шөнө буюу 47 сар үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайнд Ц.Алтангэрэл хурандаа сайн дураараа оролцож, Орос цэргүүдтэй  мөр зэрэгцэн тулалдаж явсан байна. Тэрээр 1941 онд Москвад Эрчим хүчний дээд сургуульд суралцахаар очиж байжээ. Харин оюутан байх хугацаандаа тус улсыг хоёр сар тав хоног хамгаалж, 310 мянган куб метр шороон, 82 км танкын нүх, 1520 км урт ургаа модон бэхлэлт, 611 төмөр утсан тор зэргийг Вязмын чиглэлд барьж дуусгажээ.

Москвагийн хамгаалалтаас Баруун фронт хүртэл өвөл, зун, өдөр шөнийг ялгалгүй Германы фашистуудтай байлдаж явахдаа тэрээр 17-хон настай байжээ. Юмны учрыг гүйцэд таньж мэдээгүй балчир хүүхэд дайны гал руу орохдоо гэр бүл, сургуулийнхан гээд хэнд ч хэлээгүй гэнэ. Анх очоод онгоц эгнээгээр нисч бөмбөгдөхөд эхэндээ айдаг байсан ч сүүлдээ айхаа больсон гэнэ. Ийнхүү  өнөөдөр бидэнд  эрх чөлөөтэй сайхан амьдралыг амь насаа хайрлалгүй тэмцэж  явахдаа баруун мөрөндөө бууны шарх авсан удаатай. Энэ тухайгаа “Москва хотыг хамгаалах Рыжевск, Вяземск, Воховск, Брянск, Рүбежүүдэд тулалдаж Тула, Калинин, Калуга, Тарусу хотуудыг чөлөөлөх байлдаанд гар бие оролцож бололцоотой бүхнийг хийж явахдаа 1943 онд баруун мөрөндөө шарх авч сар гаруй цэргийн хээрийн эмнэлэгт эмчлүүлсэн. Тэгэхдээ Улаан армийн шархадсан дарга, цэргүүдэд цусаа өгч олон хүний амийг аварсан нь одоо ч үр хүүхэд, ач гуч нарын судсаар миний цус гүйж байгаа байх аа. Энэ дайн ЗХУ-ын 50 гаруй сая хүнийг үхэлд хүргэж олон сая эхнэр, хүүхдийг өнчрүүлсэн гамшиг байсан.Хэрэв энэ дайнд Улаан арми ялаагүй бол бид өнөөдөр энх амгалан, сурч боловсорч хөгжиж чадахгүй боолын боол болж дарлагдах байсан. Мөн 1945 оны чөлөөлөх дайнд японы милитаристуудын эсрэг зохих үүргээ гүйцэтгэсэн.

Би зөвхөн Орос, Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэм­цээгүй, хүн төрөлхтний эрх чөлөө тусгаар тогтнолыг хамгаалах хэрэгт хувь нэмрээ оруулсан хүн гэж боддог юм” гэж ярихад нүдэнд нь нулимс цийлэгнэв.

Хүйтэн дайны тэр он жилүүдийн хар дурсамж ахмад дайчны мөрийг шархдуулаад зогсоогүй сэтгэлийг нь  шархдуулжээ. Тэрээр эх орон, газар нутгийнхаа төлөө дайтаад зогсохгүй эмнэлэгт ажиллахаас гадна отрядад мэдээлэгч буюу тагнуулч байжээ. Түүнээс та олон хорлон сүйтгэгчдийг илрүүлсэн үү гэхэд “Бидний дунд Германы тагнуулч хорлон сүйтгэгчид байсан. Намайг тэднийг илрүүлэхэд дайчилсан. Хорлон сүйтгэгчид сум үйлдвэрлэдэг газар юмуу, цэргийн чухал обьектод орж гал гаргах зэргээр дайсанд дохио өгч бөмбөгдүүлдэг байлаа. Дотоод гадаадын олон ч хорлон сүйтгэгчдийг илрүүлсэн дээ. Овсгоо их шаардана. Онц бүрэн эрхт комиссын удирдлага дор ажилладаг учраас илрүүлбэл хуулийн дагуу шууд устгадаг. Тэр үед дайсны төв групп 1,8 сая цэрэг, 14000 гаруй их буу, 1700 танк, 1390 нисэх онгоцтой байсан” гэсэн юм.

Тэгээд шарх авч дайны сүүдрээс холдож 1943 онд Москвад ирэхэд сургуулиас нь хасчихсан байжээ. Тиймээс Элчин сайдтай уулзаж, дайнд оролцож явсан бичиг баримт, эмнэлэгт хэвтсэн бичгээ үзүүлээд сургуульдаа үргэлжлүүлэн суралцах эрхтэй болж байсан гэнэ. Харин  1946 онд сургуулиа төгсч ирээд I цахилгаан станцид ажиллаж байтал   Төв хорооны даалгавраар Цэргийн ерөнхий сургууль, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургуульд багшлах болсон байна. Ийнхүү 50 гаруй жил цэргийн ам бүлд багтаж, амьдралынхаа ихэнх хугацааг цэрэг, армитай холбож өнгөрүүлсэн тэрээр Хөдөлмөрийн баатар тав, Ардын цолтон дөрөв, Гавьяат 29, Төрийн соёрхолт зургаа, Генерал найм, Хурандаа 31 Онц бүрэн эрхт элчин сайд хоёр, Академич  хоёр, Шинжлэх ухааны доктор зургаа , шинжлэх ухаан боловсролын доктор 50, Төрийн сайд гурав, дэд сайд 15-ийг сурган хүмүүжүүлж явсан аугаа хүн юм.  Ахмад дайчин маань өнгөрсөн жил Москвад ялалтын түүхэн арга хэмжээнд уригдан оролцоод иржээ. Тэгэхдээ Москвагийн радио, телевизээр үг хэлсэн талаараа сонирхуулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Монгол хүн Огноо: 30 March 2015

Манайх л болсон хойно таг л биздээ .

Сэтгэгдэл бичих