Хэлмэрч хэрэггүй болох нь ээ
Миний хувьд амьдралдаа хэрэглэж үзэж байсан аппликейшнүүдээс хамгийн хэрэгтэй нь Word Lens мэт санагддаг. Нэг удаа татчихсан байхад ямар ч интернет сүлжээ ашиглахгүйгээр камерт харагдаж байгаа текстийг шууд орчуулна гэдэг гайхалтай хэрэг.
2010 оноос эхлэн хөгжүүлсэн энэ аппликейшнийг эзэмшигч Quest Visual компанийг технологийн акул Google худалдан авснаар хөгжил нь улам хурдасжээ. Гэхдээ Google зөвхөн үүнийг биш бичгийн болон ярианы хэлийг шууд хөрвүүлэх систем хөгжүүлж байна.
Тэдний үндсэн зорилго нь эхний ээлжид ухаалаг утсыг яг тухайн мөчид орчуулга хийх чадвартай болгох. Харин дараа нь зүүдэг технологид нэвтрүүлэхэд нэг их ядаад байх зүйл үгүй билээ.
Ялангуяа жуулчид хөтчийн шаардлагагүйгээр гадаад улс орнуудад аялдаг болох нь хамгийн эхний зорилт аж.
Google Translate хөгжсөөр өнөөдрийн байдлаар 90 хэлний чадамжтай болжээ. Эдгээр хэлнүүдийн хооронд шууд орчуулга хийх системд суурилан, Google ярианы болон бичгийн хэлийг илүү хурдан, чанартай орчуулдаг болж байна.
Өчигдрөөс эхлэн интернетэд байршуулсан Google Translate-ийн шинэ аппликейшн Андроид болон iOS үйлдлийн системтэй утаснууд дээр суух бөгөөд тэмдэг тэмдэглэгээ, хоолны жор, меню зэргийг шууд орчуулж чадна.
Эхний ээлжид энэ аппликейшн дээр Франц, Герман, Итали, Португали, Орос, Испани, Англи гэсэн долоон өөр хэлний сонголт байгаа ажээ. Харж байгаа зүйлээ камертаа харуулахад л таны утас танд юу гэж байгааг орчуулж өгнө. Ямар ч интернет, сүлжээ байх шаардлагагүй.
gogo.mn
Харин харилцан яриа орчуулах асуудал одоогоор бага зэрэг төвөгтэй байгаа. Гэхдээ л энэ аппликейшн өөртөө үүнийг агуулах төдийгүй интернеттэй орчинд хоёр өөр хэлээр ярьж байгаа хүмүүст хэлмэрчийн үүрэг гүйцэтгэнэ.
Энэхүү аппликейшн google-ийн орчуулгын сайт дээр байгаа бүх хэлээр бичгийн орчуулга хийж чадах бол 38 хэлээр аман орчуулга хийж чадах юм байна.
Аппликейшнийг татах линк: Google play, AppStore
URL: