Өрийн хэмжээг 60 хувиас хэтрүүлэхгүй байхыг дэмжлээ

chuulganУИХ-ын чуулганы хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг парламент өмнө нь хоёр удаа хэлэлцсэн ч, унагасан. Энэ удаа гуравдахь удаагаа хэлэлцэж байгаа нь энэ юм. Шинэчлэлийн Засгийн газар ард түмэндээ худлаа хэлдэг байсан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлж байлаа. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг дэмжиж байна. Төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Иймд уг хуульд өөрчлөлт оруулах ёстой. Өрийн таазын асуудлыг статик байдлаар нь ойлгох хэрэггүй. Динамик байдлаар нь ойлгох хэрэгтэй. Ингэж л явахгүй болохгүй. ДНБ-ий өсөлтийн үйлдвэрлэлийг хангах байдлаар зээл нь өгөөжөө өгдөг байх ёстой гэж л бодож байна. Өрийн удирдлагын тухай хуулиар л бидний маргаад байгаа энэ бүх асуудлыг шийднэ. Боломж гарч ирээд зайлшгүй ашигтай ДНБ-ий өсөлтийг нэмэгдүүлэх төсөл байвал зээл авч магадгүй. Энэ чинь зөв шүү дээ. Түүнээс биш өрийн тааз гэдэг тийм чухал биш” гэлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор дэмжиж баталдаг. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн. Харин чуулганы хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг гишүүдийн олонхи дэмжлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ДНБ-д улсын нийт өрийн эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах заалт тусгасан. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан өрийн тусгай шаардлагын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 оны төсвийн жилд 60 хувиас, 2016 оны төсвийн жилд 55 хувиас, 2017 оны төсвийн жилд 50 хувиас, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна гэж нарийвчлан зааж өгөөд байгаа юм.

Ц.Гэрэл /ULS.MN/


URL:

Сэтгэгдэл бичих