МАН-ын бүлгийн гишүүд унааны зардлаасаа татгалзлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ж.Батсуурь, Д.Дэмбэрэл нар мэдээлэл өглөө.
УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засгийн хямралыг даван туулах асуудлыг цогц байдлаар авч үзэх шаардлагатай гэж үзлээ. МАН-ын бүлэг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг хүндэрч байгааг эрх баригчдад сануулж яаралтай арга хэмжээ авахыг шаардсаар ирсэн. Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар үл тоомсорлож, бодит үнэнийг нууж ирсэн. Үүний уршгаар эдийн засаг төсөөлж байснаас ч илүү өвчилснийг илтгэх тоо баримтууд МАН засагт орсноор ил болж, цаг алдалгүй дараагийн алхмыг авах шаардлага үүслээ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцлов. Нэгэнт нүүрлэсэн хямралыг зөвхөн 2015 оны төсвийн тодотголын хүрээнд шийдэх боломжгүй учир эдийн засагт онцгой, стандарт бус арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болсныг тэрээр мэдэгдлээ. Тиймээс МАН-ын бүлэг эдийн засгийн хямралыг даван туулах санал боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа. Хямралыг даван туулах богино хугацааны төлөвлөгөө боловсруулж УИХ-аар батлуулах шаардлагыг шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт удаа дараа тавьж байгаа ч энэ ажил удаашралтай явагдаж байгаа учраас МАН-ын бүлэг ийм шийдвэр гаргажээ.
Мөн МАН-ын бүлгийн 26 гишүүн унааны зардлаасаа татгалзаж, хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэх уриалга гаргаснаа энэ үеэр мэдэгдлээ. Энэхүү уриалгыг УИХ-ын 76 гишүүн дэмжвэл нийтдээ 600 гаруй сая төгрөгийг төсвийн зардлаас танах боломж бүрдэх юм байна. Засгийн газар хүүхдийн мөнгийг ялгавартай олгох, одонтой эхчүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мөнгөн тэтгэмжийг танах, цалин тэтгэврийг нэмэхгүй байх саналыг төсвийн тодотголоор оруулж ирсэн. Харин МАН-ын бүлэг цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгө, одонтой эхчүүд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мөнгөн тэтгэмжийг танаж хасахгүй олгох ёстой гэсэн өмнөх байр суурин дээрээ одоо ч гэсэн хатуу зогсож буйгаа мэдэгдэв. Эдийн засгийн хямралыг ард түмний түрийвчнээс төлүүлэх бус зардлаа танах байдлаар “хэмнэлтийн горимд” орох ёстой. Ингэхдээ баялаг бүтээгчид, ард иргэдийн нуруун дээрх татварын ачааллыг нэмэгдүүлж болохгүй гэж МАН-ын бүлэг үзэж байна.
МАН-ын бүлгийн хувьд өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурийг анхнаасаа баримталж байсан. АН-тай хамтран ажиллах гэрээнд ч энэ тухай тохиролцсон. Уг байр сууриа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн таазыг 70 хувьд хүргэх хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад дахин нотолж, Засгийн газарт хуулийн төслийг буцаасан юм. Одоогийн байдлаар өрийн босго 58.2 хувьд хүрч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн байна. Өмнөх Засгийн газар хууль зөрчиж өрийн босгыг энэ хэмжээнд хүргэснээ ард түмнээсээ нууж ирсэн. Иймд хуульд заасан хязгаараас хэдийнэ давсан өрийн босгыг бодит төвшинд нь тогтоон хуулийн зөрчлийг арилгах, улсын өрийн хэмжээг үе шаттай бууруулах ёстой гэдэгт санал нэгдэв. Мөн
- энэ чиглэлээр хяналт шалгалт явуулах
- өр зээлтэй холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод болгох
- өрийн дээд хязгаарыг байх ёстой зохист хэмжээнээс дур мэдэн хэтрүүлж хууль зөрчсөн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай гэж үзлээ.
Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвөөс гадуур зарцуулсан Хөгжлийн банкны хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан байна. УИХ-ын хараа хяналтаас гадуур зарцуулагдаж байгаа “Чингис”, “Самурай” бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийх, юунд ямар үр дүнтэй зарцуулсан бодит мэдээллийг ард иргэдэд хүргэх ёстой, эдийн засгийн өнөөгийн байдалд бодит дүн шинжилгээ хийж дараагийн алхмуудыг тодорхойлох ёстой гэсэн байр суурийг МАН-ын бүлэг сүүлийн хоёр жилийн турш илэрхийлж байсан юм.
URL: