“СОНГУУЛЬТАЙ” НААДМУУД
Олон тэгш ой тохиосон наадам vргэлжилсээр. 2220, 805, 100, 90 гэсэн тvvхэн ойг нэлээн хэдэн аймаг 80 жилээрээ тvvчээлэхээр бэлдэж байна. Зөвхөн 80 гэлтгvй 70, 50 гэсэн тэгш ой тохиож буй аймгууд ч бий. Мөн тэгш бус ч гэсэн аймгийнхаа ойг тэмдэглэхээр зэхээд завгvй. Улаанбаатараас эхлэлтэй энэ жилийн наадам нvvдэллэж, аймгууд, сумдад “халдварлаад” байгаа. Ерөнхийдөө энэ зунжин найрлаж, наадамлах нь монголчууд. Нөгөө талаас ирэх жилийн сонгуулийн бэлтгэлээ базааж, аймаг орон нутгийнхаа олонд танигдахыг хичээх хvмvvсийн наадам ч гэж хэлж болно.
Дорнод, Сэлэнгэ, Ховд, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл аймаг 80 насны баяраа хийх юм. Мэдээж аймгууд 80 жилийн ойн наадмаа сvр дуулиантай хийж өнгөрvvлэх нь ойлгомжтой. Ингэхийн тулд мөнгөндөө багтаасан бус харин ч бусдад гайхуулсан шигээ элбэг дэлбэг наадахыг хичээж буй. Иймээс аймгууд хандив цуглуулах их аянд морджээ. Нутгаасаа төрөн гарсан алдартан, бизнесмэнvvд, томоохон компаниудаас тодорхой хэмжээний мөнгө татаж байгаа аж. Тухайлбал, Дорнод гэхэд “Аймаг хөгжvvлэх сан” –д компаниудыг ажилчдынхаа нэг өдрийн цалинг хандивлахыг vvрэгджээ. Дээр нь ирэх жилийн сонгуулийн сунгаанд уралдаж буй эрхмvvд чамгvй хэмжээгээр цацаж байгаа гэнэ. Намынхаа шинэ ордонд нэг тэрбум төгрөг хандивласан энэ нутгийн гэх бизнесмэн бол нутагтаа жинхэнэ хөрөнгө оруулалт хийх нь мэдээж. Ямар ч байсан зvvн хязгаарт 28-30-нд энэхvv ойгоо нижгэр тэмдэглэхээр болжээ. Зvvн бvсийн даншиг наадам мөн Дорнодод болно. Наадмын бай шагналууд өндөр гэж дуулдана билээ.
Сэлэнгэ аймаг гэхэд сумд болон орон нутагт нь vйл ажиллагаа явуулдаг компаниудыг ойдоо хандив өргөх даалгавар өгчээ. “Эрдэс” групп гэхэд 80 жилийн ойд зориулж 20 сая төгрөг хандивласан байна. Ямар ч байсан сум бvрээ 17 саяаас дээш төгрөг ойдоо нэмэрлэх vvрэг өгсөн аж. Тэгэхээр 17 сумтай Сэлэнгийн 80 жилийн ойн төсөв нэлээд өндөр гарч байгаа бололтой. Энэ сарын 23-24-нд болох наадамд эл нутгаас сонгогдсон хvндэт зочдын тоо чамгvй олон байгаа гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зуны өргөн дэлгэр наадмуудын аль нэгэнд оролцохгvй юм байна. УИХ-ын дарга өөрийн тойрог болоод төрсөн нутаг Ховдынхоо 80 жилийн ойд уригджээ. Тэрээр энэ сарын 28-30-нд болох энэхvv ойд оролцох аж. Ерөнхий сайдын хувьд 50 жилийн ойн тохиож буй Дархан-Уул аймаг, 70 жилээ тэмдэглэх Дундговь, 80 жилийн ой нь болж байгаа Сэлэнгэ аймагт очих юм байна.
Ерөнхийдөө ирэх баасан гариг буюу 22-ноос эхлээд энэ сарыг дуустал нийслэлээс бусад суурин газрууд наадамчдын хөлд дарагдах нь. Энэ олон аймгаас сонгогдсон тvшээд нутгаа зорьж, сайд, дэд сайд нар ч мөн наадам хэсч өнгөрvvлэх нь бололтой. Тэднээс гадна 2012 оны сонгуульд хvчээ vзэх сонирхолтой хэнбэ гуай ч болов энэ боломжийг ашиглаж, орон нутагт ажиллаж, ашиглаад авах нь мэдээж. Нэр дэвшихийг горилогсод зөвхөн аймгийн ойг бус сумдын ойг хvртэл анаж, ямар нэг шагнал бодож олчихоод хэнд өгөхөө мэдэхгvй бужигнаад тоологдохгvй нь. Тvvнийх нь хэрээр орон нутгийн наадмын ханш өдий төдийгөөр өсчээ. Зарим аймгийн наадмын төсөв тэрбум төгрөг хvрсэн гэнэ. Овсгоотой Засаг даргатай зарим аймаг ойг угтсан бvтээлч ажил энэ тэр гээд чамгvй зvйл хийсэн байна билээ. Дөрвөн жилдээ олдохгvй тэр их мөнгийг хий дэмий тансаглахгvй байх гэж найдъя. Өмнө нь тарчигдуухан болдог байсан аймаг, сумдын наадам энэ жил мөнгөө хахаж цацсан тансаг болох нь дээ. Яагаад гэвэл энэ чинь тэгш ойтой бас сонгуулийн өмнөх наадам шvv дээ.
URL: